Бүсгүй хүний бардам зан

4:03 PM


Энэ оны хавар хэвлүүлсэн “Сайхан төрөх санааных” номондоо би бүсгүй хүний хайр сэтгэл, гэр бүлийн харилцаанд биеэ хэрхэн авч явах талаар бичсэн боловч дахин энэ талаар уншигчидтайгаа бодол санаагаа хуваалцмаар санагдаад доорх бяцхан нийтлэлээ та бүхэндээ хүргэж байна.

Бүсгүй хүний бардам зан гэж юу вэ? Бардам зан гэхээр бид хэн нэгний өмнө ихэмсэглэх их зан гаргахтай андуурч хольж хутгаж ойлгох нь элбэг байдаг. Харин бардам зан бол чамд шударга биш хандсан хэн нэгэнд зохих хариуг нь барьж эсвэл чамтай эн тэнцэх хүн биш бол зүгээр л зөнд нь орхиж чадах сэтгэлийн тэнхээ ухааныг хэлдэг гэж би боддог. Бардам бүсгүй хүн гэж өөрийн амьдрал хувь заяанд итгэдэг сэтгэл оюуны хүч чадалтай эмэгтэйг хэлдэг. Бүсгүйчүүд бидэнд бардам зангаа гаргахаас өөр арга замгүй болох үе амьдралд бишгүй дээ л нэг тохиолддог. 
Хамгийн түрүүнд хайр сэтгэлийн харилцаан дээр орчин үеийн монголын нийгмийн завхрал гажуудлын нэг гэлтэй эмэгтэй хүний сэтгэл зүрхээр тоглож гүйдэг арчаагүй эрчүүд олон болсон юм шиг. Гэхдээ яагаад тийм эрчүүд олон болоод байна вэ? Үүнд охид бүсгүйчүүд бид ч бас өөрсдөө буруутай. Бид л өөрсдөө тийм эрчүүдийг өөрсдөөрөө “тоглох” боломж олгоод байгаа юм. Ажиглаад байхад залуухан амьдрал үзээгүй охидууд ч тэр 40 нэлээн гарсан бүсгүйчүүд ч тэр эр хүний араас эрээ цээргүй гүйлддэг болжээ. Үерхэж найзлаж байсан залуу нь эхнэртэй эсвэл өөр бүсгүйтэй гэдгийг мэдсэн ч мэдээгүй юм шиг хүлээн зөвшөөрч өөрийн нэр төрөө уландаа гишгэж амьдрах хэрэг юу байна. Харин харамсалтай нь ийм үзэгдэл нэлээн түгээмэл байх юм. Эмэгтэй хүн 30 нэлээн гарч 40 дөхөөд ирэхдээ амьдрал үзэж ухаан суудаг. Гэхдээ “амьдрал үзэх” гэдэг энэ үг аливаа зүйлд боловсорч, амьдралын туршлага сууж арай зөөлөн аядуу хүлээцтэй, юмыг олон талаас нь үнэлж дүгнэхийг илүүтэйгээр хэлэхээс биш шударга бус зүйлийг хүлээн зөвшөөрөх буюу эр хүн, хайр сэтгэлийн асуудал дээр өөрийг нь доромжилсон хэн нэгэнд тэгэх боломж олго гэсэн үг биш. 
Амьдрал дээр ажаад байхад манай нийгэмд энэ насны нөхөргүй олон эмэгтэйчүүд нэг бол хэн нэгний эр нөхрийг “хааяа хулгайлж” эсвэл хэн нэгэн залуугийн хоёрдох, гуравдахь за бүр хэд дэхь нь ч юм бүү мэд хэн ч биш болж амьдрах нь түгээмэл байх юм. Өөрийн гэсэн тусдаа амьдралтай магадгүй санхүүгийн хувьд хэн нэг эр хүнээс хараат биш байж болно. Гэхдээ хүний амьдралд хайр сэтгэл гэдэг зүйл ариун нандин зүйл. Эмэгтэй хүн нас залуу ч бай нас тогтож “амьдрал үзсэн ч” бай хамаагүй гагцхүү эрчүүдээс ариун нандин хайр сэтгэл хүндлэлийг хүлээх ёстой. Ингэж чадахгүй бол өөрийнхөө нэр төр сэтгэлийг хэн нэгэн овилгогүй эрээр сүйтгүүлэх болдог. Үүний тулд бүсгүй хүн эрчүүдэд өөрийг нь тэгж “сүйтгэх” боломжийг олгохгүй байх бардам зантай байх ёстой. Хэрэв эр хүний хувьд чи эхнэр нь ч бай, найз бүсгүй нь ч бай, хааяа нэг уулздаг хэн нэг нь ч бай тэр эр чамд үнэнч биш хандсан бол эргэж харалгүй орхиж явах сэтгэлийн тэнхээтэй байх нь бүсгүй хүний бас нэг сэтгэлийн гоо үзэсгэлэн юм шүү. Бусармаг худалч хуурамч хорвоогийн бохир заваантай бүсгүй та хутгалдахад хэтэрхий хайран эмзэг хэврэг юм шүү. Үнэнч биш эрийг бодоод эргэлзээд байх зүйлгүйгээр зоригтойгоор орхиж бай. Үнэнч бишийг нь чамаас өөр хэн нэгэнтэйг нь мэдсээр байж цаад бүсгүйгээс нь “булааж авах” гэж дотроо зовж шаналж, сэтгэлээ өвтгөж суух огтхон ч хэрэггүй юм шүү. 
Хүн тэр тусмаа эмэгтэй хүн энэ ертөнцөд ирэхдээ хайрлагдах гэж ирдэг. Харин хүний хайр хүндлэлийг хүлээсэн эмэгтэй байх эсэх нь түүний хүмүүжил зан араншингаас л хамаарна. Эр хүнээс үнэнч байхыг шаардана гэдэг зүрх сэтгэлээ цэвэр ариун байлгах, хорвоогийн худал хуурмагаас өөрийгөө хамгаалах явдал болохоос энэ нь хартай эхнэр, хартай найз бүсгүйгээс тэс өөр зүйл юм шүү. Зарим эрчүүд өөрсдөөс нь үнэнч хайр шаарддаг эмэгтэйг хартай бүсгүйтэй андуурдаг. Энэ бол харц тусгасан бүсгүй бүртэй таныг харддаг хартай эмийн зан огтхон ч биш. Энэ бол танаас үнэнч хайрыг шаардаж өөрөө хариуд нь үнэнч байсан шударга шулуун зантай эмэгтэйн шинж юм. 
Эцэст нь хэлэхэд хорвоогийн амьдралд шударга хандсаны шан танд заавал эргэж ирдэг буюу таныг цорын ганц хайраа гэж дээдлэн гар дээрээ өргөж, харцыг чинь булингартуулахгүй, зүрхийг чинь аз жаргалаар гийгүүлэх эр хүнтэй бурхан таныг хэзээ нэгэн цагт учруулах л болно. Тэр болтол бүсгүйчүүд минь бардам байж хуурамч, олон нүүртэй, хүүхэмсэг эрийн тоглоом болохоос өөрийгөө хамгаалж амьдраарай. 

Б.Эрхэмбаяр 
2014 оны 12 дугаар сарын 17

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

6 сэтгэгдэл