Орхан Памукийн “Цас” романы тухай сэтгэгдэл

3:32 PM


Дэлхий ертөнц Лалынхан, Барууныхан гэж хоёр тал болж байлдах шахаж буй энэ цаг үед Туркийн алдарт зохиолч Нобелийн шагналт Орхан Памукийн Цас романыг би яг л цаг үеийг нь олоод уншчихлаа гэж ихэд олзуурхан сууна. Гол баатар Түрэг яруу найрагч Ка гуай Германд олон жилийн туршид цагаачлан амьдарч байгаад эх орондоо эхийнхээ оршуулганд оролцохоор эргэн ирж буйгаар зохиол эхэлнэ. Тэрээр өөрийгөө барууны шашингүйн үзэлтэн гэж үзэх боловч төрөлх хот, ядуу бүдүүлгийн туйл болсон газар Карс гэх хотдоо ирээд эгэл жирийн тосгоны амьдрал, шашинд чин сэтгэлээсээ итгэгчидтэй уулзах явцдаа бурхны сургаалийн үнэн мөнд сэтгэл зүрхээрээ татагдаж эхэлнэ. Ка гуай надаас арай ахимаг насны эрэгтэй хүн ч түүний дотоод ертөнц сэтгэл зүрх яах аргагүй олон талаараа миний дотоод ертөнцтэй адил санагдаж сэтгэл ихэд догдлон уншлаа. Тэр Франкфуртад арваад жил амьдарсан ч тэнд байхдаа нэг ч олигтой зохиол бүтээл шүлэг бичээгүй. Гэтэл тэрээр юуны учир төөрч будилсан мэт боловч эгэл үнэн амьдралтай хөдөөгийн төрөлх хотдоо ирээд чухам яагаад гэнэт онгод нь хөглөгдөж нэг өдөрт хоёр ч сайхан шүлэг бичих болов. Би ч мөн Стокгольмд өнгөрүүлсэн он жилүүдийг сайхнаар дурсдаг ч тэнд байхдаа мөн адил олигтой зүйл бичиж үзээгүй юмдаг. Хэргийн учир нь хангалуун тансаг ч сэтгэл зүрхний гүнд надад бол харийн өнгөгүй саарал санагдах тэр газар намайг онгодоор огтхон ч хөглөж чаддаггүй байсанд оршиж байсан бизээ. Өөрийн дотоод сэтгэлгээнд үнэнч хүний харийн нутагт нүүр тулдаг зовлон шаналалыг сайн мэдэх хүний хувьд зохиолын баатрын дотоод сэтгэлийн шаналал зөрчлийг энэхүү Цас романыг уншихдаа эс ширхэг бүрээрээ мэдрэв, ингэж ч мэдрүүлэхээр Орхан Памук бичжээ.  

Нэг талаас барууны ертөнцийн амьдрал хэв маягийг дагагчид нөгөө талаас уламжлалт соёл заншлаа барих хуучинсаг сэтгэлгээний зөрчил тэмцлийн золиос болсон өнөөгийн Турк орон ард олны сэтгэлгээ түүнд шаналан зовж буй зохиолчийн шаналал энэ номд гүн гүнзгий шингэжээ. Гэхдээ зохиолч энэ хоёр туйлын алийг нь ч зөвтгөсөнгүй, дэмжсэнгүй аль нэг талд нь орж өөрийн үзэл бодлоо уншигчдад тулгасангүй. Харин шашны экстримистүүд ч тэр барууны үзэлтнүүдийг ч тэр яг өөр өөрийнх нь өнцгөөс харуулсан зохиолчийн уран чадвар ур ухааныг бишрэхгүй байхын аргагүй.  Ка найрагч түүний уулзаж буй эгэл жирийн бурхан шашнаа хүндэлдэг ардууд, бурхны сургаальд чин сүсэгтэй болон төлөвшиж буй залуу охид хөвгүүд, шашингүйн үзэлт багш нар, дарга албан тушаалтнууд, улс төрийнхөн, мөн шашны экстримистүүд гээд бүгд л аль аль нь эцэст нь бүгдээрээ л хүмүүс, хэний ч үзэл бодол өөрт нь зөв байдаг харин бусдад энэ бүхнээ тулгах, нүгэл үйлдэхгүй жинхэнэ бурхны сургаалийг огоорохгүй л амьдарч байвал амьдрал будран орох цас лугаа сайхан гэдгийг л зохиолч харуулахыг зорьжээ. 

Би урьд нь хижааб буюу алчуур зүүсэн муслим эмэгтэйчүүдийг хэзээ ч тэдний өнцгөөс харж дотоод ертөнц рүү нь ингэтлээ өнгийж байсангүй тэр боломжийг харин Орхан Памук надад олголоо. Коран судар, шашныхаа сургаальд чин үнэнч хижааб алчуураа зүүж заншсан муслим эмэгтэй хүний хувьд алчуур зүүхгүй байна гэдэг нь бид гадуур хувцасаа тайлаад дотуур хувцастайгаа олны нүдэн дээр гарахтай л агаар нэгэн хэрэг болдог гэдгийг тун ч сайн ойлгож мэдэрлээ. Мөн нөгөөтэйгүүр энэ алчуур мэтхэнийг зүгээр л цэвэр шашин үзэл бодлын мөргөлдөөн болгон ашиглах улс төрийн зорилготон ч энэ алчууртнуудын армид бас багтаж байдаг ажээ. 

Хайрыг зохиолч зөрчил дунд харуулжээ. Гол баатар Ка найрагч эртний хайртай бүсгүйгээ мартаж чадахгүй дахин учраад татагдаж буй ч мөн л нөгөө эсрэг тэсрэгийн дотоод зөрчлөө хайр сэтгэл дээр ч бас л гаргана. Ипек буюу түүний хайртай бүсгүй бол харахад үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, ялдам сайхан бүсгүй боловч нөгөө талаараа боловсролтой Германд амьдардаг Ка найрагчид тэрхүү эгэл жирийн бүдүүлэг хөдөө тосгоны хүүхэн тохирохгүй хүн гэж гол баатар маань эргэлзэнэ. 

Эцэст нь өнөө цагт монголын ард түмний амьдралын бодит зовлон шаналалыг (бидний амьдралын үнэн нүүр царайг) ингэж нэг тольдох боломж олгосон, ухаан сэтгэлгээ нь задарсан ийм нэгэн монгол зохиолч төрөн гардаг ч болоосой гэж би туйлаас их хүслээ. Манай зохиолчид харамсалтай нь боловсрол мэдлэг нимгэн байна, юм үзэж нүд тайлаагүй байна. Нобелийн шагнал авах бүтээл туурвих Орхан Памукийн энд хүрэх хаа ч байсан юм. Энд бас хэлэхэд зүгээр нэг “өмд гутлын түүх” уншдаг уншигчид Цас романыг уншаад хэрэггүй гэж зөвлөх байна. Ойлгох ч үгүй цагийн гарз. 

Балтсүхийн Эрхэмбаяр 
2015 оны 12 дугаар сар 10

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл