Эр нөхрөө хайрлахуйн хатан ухаан

11:00 AM

Гэр бүлийн эр эм улсуудын харилцаанд амьдрал дээр анхаарахад илүүдэхгүй хэд хэдэн зүйл байдаг. Хэрэв нөхөр чинь та нарт халамжтай, хос хоёр эв найртай байвал айл гэрийн жаргал тэр билээ. Айл гэрийн аз жаргалтай амьдрал гэдэг эхнэр хүн эр нөхөртэйгээ харьцах урлагаас ихээхэн шалтгаална. Хүнийг өөрөө хайрлаж чадахгүй байж хүнээс хайр бүү нэх. Өрхийн минь тэргүүн, хүүхдийн минь эцэг хэмээн хүндлэн цай идээнийхээ дээжийг барьж хүндэтгэн, өмссөн хувцас өнгө үзэмжинд нь үргэлж санаа тавьж өөд татаж чадсанаараа нөхрийн хайр хүндэтгэлийг хүлээнэ.

“Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус л дийлдэг” гэсэн ардын мэргэн үгийг санаж, нөхрийнхөө аливаа эндэл осол явдлыг уурлаж уцаарлаж, сайн муу үгээр хэлж засдаггүй юм. Энэ үед эхнэр хүн ухааны урыг гаргаж, энэ байдлаас гаргах эвтэй үгийг олж хэлж, эв эе харилцан хүндлэлээр гэр бүлийн харилцаагаа аз жаргалтай болгодог.

Эхнэр хүн, ээж хүн хүүхдүүдийнхээ дэргэд эр нөхрөө харааж зүхэж, бүдүүлэг муухай үгээр бүү хэл. Эцэг хүн бол хүүхдүүдийнхээ хувьд шүтэх шүтээн нь байдаг. Хүүхэд чинь эцгээ хүндэтгэх тэр хэмжээгээр зөв хүмүүжлийг өөртөө төлөвшүүлдэг. Мөн түүнчлэн зочид гэрийн эзний нэрээр орж, эзэгтэйн нэрээр гардаг гэж зүйр үг ч байдаг. Зан ааш сайтай сайхан эзэгтэйтэй айлд хүн зочлох дуртай тэр хэрээр тухайн айл гэрийн эзний нэр хүнд өндөр байдаг байсан уламжлал монголчуудын дунд байдаг.

Бусад хүмүүсийн дэргэд эр нөхөртэйгээ хүндэтгэлтэй харьц. Үг хэл, үйл хөдлөлөөрөө би үүнийг мэднэ гэх зан гаргавал энэ хүүхэн нөхрөө захирсан “мэдэлтэй” авгай гэж магтахаасаа “нөхөртөө дээрэлхүү хүүхэн” гэж муу хэлдгийг санаарай. Нөхрийгөө уурлах үед уурлах юм бол гал дээр тос нэмсэнтэй адил болно. Уурласан хүмүүсийн дундаас ухаалаг шийд гардаггүй юм. Харин нөхөртөө тэр цагт хэлэх гэсэн үгээ эв найртай үедээ ингэх нь дээр байсан гэх мэтээр зөвлөж чадвал нөхөртөө өөрийн санасныг ойлгуулж, аливаа зүйл санаснаар чинь бүтэх болно.

Эр хүн туг ч барина тугал ч хариулна гэж үг байдаг. Эр нөхрийн амжилттай сайн явах эхнэр хүнээс шууд хамааралтай. Ажил үйлс нь бүтэмжгүй сэтгэл санаа гундуу явахад нь урмын сайхан үгээр ханиа ивээж тэтгэнэ гэдэг эхнэр хүний бас нэг эрдэм чадал юм. Эр хүнийг зоригжуулж хажууд нь бат түшигтэй хань нь байх хамтын амьдралд чухал зүйлийн нэг. Алдаж эндсэн үед нь хатуу муу үгээр ханиа хэлж улам сэтгэл санааг нь доош нь орууллаа гээд сайн сайхан зүйлд хүргэхгүй. Түүний оронд сэтгэлийг нь засах ухаалаг үгс таны зөвлөгөө түүнд ус агаар шиг хэрэгтэй байдаг. Мөн ажил үйлс нь өндөрт байж хөөрч, давилуун ааш гаргасан үед нь эхнэр хүн зөв сайхан явах талаар хамгийн ойр дотны хүний үнэтэй сургамжаа хуваалцдаг байх ёстой. Эр хүнийг амжилттай явахад муу сайн нөхөд олон болдог. Энэ утгаараа хүн чанар муутай муу хүмүүсийн худлаа хоосон магтаалд толгой эргэх буруу зүйл хийж хазгай гишгэхэд эхнэр хүн соргог мэдрэмжтэй байж эр нөхрөө ухааруулж ойлгуулах ёстой. Манай хүчирхэг хаадын хатад нь хүчирхэг ухаалаг байсны ачаар нэгэн цагт бид дэлхийн талыг эзэлж явсан нь энэхүү гэр бүлийн харилцаан дахь эхнэр хүний хатан ухаантай нэг талаар холбоотой билээ.

Хадмуудаа халамжилж хайрыг нь хүлээгээрэй. Чиний хайртай хүнийг, нөхрийг чинь төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн тэр хүмүүст талархалтай ханд. Ажаад байхад манай Монголд “хадам бэрийн” зөрчил маргаан их байдаг. Үүнийг харин эхнэр хүний ухааны ураар зохицуулж болдог юм шүү. Нөхрийн чинь хувьд ертөнц дээр хамгийн их хүндэтгэж явдаг тэр хүмүүсийг нь хэзээ ч муу муухайгаар бүү хэл. Муу бүү сана. Сайн санааны үзүүрт тос гэдэг шиг эхнэр хүн хадмууддаа хүндэтгэлтэй хандвал эргээд чамайг гэх хүндлэл ирж л таарна. 

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл