Фэйсбүүк сошиал ертөнц ба миний амьдрал

9:36 AM

Бид фэйсбүүк хэрэгтэй хэрэггүй, цагийн дайсан гэж зөндөө л ярилаа. Гэхдээ сошиал ертөнц фэйсбүүк бол бас яах аргагүй бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болсоор байгаа нь маргаангүй үнэн билээ.

Хүн гэдэг амьтан ерөнхийдөө сэтгэл хөдлөл сэтгэлзүйн хувьд 2 бүлэгт хуваагддаг, интроверт буюу дотогшоогоо чиглэсэн хүн, экстроверт буюу гадагшаагаа чиглэсэн хүн.

Фэйсбүүкийг амьдрал ахуйдаа хэрэглэх хувь хүний хандлагад ч энэхүү тухайн хүний зан араншингийн дээрх ялгаатай байдал нөлөөлдөг гэж би боддог. Зарим хүмүүс дотогшоо чиглэгдсэн буюу бусдаас нэг их хамааралгүй өөрөө бодож шийдээд, өөрөө дотроо дүгнэлт гаргаад, амьдрал асуудлуудаа шийдээд явдаг. Тийм хүмүүс ихэнхдээ фейсбүүк дээр пост их бичдэггүй харин бусдын юу бичсэнийг хааяа уншиж мэдээлэл аваад явж байх нь элбэг.  Харин над мэтийн экстроверт нөхдүүд яах аргагүй амьдралд тохиолдсон баярт болоод гунигт явдалаа бусадтай хуваалцах, бусдад ярьж санаа бодлыг нь сонсох зэрэг зан чанараараа фейсбүүкийг амьдрал ахуйдаа ашиглаад байна уу даа гэж би боддог юм.

Миний нэг танил фэйсбүүкээр өдөр бүр пост хийдэг нэгнийг “Энэ нэг юм одоо өөрийн хувийн амьдралаа бусдад гайхуулж байгаа юм шиг. Хэрэгтэй хэрэггүй юмаа ингэж пост хийж яадаг байна аа гэж” шүүмжлэхийг би сонсож билээ.
Мөн нэг танил захирал фэйсбүүкээр л ажилтнуудаа юу хийдэг, ажлын цагаа яаж өнгөрүүлдэгийг хянадаг гэж сонсоод надад бас жаахан эвгүй сэтгэгдэл төрсөн.
Зарим хүмүүс фэйсбүүкээр хувийн амьдралын зүйлээ огт бичих хэрэггүй гэсэн байр суурьтай байдаг. Гэхдээ би фэйсбүүкийг харин ч цэвэр миний хувийн орон зай гэж боддог. Харин найзаараа хэнийг сонгох вэ гэдэг дээр хүн өөрөө бодолтой хандвал болох байх. Бизнесийн бус хувийн зорилгоор ашигладаг фэйсбүүк хуудас таныг сайн ойлгож мэддэг ойр дотны найз нөхдөөс бүрдэх нь ойлгомжтой. Харин бизнесийн зорилгоор ашиглаж буй хуудас зорилтот харилцагчдаасаа найзаа бүрдүүлсэн байх нь зүй ёсны юм.  

Мэдээж хэрэг хүн бүрийн хувийн амьдрал нууц, тэр бүр амьдралын жижиг сажиг зүйлүүдээ бусдад фэйсбүүкээр тараагаад, бусдад саад болоод байх нь зохимжгүй боловч миний хувьд болоод бас олон хүний хувьд фэйсбүүкээр пост хийхдээ зүгээр л нэг их юм бодолгүйгээр л найзуудтайгаа хуваалцаж болох мэдээллүүдээ л пост хийж байдаг нь үнэн. Мөн ажлын цагийг фэйсбүүкт зарцуулдаг тухайд бол хувь хүн бүрийн ухамсараас л хамаарах зүйл байх. Миний хувьд миний албан ёсны буюу нийтлэлч,  “Сайхан төрөх санааных” номын зохиогчийн хувьд нээсэн фэйсбүүк хуудас дээр маркетингийн чиглэлээр нэлээн мэргэшсэн хүн тусалдаг бөгөөд би амралтын өдрүүдээр админтайгаа тухайн 7 хоногт ямар пост хийх талаар ярилцаад (мөн л тусгайд нь үүсгэсэн фэйсбүүк грүпээр харилцаж) хийх постуудаа хэзээ хэд дэхь өдөр хэдэн цагт хийхээ хуваарьт оруулаад зохицуулчихдаг тул ажлын цагаас хумслаад байх шаардлага гардаггүй. Тэгээд ч надад оффис дээр ажлын 8 цагт бүү хэл 12 цаг хийгээд ч амжихааргүй их ажил хүлээж байдаг. Харин өөрийн дуртай зүйл блогоо хөтлөх, фэйсбүүк хуудсаа ажиллуулах зэрэг ажлуудаа амжуулахад чөлөөт цагаа л зөв зохицуулчихвал болчихдог зүйл. Мөн бид мэдээлийн технолгийн эрин зуунд амьдарч байна гэж ярьдаг.  Харин энэ мэдээлийн технологийн давуу талуудыг өөрийн амьдралд цаг, хөрөнгө, хүчээ хэмнэхэд ашиглаад сурчихвал бүх зүйл заавал нэг их цаг зарцуулахгүйгээр мэйл мессенжер гэх мэт зүйлүүдээр онлайнаар хийгээд сурчихвал бүр ч их цаг хэмнэдэг. Миний хань энэ тал дээр ажлаа зохицуулахдаа мэргэжлийн хүний хувьд өргөн мэдлэг туршлагатай хүн тул би ч бас алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр түүнээс энэ тал дээр сүүлийн үеийн тренд хандлагууд, дэвшилтэт технологийг эзэмших зэрэг дээр суралцдаг.

Сошиал ертөнц бол бид ямар алба ажил эрхэлдэг хэн байхаас хамаарахгүй бусдад өөрийгөө таниулах тэр ч бүү хэл бизнес, бараа, бүтээгдэхүүнээ сурталчилахад асар их хэрэгтэй зардал багатай маркетингийн нэг хэрэгсэл болсон нь үнэн билээ. Би чөлөө заваараа бага сага зүйл бичдэг хүний хувьд уншигчидтайгаа хамгийн хүртээмжтэй байдлаар буюу цаг зав хэмнэсэн байдлаар ажиллахад фэйсбүүк надад тусалдаг. Ийм л учраас би орчин үеийн нийгмийн дэвшил, хандлагын энэ давуу талыг өөрийн ажил амьдралдаа зөв хэрэгтэй талаас нь эерэгээр тусган авч хэрэгжүүлэх гэж хичээж буй жирийн нэгэн хүн билээ. Миний олон олон фэйсбүүк найзууд ч мөн л миний адилаар сошиал ертөнц дэх өөрийн орон зайгаа бүрдүүлж байгаа байхаа гэж би боддог.

Миний бодлоор фэйсбүүк бол үр ашигтай ашигласан хүнд цагийн дайсан огтхон ч биш, хийх юмаа олж ядсан хүний ч ажил биш юм шүү. Түүнийг хэрэв зөв ашиглаж чадвал таны ажил амьдралд үр өгөөжтэй хэрэгтэй зүйл гэдэг нь үнэн гэдэгт би итгэдэг.

Б.Эрхэмбаяр

2015 оны 1 дүгээр сарын 13





     

  
   
 


Here is the beginning of my post. And here is the rest of it.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл