Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө

12:50 PM

Хүмүүн заяанд төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохын адил ховор нандин завшаан гэдэг.  Бид хорвоод ирэхдээ энэ л нүцгэн биеэрээ ирж нүцгэн биеэрээ буцдаг. Тэгэхээр хүн бидэнд энэ яваа насанд минь заяасан бие маань юугаар ч сольшгүй эрхэм дээд эрдэнэ билээ. Гэтэл бид эцэг эхээс, бурхнаас заяасан эрдэнэт хүмүүн заяа, хүмүүн биеэ хэр хайрлан хүндэтгэлтэй ханддаг вэ. Ялангуяа өнөө цагийн монголчууд бид өөрийн эзэн биеэ хэрхэн хайрлаж байна вэ. Бид үүнд эзэн болсон өөрийгөө биш олон зүйлийг буруутгах гэж оролддог. Жишээ тоочвол хөдөлгөөний дутагдал, таргалалт, стресс, ажлын ачаалал гээд дурьдаад байвал дуусахгүй олон шалтгаан гаргаж ирнэ. Энэ биеийг эрдэм чадлаар дүүргэх үү, зангирсан сайхан булчингаар чимэх үү. Энэ зөвхөн эзэн болсон танаас л шалтгаална. 

Эрүүл чийрэг бие бялдар гэдэг миний хувьд таны хамгийн том цорын ганц өмч гэж боддог. Гэтэл монголчууд бид энэ эзэн биедээ өөрийхөө цорын ганц үнэт өмч хөрөнгөндөө дэндүү хайр гамгүй ханддаг.  Бид энэ биеэ хэтэрхий хайр гамгүй эдэлдэг. Үүний ганцхан жишээ бол таргалалт. Таргалалт юунаас үүсдэг вэ. Эрүүл хоол хүнс хэрэглээгүй, хөдөлж биеийн тамир хийдэггүй залхуурсан Танаас л үүсдэг түүнээс эхээс төрөхдөө тарган илүүдэл жинтэй бид төрдөггүй. Хүн бид бүгд л ойролцоогоор 2.5-4.0 орчим жинтэй л төрдөг. Эмэгтэйчүүд энэ целлюлитийг яаж арилгах вэ гэж их санаа зовдог. Хар залуугаараа ёстой л гунхсан сайхан насан дээрээ целлюлит гэх арьсан дор үүссэн өөхлөлттэй охидууд зөндөө байдаг. Хэдэн килограммаар түрхээд ч нэмэргүй тосуудыг худлаа маркетингт итгээд өндөр үнээр аваад целлюлиттэй тэмцэж байна гээд л түрхээд байдаг. Ямар ч нэмэргүй л дээ. Ихэнх маань целлюлит юунаас үүсдэгийг хэрхэн түүнийг арилгах талаар үнэн зөв мэдээлэл уншчихаас залхуурдаг. Тэр өөхөн давхраг хөдлөхөөс залхуурсан, өөх тос,  чихэрлэг амттан хэтэртлээ их идсэнээс л таны булчинд үүсдэг. Тэгэхлээр түүнтэй тэмцэх цорын ганц үр дүнтэй арга бол булчингаа л байнгын ажиллагаатай болгож дасгал хийх спортоор хичээллэх юм.

Зөвхөн хүүхнүүд ч гэлтгүй эрчүүд маань залуу сайхан бие цогцсоо дэндүү гамгүй эдэлдэг.

Ядаж 7 хоногтоо 1 удаа хөлсөө гартал спортоор хичээллэхийн оронд найз нөхдөөрөө 7 хоногт 1-ээс лав доошгүй удаа архи дарс, шар айраг хэтэртлээ ууна. Бүр амаараа гартал ууна. Бидний насны монгол эрчүүдийн ихэнх нь илүүдэл жинтэй гүзээтэй. Бид яанаа таргалаад бүр хэцүүдлээ гээд л байдаг. Гэтэл тэр болгон хөдөлгөөний дутагдлаасаа яаж гарах вэ, хэрхэн зөв хооллох вэ гэдэг дээрээ анхаардаггүй. Гялалзтал нь угаасан бараг өөрийн биеэсээ илүү хайртай үнэтэй машинаараа л өдөржин түгжрэлд зогсоно, түүгээрээ гангарна. Хэдхэн алхмын зайны газар ч машинтайгаа зогсож л байдаг. Миний нэг гадаад танил саяхан Монголд ирээд “Big big cars, big big Mongolians!” гэж ёжлон хэлж билээ. Тийм ээ бид том том ганган жийп машинтай бүдүүн бүдүүн монголчууд болжээ. Гоё үнэтэй машин унах ч сайхан л даа. Би ч үнэтэй машинд дуртай (бүр Ferrari унахыг мөрөөддөг) гэхдээ зарим нэг маань за бараг ихэнх нь дээ тэр машиныг лизинг буюу зээлээр аваад сар бүр өндөр үнэтэй зээлийн төлбөр төлж, үнэтэй чанартай биед хэрэгтэй хоол хүнсээ өөрөө өөрөөсөө харамлаад л суугаа даа.


Биеэ хайр гамгүй эдэлдгийн бас нэгэн шалтгаан бол хэтэрхий хэнэггүй монгол зангаас үүдэлтэй. 
Осол аваар хэлж ирэхгүй хийсэж ирэх ч зам дээр улаан гэрэл солигдтол хүлээгээд гарчихгүй машины урьд хойгуур гүйлдээд л байна. Явган хүний замаар биш машин ирээд дайрвал ч дайраг гэсэн шиг хэнэгч үгүй машин замаар чихэвч хийчихээд алхана. Зарим өвөл ус гол бүрэн хөлдөөгүй шүү гээд зарлаад л байхад за үхвэл ч үхэг гэсэн шиг л үр хүүхдээ дагуулаад машинаар гол гатлаад байна. Хувийн ариун цэврийг сахиж элдэв халдварт өвчнөөс өөрийгөө хамгаалах сэргийлэх тал дээрч хэнэггүй нөгөө л монгол зангаараа хандана. Адгийн наад зах нь хелико бактер ахуйн замаар халддаг гээд хөдөө гадаа найрлаж архи уухдаа нэг хундагаа жороолж дамжуулахгүйгээр уучихгүй. Архи спирт ариутгачихдаг гээд нэгийгээ хэнэг ч үгүй ариар шахаад бусдын уусан аяга хундага бариад дайраад байна. Мөн бид аливаа зүйлд ул суурьтай, судалгаа мэдлэгээр системтэй ханддаггүй. Нэг зүйлд зүгээр л хошууран бусдыг даган дуурайсан байдлаар хандана. Тухайлбал сүүлийн үед хэтэрхий их хавтгайрсан гэж болох ууланд авиралт. Олон олон алхалтын клубууд бий болж олон олон хүмүүс үүгээр хичээллэж байгаа нь сайшаалтай ч мөн л бид хэнэггүй зангаараа энэ их эрсдэлтэй экстрим спортод хэн нэгнээс дутчих вий, эсвэл цэвэр сонирхлоороо биш бүр улс төрийн ч зорилгоор хандах нь бий. Уучлаарай би энэ спортод сэтгэл зүрхээ өгсөн хүмүүсийг хэлээгүй шүү. Хөгжилтэй орнуудад ийм эрсдэлтэй спортоор тэгж хүн болгон хичээллээд ч байдаггүй, дуртай мөнх цастай оргилдоо хангалттай туршлага, мэдлэггүйгээр энэ биеэ үр хүүхдээ золиослон байж гараад ч байдаг юм биш.

Энэ мэт энэ биеэ хайрладаггүй хэнэггүй зангийн маш олон жишээг дурьдаж болно.
Учир иймээс энэ биеэ өөрийнхөө хамгийн үнэт хөрөнгөө биш эд материалыг, сайхан машиныг, тансаг харшийг, ямар нэгэн амбицыг өөрөөсөө илүүд үзсэн бидний энэ сэтгэлгээнд асуудал байна. Уг нь өвөг дээдэс минь “Эдээр биш эрдмээр биеэ чим” гэж үр хүүхдээ сургаж ирсэн. Үр хүүхэддээ эд материалыг биш өөрийгөө эрхэмлэх, хүмүүн заяагаа дээдлэх ухаан суулгая л даа. Эцэст нь хэлэхэд эд хөрөнгөөр биш өөрөөрөө эрүүл чийрэг зангирсан сайхан булчинтай ядаж л хэвийн жинтэй энэ биеэрээ гайхуулж амьдарцгаая л даа. Миний бие, би өөрөө миний хамгийн үнэт цорын ганц өмч хөрөнгө.

Зохиолч Б. Эрхэмбаяр
2015 оны 7 дугаар сарын 29
Улаанбаатар хот


Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

1 сэтгэгдэл