АЛГАНЫ ХЭЭ романы хавтасны зургийн тухай

2:28 PM


“Алганы хээ” романы минь хавтасны зургийг маань хараад ном маань хүний амьдрал хувь заяаны тухай өгүүлнэ гэдгийг уншигчид маань шууд гадарлаж буй бизээ. Уг зургийг зураач дүү Д.Оюундарь гэж мэдрэмжтэй авьяастай бүсгүй урласан юм. Учрал ерөөлөөр заяа төөргөөр учирсан хосуудыг алганы хээнд багтсан үрээ тэвэрсэн энхрий бүсгүй түүний дээр байгаа тагтаагаар төлөөлүүлсэн. Чухам тагтаа дэргэд нь байхгүй яагаад дээш хөөрчихөв. Бас л заяа төөргөөс болж тэднээсээ хагацсан хэрэг. Гарын алга үйл явдлыг багтаасан цайвар өнгийн дөрвөлжин дүрс хүний амьдралын оршихуйн хил хязгаарыг өгүүлж буйг та бүхэн ажиглан тайлж суугаа бизээ. Уншигчиддаа доорх өгүүлэмжээр дамжуулж “Алганы хээ” романыхаа хүний хувь заяа амьдралын тухай хүргэх гэсэн гол санаагаа гаргахыг зорилоо. 

...Хүн бүрийн алганы хээ өөр, өөр байдаг. Алганы хээ нь яг ижилхэн хүмүүс энэ ертөнцөд байхгүй. Түүнтэй адилхан яг ижилхэн амьдралтай хүмүүс ч энэ ертөнцөд үгүй. Чамайг дөнгөж хорвоод мэндлэхэд бяцхан гар дээр чинь амьдралын гол шугамыг харуулсан хэдхэн хээ дурайж байдаг. Төрөхдөө хүн өвөг дээдэс, эх эцгийн зам мөрийг өвлөж төрнө. Тэр зам мөр чиний бяцхан алган дээр хэдхэн зураасаар зурагдан тодорсон байна. Гэхдээ тэр зураасуудыг үргэлжлүүлж хааш нь зурах вэ гэдэг бүхэл насан туршид чинь зөвхөн чамаас шалтгаална. Товчоор хэлбэл чи алганы хээгээ эцэг эхээс өвлүүлсэн хувь заяаны хэдэн гол шугамаас салаалуулан хэрхэн урлах вэ гэдэг эзэн биеэс, өөрөөс чинь хамаарна гэсэн үг. Хүн амьдралыг туулах явцдаа алганы хээгээ өөрөө урладаг юм шүү дээ. Өтөл насанд алганы хээнд чинь өдий төдий олон зураас үүсэн тодорсон байна. Тэр олон зураас хээ нэг бүр чиний туулсан амьдралын зам мөрийг гэрчлэх бөгөөд тэдгээр зураасууд чиний үр удмын чинь алганы хээ дээр ул мөрөө үлдээж өвлөгдөн зурагдамуй...

New Call-to-action

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл