Алганы хээ романы хайрын мөчүүдээс...

12:48 PM


Алганы хээ роман маань шилжилтийн үеийн 90-ээд оны үйл явдлууд дээр тулгуурласан тул баялаг агууламжтай болсон болов уу гэж найднам. Мэдээж номонд маань хайрын тухай өгүүлнэ

...Тэр бүжигт тийм ч сайн биш бололтой. Гэхдээ л Тамираад өөрийг нь түрэмгий чанга гараар залан бүжсэн залуустай биш Энхбаттай л дахин дахин бүжиглэх хүсэл төрөв. Тэр түүнийг ямар нэг эмзэг нандин зүйлийг хагалчих вий гэсэн шиг гар нь бэлхүүсэнд нь хүрч ядан түүнийг зөөлхөн тэврэн бүжиглэв. Эхний бүжгийн дараа Энхбат нүүр хагарсан бололтой дахиад Тамирааг бүжгэнд урьж, тэд үдэшлэг дуусан дуустал хамт бүжиглэжээ. Тэр үед залуусын ихэд дурлан сонсдог Тамираагийн ч дуртай Лионел Ричигийн “Hello” гэдэг дууны ая таарч тэд удтал ганхан бүжсэн нь хэн хэнд нь онцгой мэдрэмж төрүүлжээ. Энхбатын халуу төөнөсөн гар Тамираагийн бэлхүүсээр тэвэрч хацарт нь хацраа наан тэд алгуурхан ганхан бүжиглэв. Тэгэхэд Тамираагийн чихэнд зөвхөн хөгжмийн аялгуу эгшиглэх нь сонсогдож хажуу дэргэд нь байгаа өөр бусад юмс огт хамаагүй мэт санагдана. Тэр халуун дулаан илч төөнөсөн энэ залуу руу өөрөө дууны аялгуутай хамт уусаад шингэчих шиг болов.  Гэртээ хариад унтахаар хэвтэж байхдаа Энхбат өөрийг нь хэрхэн тэврэн бүжиглэсэн, тэр түүнийг хэрхэн ширтэж байсныг бодсоор байв. Анхны харцаар хүнд дурладаг гэдгийг Тамираа урьд нь номноос л уншиж байсан ч ингэж биеэрээ мэдэрч огт үзээгүй билээ.  

Мөн тэр мөчид Тамираагийн чихэнд Лионел Ричигийн  
I've been alone with you
Inside my mind…
..........Hello! гэх дуу тасралтгүй эгшиглэсээр байлаа. Тамираа аз жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулаад нойрсож эхлэв...

...Чин сэтгэлийн хайр сэтгэл сэвтэх булингартахдаа ч амархан байдаг. Хүн хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурласан үедээ гомдож тунирхан эмзэг болдог. Эмзэг болсон хүн саруул ухаанаар биш сэтгэл хөдлөлөөсөө болж болчимгүй алхам хийдэг. Ялангуяа бардам зантай, шартай бүсгүй хүний хайр сэтгэлийн гомдол ингэж л өөрийнхөө болоод хайртай хүнийхээ зүрхийг шархлуулж дуусдаг аж. Хайр агуу ч тунирхал, үзэн ядалт болохоороо утга учраа алдаж зүрхийг ингэж зүсэж шархлуулдаг ажээ...

...Энхбат Гэрэлгуатай болзсон газраа уулзаад сууж байхдаа түүний цонхийсон царай турснаасаа болоод улам ч том болсон дүрлэгэр нүдийг нь өрөвдөнгүй ширтэв. Гэрэлгуа харин нөгөө гэрэл цацруулах мэт үе үе инээмсэглэхээ яагаад ч юм гээж орхисон уу гэлтэй. Түргэн түргэн урсган ярьдагаа ч больж тэр цаанаа л нэг бодлогоширонгуй болжээ. Урьд нь цовоо цолгин зангаараа харцанд нь сүүмэлздэг уйтгар гунигаа нуух мэт байсан бол харин түүний урьд өмнө нь чадмаг нууж асан тэрхүү уй гуниг одоо царайд нь илхэн тодорч иржээ. Түүний энэ өөрчлөлтийг Энхбат хараад л мэдсэн ч юуны учир энэ бүсгүй зуны энэ хэдхэн сард ингэтлээ гундсаны учрыг түүнээс асууя гэвч зүрх хүрсэнгүй. Бүсгүй хүнийг дэмий биедээ дасгаад гэж бодохтой зэрэг тэр үүнээс хойш Гэрэлгуатай уулзахаа нэн даруй болих нь зөв юм байна гэж хатуу шийдэв. Гэвч яаж хэрхэн түүнд ойлгуулах аргаа эс олжээ. Тэд салж явах болж Гэрэлгуа галт тэргэнд суухаар эсрэг зүгт алхав. Галт тэрэгний буудал хүртэл багагүй зайтай. Энхбат түүнийг буудал дөхүүлээд өгье гэсэн ч тэр зөвшөөрсөнгүй. Оройжин таг дүнсийн, харцнаас нь нүүр буруулж суусан Энхбатаас тэр бүсгүй бүх учрыг гадарлаа биз. Тэр “Баяртай” гэж хэлэхдээ хариугүй уйлах нь уу гэмээр болсон ч нулимсаар дүүрсэн нүдээ Энхбатад харуулахыг хүсээгүй бололтой төдхөнөө нүүр буруулж цааш эргэн алхлаа. Оройн нарны жаргах туяа Гэрэлгуагийн үл мэдэг улаавтар шаргал үсэн дээр тунарчээ. Наран эсрэг зүг явж буй бүсгүйг Энхбат ийнхүү араас нь ширтсээр хоцров. Хэдий түүнийг араас нь харж байвч бүсгүй одоо бөөн бөөн нулимс дуслуулан уйлж явааг түүний доош гудайсан толгойг ширтэн байхдаа Энхбат гадарлаж шүүрс алдлаа. Бүсгүйн гоолиг биеийн галбир нь нүднийх нь өмнө тодрон байснаа сүүлдээ нарийхан босоо зураас болоод нарны туяанд шингэх мэт алга болов. Энхбатад тэгэхэд яг үнэндээ Гэрэлгуагийн араас гүйж очоод гуниг харуусал дүүрсэн хөөрхөн нүдийг нь, халуу шатсан улаахан уруулыг нь үнсэн таалж аргадмаар байсан ч тэр байрнаасаа хөдөлж урагш алхаж зүрхэлсэнгүй. Яг л тэндээ зоогдсон мэт зогссоор байлаа... 
 
New Call-to-action

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл