Алганы хээ романы хэсгээс

10:20 PM

Алганы хээ роман маань түрүүчийн хоёр номыг маань бодоход бүх насны хүмүүс, зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдийн сонирхол татахуйц ном болсон гэдэгт би итгэлтэй байгаа. Сэдэв агуулга бүхэлдээ Монголын нийгмийн шилжилтийн үеийн 90-ээд оны үйл явдлууд тэр үеийн оюун сэтгэлгээ, нийгэм эдийн засгийн өөрчлөлт дээр тулгуурласан тул баялаг агууламжтай болсон болов уу гэж найднам. Бидний хүүхэд насаа өнгөрүүлсэн социализмыг ч бага ч атугай “чимхээд” авахыг хичээсэн. Мэдээж номонд маань хайр сэтгэл, адал явдал тэр ч бүү хэл, улс төр гэмт хэрэг ч багтаж байгаа. Би улс төрөөс ангид амьдардаг нэгэн ч бүхэл бүтэн нийгмийн шилжилт болж асан 90-ээд оныг ардчилсан хөдөлгөөн, улс төргүйгээр яаж ч дүрслэх билээ дээ.

...Хос сүнсний учирлаар учирж сэтгэл зүрхнээсээ бие биедээ хайртай хүмүүс хол байсан ч нэг нэгнийгээ мэдэрдэг гэдэг. Тамираа Энхбатыг дуудан сэрээх шиг болов. Түүнийг эхнэрийнх нь эелдэг хэрнээ айж түгшсэн харц салахгүй урдаас нь ширтээд ч байх шиг. Гэнэт хажууд нь хүмүүс хяхтнасан саарал хоолойгоор шивнэлдэх нь сонсогдлоо. “Нөгөө нөхөр яав? Гүйцээчихлээ. Зүрх нь зогссон байна. Харин үүнийг яах вэ? Ингээд нойрсож л байг. Дорж дарга ингээд орхичих гэсэн. Удахгүй гавлуулаад шоронгийн хаалга татсан ч юу болсноо ухаарч чадахгүй биз” гэж архан талд нь хүмүүс ярилцах аж. Энхбатын толгой дүүрэн ухаан санаа нь орон гаран байх ч, “гүйцээчихлээ, зүрх нь зогссон, шоронгийн хаалга татах” гэх мэт этгээд үгнүүдийг шүүрэн авч хар зөнгөөрөө аюул занал өөрийг нь нөмрөн буйг мэдэрч эхлэв. Түүний ард шивнэлдэн ярилцсан хоёрын зүс царай үл харагдсан ч нэг нь лав Насаа байх шиг байв. Нүдээ үл мэдэг нээн зовхин доогуураа болгоомжтой харвал өөрөө шалан дээр хажуулдан хэвтэх агаад түүний урьд ханын тавиурын хөлнөөс өөр юу ч харагдсангүй. Энхбат “Би хаана байна. Энэ одоо юу болоод байна” гэх ухамсарт бодол толгойд нь орж ирмэгц хаалга хаагдах чимээ ард нь дуулдаж тэгээд цааш чимээ тасарлаа. Хэсэг зуур хөдлөх ч чадалгүй хаана байгаагаа санах гэж оролддон нам хэвтэв. Нээрээ тийм л дээ Дорж даргын уулз гэсэн хүнтэй уулзахаар түүний гэр бололтой энэ газарт ирсэн нь мөн байна гэж санахтай зэрэгцэн дэн дун ухаан нь эгшин зуурт эргэн саруулжив. Гэвч учир битүүлэг аймшигтай шивнээ яриа сонссон нь бас л зүүд мэт бодогдоно. Тэрээр аажмаар тун болгоомжтой гар хөлөө хөдөлгөн өндийлөө. Хөл гар нь хөшиж янгинаад хүний мэт болжээ. Тасалгааны нөгөө буланд хэн нэгэн гулдайн хэвтэх аж. Энхбат ухасхийн босох гэтэл толгой нь дүйрээд босч чадалгүй шургачин унав...

New Call-to-action

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл