Төрийн минь сүлд өршөө буюу аавыгаа дурсахуй

11:48 PM

Аав минь “Баян Алтай минь, Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг хүн байж билээ. Тийм дээ. Шашин ном хориотой тэр үед Алтайн уулс шиг нь түшигтэй, Төрийн сүлднээс нь эрхэм өршөөлт, ивээлт зүйл аавд минь байгаагүй юм. Тэгээд ч сайхан аав минь төрийн сүлдээ магнайдаа залсан цэргийн хүн байлаа.
Өнөөдөр аавынхаа тухай нэгэн сонирхолтой түүх сонсоод сэтгэл ихэд хөдөллөө. Санамсаргүй тохиолдлоор буян номын мөр хөөсөн нэгэн сайхан бууралтай танилцаж хууч хөөрлөө. Хууч хөөрөх далимдаа түүнийг аль нутгийн хүн болохыг монгол хүний хувьд сониучирхан асуулаа. Харин тэр ах санамсаргүй ч гэх үү учрал ерөөлөөр ч гэх үү аавын минь нутгийн хүн байж таарав. Би аавынхаа нэрийг хэлвэл царайд нь тааламжтай мишээл тодорч танилгүй яах вэ. Ах нь танай аавыг тун сайн танина гэж хариулав. Тэгээд доорх түүхийг надад ярьж өгсөн юм.

Шашны дээд сургуулийг төгсөж тэр цагаас буяны мөр хөөсөн Дорж ламтаны аав нь ч мөн номтой удамтай лам хүн байж. Түүний аав багадаа Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйлийн хүрээ гэж 1000 гаруй лам шавилдаг Засагт Хан аймагт зартай томд ордог хүрээнд шавилан суудаг байж. Дашрамд дурьдахад би аавыгаа Тонхил суманд томилолтоор ажиллаж байхад нь төрсөн гэдэг. Миний бие хэдийгээр тэнд төрөөд 1 нас ч хүрэлгүй гарснаас хойш дахиж нэг ч очиж үзээгүй ч унасан газар угаасан ус минь гэж бодохоор сэтгэл ихэд хөдөлж Дорж ахын яриаг улам бүр шимтэн сонсов. Тонхил сум Говь-Алтай аймгийн баруун хил дээр оршдог бяцхан сум бөгөөд тэнд хувьсгал ялахаас өмнө их том хүрээ хийд байсан гэдэг. Бүүр сүүлд 70-аад оны үед ч хүүхдүүд тоглож байгаад хүрээний  үлдэгдэл газар булагдсан эд зүйл болох зулын цөгц, хонх дамар гээд олон зүйлс олдог байсан гэж дурсдаг. Тонхил суманд аав минь тэгэхэд залуухан ахлах дэслэгч цолтой Хэсгийн төлөөлөгч хийж байжээ.

Дорж ламтан дээд сургуульд дөнгөж элсэн орсон шинэхэн оюутан байж. Нэг өдөр тэднийхээс өвөг дээдэс нь өв дамжин ирсэн хөөрөг нь алга болж Дорж гуай аав дээр минь очиж алдагдсан эд зүйлийн талаар тэмдэглүүлж мэдүүлэг өгчээ. Удалгүй Дорж гуай сургуульдаа явж нөгөө алдагдсан хөөргөө нэг хэсэг таг мартаж орхисон байж. Гэтэл зун түүнийг амралтаараа ирэхэд аав маань түүнийг дуудаж уулзаад “Таны хөөргийг Ховд аймгаас хүн дамжуулж зарсан байхыг нь сургийг нь гаргаж олсон гээд хөөргийг тал талаас нь авсан хэд хэдэн зураг үзүүлж энэ таны хөөрөг мөн үү гэж асуужээ. Дорж ламын аавынх нь үе дамжин хадгалагдсан хөөрөг учир таньж ядах зүйл байсангүй. “Би бодохдоо нэгэнт алдагдсан зүйл олдохоосоо өнгөрөө биз гэж бодож байтал азаар надад ажлаа чин сэтгэлээсээ чамбай хийдэг аав чинь таарч түүний ачаар би аавынхаа хөөргийг хулгайчийн гараас буцааж авсан юм даа” гэж Дорж ламтан хууч хөөрөв.

Өвсөн дотроос зүү эрэхтэй адил алдагдсан хөөргийг аав минь мэргэжлийн ур чадвар, хамгийн гол нь чин сэтгэл зүтгэл гарган олсон нь дамжиггүй. Миний судсаар ийм л ажилдаа сэтгэл зүрхээ өгсөн сайхан аавын цус гүйж байдаг би ч өөрөө аливаа зүйлийг хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн хийхийг хүсдэг. Жирийн нэгэн тохиолдол боловч аавыг минь энэ мэтчилэн олон хүн дандаа сайн сайхнаар дурсаж хүндэтгэж явдагт надад бахархалтай сайхан санагдаж ажилч хичээнгүй аавын минь буян заяа өнөөдөр ч үр хойч бидний үйлс заяаг түшиж явдаг юм даа.

Дорж ахаас энэ түүхийг сонсоод өнөөдөр бүх санасан ажил үйлс минь бүтээд тун сайхан өдөр болж өнгөрлөө.

Б.Эрхэмбаяр
Улаанбаатар хот
2015 оны 3 дугаар сарын 31

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

3 сэтгэгдэл