"НАЙМАА" өгүүллэг (төгсгөл)

6:11 PM


...үргэлжлэл (эхлэлийг энд дарж уншаарай). Дэвид маргааш орой нь гэртээ ирэхдээ юу ч болоогүй юм шиг царайлах гэж хичээвч угийн юмаа нууж чаддаггүй хүний царайгаар гэмшингүй хулгай нүдээр Навчаа руу ширтэнэ. Тэрээр унтлагын өрөөнд орвол түүний гэх бүх зүйлийг боож баглаад тавьчихсан болохыг сая анзаарав. Хэн нь ч түрүүлж дуу гаргаж үл төвдөнө. Цаг нэлээн орой болж хүүхдүүд нь унтчихсан бололтой чимээ аниргүй. Энэхүү хүйтэн дүмбий байдлыг эвдэх хүч энэ гэрт үгүй болсон мэт. Навчаа хэл ам түргэнтэй ч хэрүүл ам хийж ааш авир гаргаж сураагүй. 
Тэрээр сая унтлагын өрөөнд орж ирээд Дэвидийн нүд рүү нь харж байгаад 
“Бидний амьдрал ингээд дууссан бололтой” гэж хэллээ. Тэрээр өөрийгөө ийм үгийг ингэж тайвнаар хэлж буй өөрийнхөө дууг ч таньсангүй. Тэр дуу өөрөөс нь биш өөр хүнээс ч гараад байгаа юм шиг. Гэхдээ л Навчаад одоо түүнийг хайрладаг Дэвид нь байхгүй болсон тэр түүн рүү тэр бүсгүй рүүгээ харж байсан шиг хэзээ ч харахгүй гэдгийг л сайн мэдэж байлаа.
Бүх зүйл санасныг бодоход маш хурдан болж өнгөрч билээ. Дэвид өөрийн гэсэн эд зүйлээ авах гэж ирэхдээ Навчаад уучлаач гэж ч хэлсэнгүй яваад өгөв. Тэрээр би одоо Навчаатай олон юм ярих нүүргүй хүн гэж боджээ. Ингээд л болоо юу гэж Навчаа ганцаар үлдсэн хойноо бодож суулаа. Арав гаруй жилийн амьдрал нь ингээд нэг л өдөр алга урвуулахаас ч амархан шийдэгдэх ч гэж дээ. Хоёр хүүхдээ яах вэ. Охин нь учир мэдэхгүй болохоор нэг их асуудалгүй. Харин хүүдээ юу гэж хэлэх билээ л гэдгээс Навчаа хамгийн их айж байлаа. Тэр Дэвидээс чи намайг уучлаач гэсэн үгийг хүлээж хүсч байсан ч юм шиг. Гэхдээ бардам зантай Навчаагийн хувьд Дэвид тэгж хэлсэн ч уучилж чадна гэж үү. 
Дэвид шинэхэн амрагаа дагуулаад нутаг буцжээ гэж Навчаа жил гаруйн өмнө дуулсан. Харин нэг орой тэр хүүхэн Навчаа руу залгаж уулзаж болох уу гэж дахин дахин гуйгаад байхаар нь аргагүйдэн нэг газар болзож уулзахаар болов. Түүнийг Гэрэлсүрэн гэдэг аж. Дэвид түүний юунд нь тэгтлээ татагдсан нь сонин. Насаар хараажаар Навчаагаас дүү ч биедээ зохиогүй хувцас, чих хуруунд нь сүртэйгээр гялалзах алт мөнгөн чимэг зүүлт нь чимэг болохоосоо илүүтэйгээр түүнд овор нэмсэн гэлтэй. Нүүр, хуруу хумсаа өнгө дагуулан тод будсан байдаг л нэг хямдхан охидын дүр төрх. Гадаад эртэй сууж нэг их биеэ зовоохгүйгээр гайгүй амьдарчих бодолтой иймэрхүү охидууд Улаанбаатарын бар ресторанаар дүүрэн л байдаг тул Дэвидийн сонголтод Навчаа нэг их гайхсангүй. 
Навчаа Гэрэлсүрэнг тас хийтэл алгадаад, үс гэзгийг нь зулгаамаар санагдсан ч угийн биеэ барьж сурсан зангаараа царайгаа төв болгоод:
“Чи надаас юу хүсээ вэ? Би хүссэн зүйлийг чинь чамд өгчихсөн биш билүү?” гэж үл мэдэг хэгжүүрхээд өөдөөс нь цоргин харлаа. Гэрэлсүрэн хэлэх үгээ олж ядан үгээ урд хойно нь оруулан түгдчээд:
“Дэвид хоёр хүүхдийнхээ аль нэгийг авч хамт амьдарна гээд...” гэж хэлээд үгээ дуусгалгүй дуугүй болов. Би хүүхдийнхээ холбоотой асуудлыг чамтай биш эцэгтэй нь ярих болно гэж Навчаа хэллээ. Тэрээр бидний хүүхэд чамд огт хамаагүй гэж бараг л хашгирчихмаар байсан ч биеэ барьсаар л суулаа. 
Гэрэлсүрэн: 
“Тэр ч тийм л дээ. Гэхдээ бидэнтэй хамт амьдрах болвол би дургүйцэхгүй гэдгээ л танд хэлэх гэсэн юм.” гэв. Харин түүний энэ худал хуурмаг сайхан зангийн цаана юу нуугдаж байгааг Навчаа яахин мэдэх билээ. Гэрэлсүрэнгийн найз хүүхэн бас л нэг монгол эхнэртэй герман залууг эхнэр хүүхдээс нь салгаад сууж л дээ. Тэгээд шүүхээр хүүхдээ эхнэр нь асрамжиндаа авсан биш нөхрийнх нь цалингийн бараг тал хувь нь хүүхдийн тэтгэмжинд явдаг тухай Гэрэлсүрэнд найз хүүхэн нь сэтгэл дундуур дурсжээ. Гэрэлсүрэн Дэвидээс энэ тухай тойруу замаар лавлан асуувал тэрээр бараг л тийм гэсэн хариулт өгчээ. Тэр цагаас хойш л Гэрэлсүрэнд хармын сэтгэл төрж эхэлсэн юм. Арай гэж нэг залуу олж авсан байтал тэр нь хоёр хүүхдэд тэр хуучин эхнэртэйгээ олсон мөнгөө хуваалцана гэхээр л Гэрэлсүрэнгийн хувьд утгагүй санагдав. Тэгээд л Навчаатай уулзах гэж улайрсан нь энэ.
Навчаа түүний өөдөөс харан жишимгүй суух Гэрэлсүрэнг хараад:
“Би дургүйцэхгүй гэнэ шүү. Чи тэгээд намайг нөхрөө хүүхэдтэйгээ хамт өгчихнө гэж санаа юу? Та хоёр надаас юу ч авч болно харин хүүхдүүдийг минь бол хэзээ ч үгүй шүү!” гэж түрүүнээс хойш биеэ барьж суусан Навчаа дүрсхийн уурлаж чангаар хэлээд гарч одлоо. Дэвид хүүхдүүдээ их санадаг тэгээд би түүнд туслах гэж л гэж ард нь Гэрэлсүрэн хэлэх сонсогдов. Гэртээ харин харьтал Навчаа “Миний хүүхдүүд минийх, өөр хэнийх ч биш” гэж үглэсээр явлаа. 
Энэ явдлын дараахан Дэвид Навчаатай уулзав. Тэрээр сүүлийн нэг жил Берлинд амьдарснаа ярьж охиноо эсвэл хүүгээ аль нэгийг нь өөр дээрээ авах бодолтой байгаагаа пал пүл хийтэл хэлэв. Түүний зүгээр л хүүхдүүдээ санаад байгаа сэтгэлийг нь Гэрэлсүрэн бүсгүй яаж ашиглахаа мэдэж байлаа. Хоёр хүүхдийнхээ ядаж нэгийг нь ав. Хайрт минь чиний хүүхэд бол миний л хүүхэд гэсэн үг гэж худал нялуурах Гэрэлсүрэнгийн сайхан сэтгэлийн ард ямар муухай бодол агуулагдаж байгааг Дэвид хэрхэн мэдэх билээ. Энэ маань ийм л сайхан сэтгэлтэй шүү. Залуухан хүүхэд гаргаагүй хүн гэхэд миний хүүхдийг ад үзэхгүй байна гэж баярлан боджээ. Нарийн учрыг сайн олоогүй Гэрэлсүрэнгийн үгэнд зориг орсон Дэвид хүүхдийнхээ аль нэгийг авна гэж Навчаагаас шаардаж эхлэв. Үнэндээ бол Гэрэлсүрэн тийм санаа гаргаж дэмжээгүй бол Дэвид Навчаагийн өмнө хийсэн түмэн буруундаа гэмшээд юун хүүхдээ булаацалдах манатай. Навчаагийн нүүрийг олон удаа харахгүй юмсан гэж зовуурилан явжээ. 
“Би хүүхдүүдээ өөрөө өсгөсөн. Тэр үед чи ажлаас өөр юу ч хийдэггүй байсан шүү дээ. Санаж байна уу?” гэж Навчаа ууртайгаар хэлэв. Дэвид: 

“Би шүүхэд салах өргөдлөө өгсөн. Шүүх шийднэ биз дээ. Монголд бага насны хүүхэд амьдрах нөхцөл муутай шүү дээ. Чи бас түүнийг сайн бодоорой. Өвөлдөө утаа ихтэй тэр байдал хүүхдүүдэд муугаар нөлөөлнө.” гэж хэлэв. 
“Тэгсэн ч энэ миний эх орон, миний гэр. Би хүүхдүүдээ хаашаа ч явуулахгүй.” гэж Навчаа эрсхэн хэлээд салж явлаа. Гэвч Дэвид улайран зүтгэсээр байгаад охиныг нь авахаар шүүх тогтоол гаргачихав. Одоо яалтай билээ. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэгчээр шүүгч хүүхэнд нэлээд хэдэн төгрөг атгуулсан Дэвидийн талд хэрэг шийдэгдэв. Түүгээр ч зогссонгүй мөрөөдлийн байшингаа бариулахаар хадгалсан хадгаламжаа ч Дэвид авахаар болов. 
Ингэж л Навчаа хүүтэйгээ хоёулаа хотын төв орчимд байх гурван өрөө орон сууцтайгаа хоцорсон билээ. Энэ явдлаас хойш багагүй хугацаа өнгөрч Навчаа салалттай эвлэрэх шинэ нөхцөл байдал, ганц бие хүүхэдтэй эмэгтэйн шинэхэн амьдралдаа дасан зохицох гэж багагүй хугацаа хүч хөдөлмөр зарцуулсан. Энэ бүхний дундаас түүнд хамгийн хүнд хэцүү дасан зохицож боломгүй зүйл нь дөнгөж гурван настай охиноосоо амьдын хагацал үзэж хол амьдрах болсон нь л байлаа. Бяцхан охиноо санаж зөндөө зүүдэлсэн. Шөнө түүнийгээ зүүдэлж сэрээд мэгшүүлэн уйлах удаа ч олон байсан. Сэтгэлийн хаттай, шаргуу зангийнхаа ачаар өнөөдөр тэрээр ямар ч атугай өөрийн гэсэн орон зайгаа тэлсэн. Ажилдаа амжилт гаргаж нэлээн сайн цалинтай Германы санхүүжилттэй төсөл дээр ажиллаж байгаа билээ. 
Гэтэл гэнэт өнөөдөр Дэвид хаалга тогшсоор шинэхэн эхнэр, төрөөд удаагүй нялзрай охин бүр түүгээр ч зогсохгүй шинэхэн хадам ээжээ дагуулсаар зочлон иржээ. Герман хүний ёсоор уулзах гэж буйгаа урьдчилан хэлсэн боловч ийм олон урилгагүй зочид дагуулан ирнэ гэдгээ хэлээгүй билээ. Охин нь ээжийгээ хараад бишүүрхэж буй бололтой доошоо харж гар хуруугаа оролдсоор байв. Өвөр дээрээ суулгаад энгэртээ наахад охин нь битүүхэн санаа алдсанд Навчаагийн зүрх шимширлээ. Энэ хэдэн жил хол байснаас болоод охинтойгоо хааяахан уулзсан. Эх хүн үрээсээ хагацах амьдын хагацал үзэх хамгийн хэцүү нь байж билээ.
Дэвид дахиад нэлээн жин нэмсэн харагдана. Берлинд очоод хийсэн ажлынхаа зах зухаас жаахан ярилцав. Түүний ярианаас ажил хэрэг нь тийм ч амжилттай биш байсан тул буцаж Монголд ирж суурьших болсныг нь Навчаа ойлгож мэдлээ. Тийм ээ. Германы нийгэм бол эдийн засгийн хувьд өрх гэрийн хэн нэг нь зүтгээд бүтчихдэг нийгэм биш. Тэгээд ч Монгол мэтийн бага буурай оронд өндөр цалин аваад амташчихсан Дэвидэд мэдээж таарах ажил олдоогүй нь лавтай гэдгийг Навчаа төвөггүй ойлгов. Гэрэлсүрэн бол Навчаа биш. Тэрээр хамтын амьдралын утга учрыг мөнгөтэй нөхрийн мөнгийг хэрэгтэй хэрэггүй гоёл чимэгт үрэн таран хийх, нүдээ бүлтийтэл гангалах төдийхнөөр ойлгодог бүсгүй. Навчаа шиг Дэвидэд шударгаар хандахгүй. Нүүрэн дээр нь уруул дэвсэн нялуураад мөнгө олохгүй бол ар хударгаар нь яаж ч мэдэх хөнгөн хүүхнүүдийн л нэг. Харамсалтай нь Дэвид энэ бүх ялгааг ойлгож мэдэхгүй. Дэвидийн ядрангуй царайг хараад Навчаад түүнийг өрөвдөх сэтгэл төржээ. Эр хүн заримдаа дэндүү тэнэг байх юм даа. 
Навчаа энэ олон хүн дагуулсаар ирсэн Дэвидийн айлчлалын учрыг өдий хүртэл олж ядан сууна. Өөрийнх нь хүүхдүүдийн мах цусны тасархай гэсэндээ охиных нь багатай тун адилхан бяцхан охин эхийнхээ энгэрт сарвалзан гангар гунгар хийн амандаа дуугарах нь хайрлахгүй байхын аргагүй. Навчаа тэр бүх хүйтэн хөндий байдлыг эвдэн сарвалзах тэр улаан нялзрай охиныг авчирсанд Дэвидэд дотроо талархан суулаа. Хүү нь аавыгаа ирсэнд бүр шинэхэн дүү дагуулж ирсэнд нь бөөн баяр хөөр болжээ. Навчаа Гэрэлсүрэнгийн охиныг удтал эрхлүүлэн өхөөрдөж ээжийнх нь өвөр дээрээс авч тэврэв. Хүүхэд гэж гэм зэмгүй энэ л цагаахан ертөнц ямар ч гомдол хорсол муу муухай бүхнийг цайруулж гэгээрүүлдэг мэт. Салсан үеэсээ бүр охиныг нь аваад амьдын хагацал учруулсан Дэвид Гэрэлсүрэн хоёрыг үзэн ядах тэр л хар хорын сэтгэлийг нь энэ бяцхан амьтан ингээд анагааж эдгээх увдистай ч юм шиг Навчаад санагдаж байлаа. 
Орж ирсээр ярианд оролцохгүй ч эргэн тойрныг сүрхий ажигч гярхай нүдээр харж сонжсоор суусан Гэрэлсүрэнгийн ээж ам нээж: 
“Энэ хэд маань ирсээр тохитой тухтай гэр оронгүй. Манайх гэж айл ам бүл олонтой зутруухан л байна даа.” гэсээр сая нэг яриа өдөв. “Эд маань эндээ суурьших ч бололтой. Охин минь би танай байрыг Дэвид та хоёрын нэр дээр байдаг гэж дуулсан.” 
Навчаа түрүүнээс хойш энэ авгайн ирсэн учир энэ л байж дээ. Чааваас даа гэж бодож амжив. Тэрээр тийм ч гэсэнгүй үгүй ч гэсэнгүй Дэвид рүү харцаараа асуух адил цоргин харав. Дэвид Навчаагийн энэ харцнаас дальдичлаа. Хүний шунал гэж. Би эдэнд нөхрөө охиноо хамгийн хайртай бүхнээ өгсөн биш билүү. Яасан ичих нүүрэндээ элэг наачихсан хүмүүс гэхээрээ ийм байдаг байна гэж бодохоор тэдэнтэй цааш яриа өрнүүлэх хүсэл ч чадал ч Навчаад байсангүй. Одоо миний гэрийг надаас булаах гэж л иржээ. Гэтэл миний бодож байдаг гэж л дотроо бодож суулаа. 
“Охин минь чи эрдэм мэдлэгтэй, боловсролтой, чадалтай хүн. Энэ хэдийгээ ядарч зүдэрсэн үед нь байр сууцаа багасгаад ч юм уу нэг тус болно байгаа” гэж тэр авгай огт ичиж зовсон шинжгүй яриагаа үргэлжлүүлэв. Навчаа: 
“Тэр ярихгүй ээ. Энэ чинь миний гэр. Би Дэвидтэй суугаад 10 хэдэн жил ханилахдаа бараг өөрөө өөрөөсөө харамлан байж цуглуулсан хэдэн сая төгрөгийн хадгаламжаа та нарт өгөөд явуулсан. Одоо боллоо. Юм гэдэг чинь хэмжээ хязгаартай байдаг юм.” гэж хэлмээр байв. 
Энэ авгай Гэрэлсүрэн хоёр бол ингэж хэлэхээсээ ичихгүй байж магад. Харин Дэвид үнэхээр үүнийг хүслээ гэж үү гэж Навчаа бодоод Дэвид рүү дахин харлаа. Дэвид гөлөлзөн харцаа бууруулсан ч юу ч хэлсэнгүй. Навчаа түүнийг арай ч ийм арчаагүй хүн гэж бодоогүй билээ. Дээрээс нь ийм хүн чанаргүй хүн гэж төсөөлөөгүй. Заримдаа Навчаад хэрвээ Дэвидийг уучилсан бол яах байсан бол гэж бодогдох үе ч байв. Хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй, өөрийг нь хуурч араар тавьсныг нь уучлаад, нүдээ аниад цааш хамтдаа амьдарсан бол болох ч байсан юм шиг санагдах удаа түүнд бас байсан. Харин одоо бол би даанч харалган байж дээ. Түүний сул дорой занг нь давуу тал болгон хайрлаж явсан миний энэ тэнэг толгой юу. Ийм хүнээс эртхэн салсан нь ч болжээ гэж бодлоо. Гэнэт Навчаад ЭДЭНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛИЙГ НЬ ӨГӨӨД ӨӨРТӨӨ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛЭЭ АВАХ БОЛОМЖ БАЙГААГ УХААРАВ. 
“Би тэгвэл оронд нь охиноо өөр дээрээ авна. Та нар энэ байраа аваарай.” гэж эрсхэн хэлэв. Дэвид гөлөлзөж нүүрээ буруулсан ч үг дуугарахгүй байгааг бодвол Навчаагийн энэ саналыг хүлээж авч байгаа бололтой. Тэднийг гэрээс гармагц Навчаа хаалгаа тас хийтэл нь хаалаа. Алгын чинээ охиноороо наймаа хийчихсэн тэр арчаагүй аавыг тэр урьд урьдаас бүр илүүтэй өрөвдөж байлаа. Миний гэрийг ав. Гэхдээ миний охиныг миний амьдралыг та нар надаас авна гэж бүү горьд гэж Навчаа хаалга налж зогсонгоо амандаа хэллээ.

Балтсүхийн Эрхэмбаяр
Улаанбаатар хот 
2009 оны 10 дугаар сарын 07

Тасдаж үл болох сарнай

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

3 сэтгэгдэл