Залуу насаа удаан хадгалъя гэвэл хөгшрөх завгүй л бай

3:12 PM


Хөгшин байх эсвэл залуу байх гэдэг тухайн хүний наснаас биш сэтгэл санаанаас их хамаардаг гэж би боддог. Хориодхон настай ч дотроо хүнд бодол тээж хийх бүтээх хүсэлгүй болчихсон нэг нь ч байдаг. Хариугүй маргааш “хадан гэртээ” очих шахсан өндөр настай ч дотор сэтгэл хүсэл мөрөөдлөөрөө дүүлэн ниссэн нэгэн ч байх. Хүмүүс надаас их асуудаг л даа. Жинхэнэ насыг минь сонсоод гайхаж яаж хөгшрөхгүй байгаа нууцаа хэлээч гэдэг. Уг нь би ид залуу насан дээрээ л явж байгаа хүн ч Монголд хүнийг тэр тусмаа эмэгтэй хүнийг цагаас нь эрт хөгшрүүлэх гээд байдаг нийгмийн хандлага байдаг. Миний хувьд насанд хүрсэн том хүүхэдтэй хүн гэхэд үеийнхнээсээ нээрээ овор багатай л харагддаг юм шиг байгаа юм. Надад нэг их нууцсаад байх юм байдаггүй л дээ. Яахав миний өөрийн төрөлх хэд хэдэн зан араншин намайг залуу насаа хадгалахад минь сайнаар нөлөөлдөг юм болов уу л гэж боддог. 

Би их өөдрөг хүн. Дотор сэтгэлд минь ирээдүйн сайн сайхан төлөвлөгөө дүүрэн явдаг. Магадгүй би өнөөдөр ажил бүтэмжгүй, сэтгэл гундуу явж болох ч энэ бүхэнд хэзээ нэгэн цагт төгсгөл ирнэ энэ бол түр зуурын зүйл гэж өөртөө үнэмшүүлж чаддаг. Мөн би хэзээ ч хүнд удаан гомддоггүй, муу санаж бол бүр ч чаддаггүй. Намайг хэн нэгэн гомдоосон бол би тухайн үед гомдож тунирхдаг ч энэ гомдлоо дотроо удаан хадгалдаггүй тухайн хүнд өөрт нь хэлчихдэг. Тэгээд л сайхан тайвширчихдаг. Өөрийгөө хөгжүүлэхээ хэзээ ч больдоггүй. За би ч одоо болчихлоо доо гэж хэзээ ч боддоггүй. 

Намайг 10 жилийн өмнө ХХБ-нд ажилд орж байх үеийг зарим хүмүүс санаад хэлдэг “Чи тэр үеэс их өөр болсон”гэж. Магадгүй илүү ажлын туршлагатай болж үүнийгээ дагаад өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн байх талтай ч би энэ 10 жилд өөрөө өөрийгөө чамгүй хөгжүүлсэн гэж боддог. Өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах, банкны ажилдаа улам мэргэших гээд бүх зүйл дээр 10 жилийн өмнөх Эрхэмээ өөр хүн болсон. Гэхдээ энэ бүгд сайн талруу гарсан өөрчлөлтүүд тул би улам бүр урам зоригтой цаашаа өөрийгөө хөгжүүлнэ гэж бодож байгаа. 

Аливаа зүйлийг хийхдээ бусад хүмүүс хэн нэгэн юу гэх бол гэж биеэ барьдаггүй өөрөө өөрийнхөөрөө л сэтгэл зүрхнээсээ бүх зүйлд ханддаг. Юу дуртайгаа л өөрийнхөөрөө хийдэг. Бурхан надад сайн эцэг эх заяаж багаас минь хийх зүйл хэлэх үгийг минь хорьдоггүй байсан маань амьдралд их олон зүйл дээр нөлөөлдөг. Ээж аав минь бусад айл шиг амттан шимттэнээр бялууртал тэжээж, уруул дэвсэн хэл хазан эрхлүүлж өсгөөгүй ч намайг өөрөө өөрийнхөөрөө өсөж хөгжих бололцоог минь олгодог байсан. Амттай чихэр бялуу гэхээсээ илүү ээж минь сүү цагаан идээ идүүлж эрүүл хоол идэх хэвшил багаас минь суулгасан. Мөн хэзээ ч хэтэртлээ иддэггүй хэзээ ч их өлсөж цангаж явдаггүй. Дэлгүүр хэсэж хувцас сонгохдоо нэг их цаг зарцуулах дургүй би өөрийн болоод гэр бүлийнхнийхээ ам уруу хийх хоолыг бол маш болгоомжтой сонгодог. Иймд хооллолт тал дээр одоо ч их эрүүл хооллодог маань бие галбираа алдахгүй байхад минь нөлөөлдөг.     

За тэгээд оюутны ширээний араас гармагц л биеэ хайрлана, нөөнө гээчийг мэдэлгүй цаг үргэлж л завгүй хөдөлмөрлөсөн дөө. Ёстой “хөгширч байна яанаа, таргалж байна яанаа” гэж бодох завгүй байдаг. Тэгтлээ олон удаа гоо сайханд ороод ч байдаггүй. Гучин нас хүрэхээсээ өмнө бол бараг л гоо сайхны салонд орж үзээгүй, үсэндээ хими хийлгэж будуулж үзээгүй байсан гэхээр итгэх хүн ховор л байх. Харин байнга л гүйж харайж алхаж явахыг хичээдэг. Дасгалыг бол харин хийнэ шүү. Хүн хөгширч биш хөшиж үхдэг ч гэж ярьдаг болохоор сунгалтын дасгал тогтмол хийхийг хичээдэг. Сүүлийн үед иог хийх дуртай болоод байгаа. Эрүүл мэндийн талаар хэн нэгний ам дамжсан гэхээсээ илүүтэйгээр уль суурьтай, шинжлэх ухааны үндэстэй, уншиж судалж ойлгож байж өөр дээрээ хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн аливаа зөвлөгөөг уншаад учир холбогдлыг нь нягталж байж л дагадаг гэх үү дээ. Мөн эд мөнгөнөөс илүүтэй өөр зүйлд шунан дурлаж явдаг.  Алт үнэт эдлэл, бриллиант гэхээс илүүтэйгээр сэтгэл зүрх, өөрийн дотоод ертөнцөө гоёмсог тансаг байлгахыг би хүн болж төрсний нэгэн сайхан бахархал гэж боддог. Эр нөхрөөсөө мөнгө төгрөг үнэтэй эд зүйл шаардаж “чи л эр хүн учир намайг тэжээх ёстой” гэж хэлж ёстой үзээгүй. Хүн эмэгтэй ч бай эрэгтэй ч бай хүсэж байгаа зүйлээ өөрөө л бий болгох нь дээр гэж үздэг. 

Намайг гаднаас нь харсан хүмүүс их эмэгтэйлэг гэж боддог байх харин ойр дотны найзууд маань шулуухан эршүүд занг минь илүү олж хардаг. Бүсгүй хүн гэхэд “хов ярьж таашаал авахыг” огт ойлгодоггүй. Аль болох хов жив ярьдаг хүмүүсээс холхон зайгаа барьж явдаг. Надад тийм зүйлд цаг зарцуулах хайран гэж боддог тул мөн тэндээс хэн нэгэнд хэрэгтэй зүйл сайн сайхан зүйл огтхон ч олж хардаггүй болохоор тэр. Тэгээд ч тэрүү бүсгүй хүн гэхэд би утсаар ч бага ярьдаг. Харин нэг сайхан ном унших ч юмуу кино үзэх ч юм уу амьдралаас таашаал авах жижиг сажиг зүйлүүд хүнд өдий төдийгөөрөө байдаг шдээ тийм зүйлүүдэд цагаа илүүтэй зарцуулдаг.

Материаллаг зүйл гэхээсээ илүүтэйгээр би ийм зүйлсээр амьдралаа чимж амьдрахыг хичээдэг. Мөн би бичихээ ямар ч их завгүй байсан ч хэзээ ч болихгүй гэж боддог. Уншигчдаас минь өдөр бүр ирж буй захидал, сэтгэгдэл намайг “Эрхэмээ чи бичих ёстой бүр олон хүнд эгэл жирийн нэгэн бүсгүйн амьдралын гоо сайхнаас түгээх ёстой” гэж хэлэх шиг болдог. Иймд би бусдад ухаарал, урам зориг өгсөн гэгээлэг сайхан бичлэгүүдээ уншигчиддаа хүргэсээр л байх болно. Зарим нэг миний мөн чанарыг сайн мэдэхгүй хүмүүс өдөр бүр фэйсбүүк, блог дээрээ тавьдаг постуудыг минь хараад “өөрөө өөрийгөө рекламдаад” гэж бодох ч магад гэхдээ л би тийм хүмүүст гомддоггүй. Миний хүсэл зорилго блог хөтлөх, өөрийн амьдрал, дотоод ертөнцөө найз нөхөд, уншигчиддаа үг хэлхэн дэлгэх бол бурхнаас надад өгсөн үнэт сайхан бэлэг магадгүй миний амьдралын утга учир ч байж болох юм. Амьдралаас таашаал авдаг ийм олон сайхан зүйлүүд байхад би яаж хөгширөх вэ. Овор дүр минь хорвоогийн жамаар өөрчлөгдөж болох ч дотор сэтгэлд минь хийж бүтээх олон сайхан мөрөөдөл байна.  Хөгширч байна даа нас ч явлаа даа гэж бодох ч завгүй ажил хөдөлмөр дуртай зүйлээ хийж явахад хүн хөгширдөггүй байх гэж боддог юм. Иймд хөгшрөх завгүй л дуртай зүйлсээ хийж бүтээ.

Б.Эрхэмбаяр

2015 оны 8 дугаар сар 31 

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

1 сэтгэгдэл