Цагийн юмыг цагт нь сэтгэл ханамж дүүрэн хийх

6:03 PM

Өнөөдөр нэгэн уншигчаасаа амжилт хүссэн бас та энэ олон зүйлийг яаж амжуулж, хэрхэн цагийн менежмент хийдэг талаараа бидэнтэй хуваалцаач гэсэн бяцхан хүсэлт хүлээн авлаа. Тэгээд нээрээ сүүлийн үед ном гаргасан гэхээр танил нөхөд, уншигчид, уулзсан сурвалжлагчид хүртэл энэ л зүйл дээр нэлээн төвлөрч “Та яаж энэ олон зүйлийг зэрэг зэрэг амжуулаад байна” гэж нэлээдгүй асуусан болохоор би бээр энэ талаар бичмээр санагдлаа. Банкны бас ч үгүй томоохон нэртэй банкинд захирлын ажил хийдэг хажуугаар нь тэс өөр зүйл сонирхож ном гаргасан гэхээр хүмүүс намайг нэг л их завгүй хүн. Эсвэл зарим нэг хүн банкны ажил нь “их зав зайтай” гэж ч бодоод байх шиг. 

“Энэ олон зүйлийг” амжуулахад надад нууцсаад байх нэг их сүртэй юм байхгүй л дээ. Гэхдээ бас яахав нууц ч гэж хэлж болохоор ганц нэг зүйлүүд байдаг юм байна. Тэр маань Шведэд сурч, сурахын хажуугаар ажиллаж, бас хоёр хүүхэдтэй гэр бүлээ ээж хүний хувьд төдийгүй эхнэр хүний хувьд авч явах гээд 20 гаруй насанд “ахадсан” ч гэж хэлж болохоор амьдралыг туулж гарсан маань юм болов уу гэж боддог. Цагийн үнэ цэнийг, цагийг яаж үр дүнтэй ашиглахыг тэнд ойлгож мэдэрсэн гэх үү дээ. Цаг ашиглах боломжтой бүгдийг л хийдэг байлаа. 

Сургуулиа төгссөний дараа нөхөр бид хоёр тохиролцоод нөхөр маань сургуулиа төгсөх дөхөж хичээл шалгалтаа дуусгах болж ажил хийх боломжгүй болоход би өдөрт хоёр өөр ажил хүртэл хийж үзсэн. Өглөөгүүр үндсэн ажлаа хийнэ. Оройн цагаар 10 цаг хүртэл нэмэгдэл ажил буюу ресторанд зөөгч хийдэг байлаа. Хүний газар үр хүүхэд, гэр бүл, өөрийн амьдралынхаа төлөө би ажил гололгүй хийж сурсан. Ажил хүнийг голдгоос хүн ажлыг голдоггүй гэж их үнэн үг шүү. Одоо ч би биеийн хүчний ажил хийж чадаж байсан гэж бодохоор өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Ажилдаа галт тэргээр ирж очих нийлээд өдөр бүр 1 цаг 30 минутыг би уран зохиолын болон мэргэжлийн, хичээлийн номуудаа уншиж өнгөрүүлнэ. Тэгэхэд би бараг амьдралдаа уншаагүй их номоо уншсан байх. 

Хөгжингүй нийгэмд амьдарч үзсэн хүмүүс мэднэ дээ. Тэнд цаг хугацаанд баригддаггүй зүйл гэж үгүй. Нэгхэн хором галт тэрэгнээсээ хоцроход л тэр өдрийн бүх зүйлд энэ нь муугаар нөлөөлнө. Байр, цахилгаан гээд өрхийнхөө тухайн сарын төлбөрүүдийг яг хугацаанд нь багтааж хийхгүй бол бөөн торгууль төлнө. Мөн хичээл дээр бие даалт даалгаварт өгсөн бичгийн ажлыг багшийн яг зарласан цагт дуусгаж хураалгахгүй бол оноо алдана. Энэ мэтчилэн цагтаа хийгээгүй зүйлүүдээс болж ирэх хохирол ихтэй. 

Тэгээд ч тэр үү би одоо ч ажилтнууддаа аливаа үүрэг даалгавар өгөөд заавал хугацаа зааж өгдөг. Ажил хийх тодорхой даалгавар авсан ажилтан маань тэр цагтаа надад ажлаа танилцуулвал их сайхан байдаг. Хоцорсон бол би дахиж ингэж хоцроож болохгүйг мөн үнэхээр амжихгүй бол надад урьдчилж хэлээд хугацаагаа сунгуулахыг зөвлөдөг. Мөн би цагийн юмыг цагт нь гэсэн үзэл бодолтой хүн. Ямарваа нэг зүйлийг хийе гээд бодсон бол хойш тавьдаггүй шууд л хийж эхэлдэг. Их завгүй байхаар хүн хэдэн минут гарсан ч “за завтай байгаа дээрээ” үүнийг амжуулчихья гэж боддог. Аливаа зүйлийг хийнэ гэж төлөвлөсөн л бол хийж байж санаа амардаг бас нэг зан надад байдаг. Товчхондоо бол төлөвлөсөн ажлаа хийж дуусгахгүй бол хийгээгүй ажил хуримтлагдаад “дотор арзагануулаад” дарамт үүсэх гээд байдаг. Уншигчид маань мэднэ дээ дуусаагүй ажил олон байвал түүнийг яаж хийх вэ гэж бодохоос хүртэл “хүн өөрөө завгүй” болчихдог гэдгийг. Харин аливаа ажлыг хойш тавилгүй хийсээр байгаад ард нь гарчихаар түүнээсээ урам зориг орж эрч хүчтэй болдог шүү дээ. Иймд би хийх ёстой гэж бодсон, хүссэн зүйлээ цагт нь хийж дуусгах их чухал гэдгийг уншигчиддаа зөвлөмөөр байна. 

Банкны ажил маань цаг зав багатай ажил. Би бизнес харилцаан дээр ажилладаг болохоор гадаад, дотоодын харилцагчидтайгаа байнга уулзалт товлоно. Оройн цагаар хоол унд идэж уудаг бизнес уулзалтууд ч байдаг. Мөн л эдгээр уулзалтууд цаг хугацаатай. Зарим үед жишээлбэл манай банк олон улсын зах зээл дээр бонд гаргадгийг уншигчид маань сайн мэдэж байгаа байх. Ийм үед би ч заримдаа юун ном бичих манатай ажил дээрээ хонох ч үе зөндөө л гардаг. Гэхдээ би өөрийн мэргэжлийн банкны ажилдаа үнэхээр дур сонирхолтой. 

Манай монголчууд өөрийн хувийн бизнестээ биш цалин авч ажилладаг ихэнх хүмүүс харамсалтай нь хийж буй тэр ажлаа “миний ажил биш хүний ажил” гэж үздэг. Ийм үзэл хандлага маш түгээмэл байдаг. Тэр ажлаа өөриймсгөөр сэтгэл гаргаж хийвэл үр дүн нь ажиллаж буй компанид нь, өөрт нь ч тэр цаашлаад гэр бүлд нь ч тэр ирнэ гэдгийг ойлгодоггүй. Хүний ажил хийгээд байна гэж сэтгэхээр яаж ч амжилтанд хүрэх вэ дээ. Цалинг нь авч ажиллаж байж хүний ажил хийж буй мэт хандаж аль болох бага хийж ихийг авах бодолтой амиа аргацаасан бэртэгчин зантай хүмүүст би туйлаас дургүй. Тийм хүмүүсийг хараад байхад тэр үзэл нь өөрийг нь боомилж байгааг анзаардаггүй нь харамсалтай. Нэг удаа миний удирдлаган дор ажилладаг нэгэн бүсгүй “эдийн засаг халалттайг” ч хэлэх үү бид тэр үед бүр нэлээн их шахуу ажилтай байсан тул шаргуу шахаж ажилласан хэдэн сарын дараа “энэ “ажлаас чинь” өөр амьдралгүй юм шиг болчихлоо” гэж гомдол мэдүүлэв. Би ч тэр хүн өдий хүртэл өөрийнхөө ажлыг биш миний эсвэл хэн нэгний ажлыг хийсэн мэт сэтгэж байсныг хараад их цочирдсон. Бас би өөрийн удирдлаганд байгаа хүнийг тийм сэтгэлтэй болгож чадаагүйдээ удирдагч, менежер хүнийхээ хувьд өөртөө ч гэсэн харамсахад хүрч билээ. Тэр цагаас хойш би энэ ажлаа хийчихвэл үр дүн нь ажлыг хийж буй бид бүхэнд ирнээ гэдгийг хамт олон дундаа их ярьдаг болж билээ. Миний хувьд би ХХБ-нд ажилладгаараа өөртөө бахархаж ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Дуртай зүйлээ хийдэг хүн хэдий ажил ихтэй ч халширдаггүй. Хийж бүтээсэн зүйлээ хараад урам авч амьдардаг. 

Номоо бичихийн хувьд бол олон жилийн туршид нэг нэгээр нь завтай цагтаа бичсэн зүйлүүд маань юм. Мөн юм бичих бол миний хобби бөгөөд би юм бичихдээ нэг их түүртээд байдаггүй. Нэг санаа л ороод ирвэл азаар нэг их цаг зарцуулдаггүй компьютерийн гараа “хэд тачигнуулаад” л дуусгачихдаг. Мөн үдийн цайгаар би их сонин хүн л дээ заримдаа цор ганцаараа юм бодоод хоол иддэг. Тэгээд тэр үед гоё санаа орж ирвэл нөүтбүүк, айпад дээрээ ч юм уу ноорог хийчихдэг. Орой гэртээ очоод бичсэн нооргоо жаахан засч янзлаад болчихдог гэх үү дээ. 

Гэрийн ажилд хүүхдүүд маань том болоогүй байхад голчлон би өөрөө нөхөртэйгээ хамтраад хийдэг байв. Нөхөр маань уламжлалт монгол эрчүүд шиг гэр орны ажлыг эр хүн хийх ёсгүй гэж үздэггүй нь надад аз тохиосон хэрэг. Надад энэ тал дээр өөрөө завтай бол чадах хирээрээ тусалдаг. Гэхдээ мэдээж эрэгтэй хүн болохоороо угааж индүүдэх гэр цэвэрлэх ажилд эв дүй муутай бас дургүй. Харин хоол хийх тал дээрээ манай хүн сайхан хоол хийдэг. Одоо хоёр хүүхэд маань том болж охин маань гэрийн ажилд их тусладаг болж байна. Манайх амралтын өдрийн Бямба гаригт их цэвэрлэгээ хийдэг бөгөөд миний 13 настай охин надад энэ цэвэрлэгээнд тусалдаг гол хүн маань. Ээж аав минь намайг багаас минь гэр зуурын ажлыг нямбай хийж сургасан. Тэр заншлаар би хүүхдүүдээ 8-9 настай болохоос нь эхлээд гэрийн ажил хийж сургадаг. Өөрийнхөө өрөөг цэвэрлэх, хувцасны шүүгээнд байх хувцсаа нямбай эвхэж эмхлэх гээд хүүхдүүд маань багаасаа өөрийн хийх зүйлээ хийж хэвшдэг. Хожим хойно нь өөрт нь хэрэгтэй. Юу ч хийгээд сурсан байхад хүнд өөрт нь хэрэг л болдог. 

Мэдээж хэрэг амралтын 1 өдрийг би “гэр орны биш” ажилд зарцуулахыг хичээдэг. Энэ нь ихэвчлэн бүтэн сайн өдөр л дөө. Энэ өдөр бид гадуур кино үзэх, ууланд алхах, хамт сайхан хоолтой газар хоол идэх, салхинд гарах зэргээр өнгөрөөх боловч зарим их ажилтай 7 хоногийн дараа бол би тэр өдрийг нэлээн сайн унтаж өнгөрүүлдэг. Мөн заримдаа унтаж “ханаад” гэрийн халаатаа углаад комьпютер дээрээ дуртай зүйлээ бичиж суудаг. Нэг бүтэн өдрийн дуртай зүйлээ хийж тааваараа амарсан амралт намайг шинэ 7 хоногийн их ажилд эрч хүч бэлэглэдэг. 

Хүн ялангуяа оюуны ачаалалтай ажил хийдэг хүн “хөдлөх хөлсөө гаргах” спортоор бага ч атугай хичээллэх нь зүйтэй. Би сүүлийн хэдэн сар 7 хоногт 2-3 удаа тогтмол фитнестээ явж байгаа. Үүнд оройд найзуудтайгаа уулзаж гадуур “наргидаг” цагаасаа багасгачихад л болчихож байгаа юм. Хөдлөхгүй бол их ядардаг болчихож. Хөлсөө гаргаад дасгал хийчихвэл “аз жаргалын гормон” ялгараад бие хөнгөрч сэтгэл санаа ч сайхан болчихдог. Ингээд бодоод байхаар нэг их нууцсаад байх зүйл байхгүй ч цагийн юмыг цагт нь хийх буюу аливаа зүйлийг хойш тавилгүй хийдэг зан минь, хийж буй ажлаа дээд зэргээр таашаалтай хийх зан минь, бас эцэг эхээс олгосон багын хүмүүжил гэр зуурын ажил хийхэд түүртэхгүй болсон нь л надад өдий хүртэл амьдралаа авч явахад минь гол тусласан зүйл юм даа. 

Б.Эрхэмбаяр 
2015 оны 3 дугаар сарын 3

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

3 сэтгэгдэл