Дэлхийн миссийн сургамж буюу “ДОТООД ГОО САЙХАН” илүү үнэлэгдэх нь

12:42 PM

Монголчууд бид сүүлийн хэдэн 7 хоног Дэлхийн миссийн тэмцээнд орж буй мисс Батцэцэг, хойд туйлд мөсний шаргаар уралдах эрхийн төлөө өрсөлдсөн цэнхэр үст Цэрэнгээр амьсгаллаа.  Хэдий бид цөөхөн ард түмэн ч дээрх 2 бүсгүйгээ Монгол хүн бүр л сэтгэл зүрхээрээ дэмжиж  Монголчууд бид эвтэй бол хүчтэй гэдгээ дахин нэг баталж харууллаа. Харамсалтай нь цэнхэр үст Цэрэн маань (хүнийг нэрнээс нь гадна өмнө нь заавал “цэнхэр үст“ гэсэн тодотгол хийгээд буйд Цэрэн эгчээс болон уншигчдаасаа хүлцэл өчье.) эрхээ авсан ч Дэлхийн мисст олон нийтийн санал асуулгаар толгой цохиж явсан Монгол мисс маань эхний 25-д ч багталгүй бид бүгдийгээ “шоконд” оруулж орхив. 
Олон нийтийн сүлжээгээр шүүгчид шударга биш байсан тухай манай мисс л хамгийн хөөрхөн сайхан байсан тухай бүр 5 дугаар байрт орсон Англи миссийн зурагтай Батцэцэг миссийнхээ зургийг зэрэгцүүлж байгаад л “Хэн нь хөөрхөн байна, хэн нь гоё байна. Харваас манай мисс л хамгийн хөөрхөн нь байгаа биз” гэж шүүгчдийн “но”-той шүүлтийг батлах гэж шогширцгоов. Монгол мисс маань хөөрхөн байсан.  Бас үнэхээр авьяаслаг сайхан ч бүсгүй юм гэдэгтэй маргаад байх хүн энд байхгүй ч яагаад “царай муутай миссүүд” түрүүлээд байна вэ гэдгийг бид бодууштай санагдана. Яагаад бидний хэмжүүрээр царайлаг хөөрхөн нь биш тийм ч хөөрхөн биш ч дээгүүр байранд орчихоод байна вэ энэ өөр улс орны миссүүд? Үүнд толгой эргээд гайхаад байх нэг их том юм алга. Нэгдүгээрт монголчууд бидний эмэгтэй хүнийг зөвхөн зүс царайгаар үнэлдэг үнэлгээ, сэтгэл зүй үүнд их нөлөөтэй. Сайхан бүсгүй гэхээр л өндөр өө хаагүй биетэй, хөөрхөн царайтай бүсгүйг төсөөлдөг нийгмийн өрөөсгөл хандлага. 
Хоёрдугаарт Дэлхийн миссийн шалгаруулалт юун дээр үндэслэж гол шийдвэрээ гаргадаг вэ гэдэг дээр бидний ойлголт буруу байгаатай холбоотой юм. Яагаад манай миссээс тааруухан царайтай байж түрүүлээд байна вэ. Өнөөдөр Дэлхий нийтээрээ гоо сайхны хэмжүүрийг авч үзэхдээ зөвхөн гадаад гоо үзэсгэлэн, авьяас билгийг биш уг хүний дотоод гоо сайхан дотоод хүсэл эрмэлзэл дээр анхаарлаа хандуулдаг болсон нь дахин энэхүү Дэлхийн миссийн шалгаруулалтаар бүүр ч тодорхой боллоо. Бид Монгол бүсгүйчүүд сайхан гэж нүүр бардам хэлэгдэхийн тулд дотоод гоо сайхандаа анхаарах цаг иржээ. Өөрөөр хэлбэл монголчууд бид хэлбэрийг агуулгаас дээр, илүү гэж үздэг сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. Тухайн хувь хүний мэдлэг боловсрол, амьдралын зорилго, боловсрол, хүмүүжил, соёлын үнэлэмж гадаад өнгөний гоо сайхнаас илүү чухал болсон байна. 
Шалгаруулалтад хамгийн их нөлөөлдөг зүйл бол яах аргагүй бусдын төлөө тэр мисс бүсгүй юу хийв, нийгэмд дорвитой ажил санаачлан хэрхэн амжилттай гүйцэтгэв буюу ямар хүмүүнлэгийн үйлс өрнүүлэв гэдэг их чухал юм байна. Энэ ч яг үнэндээ ганцхан хүний хэрээс хэтэрсэн мэт ажил боловч хэрэв үнэхээр бусдад туслая сайн үйлс хийе гэж зүтгэвэл яагаад болохгүй гэж. Нөгөө нүүр хуудсаар лайкдаад байгаа нөхдүүд монгол миссдээ энэ сайн сайхны үйлс бүтээхэд нь бодит дэмжлэг үзүүлж яагаад болохгүй гэж. Мөн нөгөөтэйгүүр мисс шалгаруулдаг холбоод дотооддоо мисс шалгаруулдаг чиглэлээ өөрчилмөөр байна. 
Монгол мисс бүсгүйчүүддээ тэр дэлхийн миссийн шалгаруулалтын гол цензур болоод байгаа ажлуудыг цэгцтэй системтэйгээр төлөвшүүлэхэд нь тусладаг баймаар байна. Түүнээс биш жил бүр хуучин арга барилаараа царай зүс мэтхэн дээр төвлөрч шалгаруулалт хийгээд баймааргүй байна. Хэрэв монголчууд бид үнэхээр үндэсний бахархал болсон Дэлхийн миссийг дундаасаа төрүүлье гэж бодож буй бол эдгээр зүйлүүдийг бодолцож хэрэгжүүлж эхлэх цаг нь болжээ. Тэр цагт Монголын маань хацар гоо охид  дэлхийг байлдан дагуулж Дэлхийн миссээр цоллогдоно гэдэгт би үл эргэлзэнэ. 

Б.Эрхэмбаяр

Улаанбаатар хот
2012 оны 12 дугаар сарын 15   

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

16 сэтгэгдэл