Yahoo компаний гүйцэтгэх захирал Марисса Маейрын амжилтын нууцуудаас

3:13 PM

Мэдээллийн технологийн ертөнцийг эрчүүдийнх гэх нь бараг л буруудахгүй. Билл Гейтс, Стив Жобс, Ларри Эллисон нарын домгуудаар эхлэх нэрсийн жагсаалт Amazon Жефф Безос, Facebook Марк Цукерберг гээд эрчүүдээр үргэлжилсээр л. Харин Марисса Маейр хэмээх хонгор шаргал үстэй, өөртөө итгэлтэй нэгэн залуу бүсгүй энэ жагсаалт руу хүч түрэн орж ирж 30 гаруй тэрбум долларын үнэлгээтэй технологийн том корпорацийг удирдах болсон нь сонирхол ихэд татах аж. Марисса 2012 онд Yahoo компаний гүйцэтгэх захирлаар томилогдоход түүний өмнө Apple, Google, Facebook-ийн амжилтанд цохигдон урьдын сүр хүч нь унаж буй аваргыг аврах хүндхэн даалгавар тавигдсан (бид yahoo mail, messenger л хэрэглэдэг үе байсан шүү). Өмнө нь Google компанид олон жил дэд ерөнхийлөгчийн түвшинд ажиллаж ялангуяа хайлтын системийг хариуцан амжилттай ажиллаж байсан нь түүнд энэ өндөр хариуцлагыг хүлээлгэх шалтгаан болсон гэдэг. Yahoo аврагдах эсэх нь өнөөдөр ч асуултын тэмдэг хэдий хэвээрээ ч гэсэн Марисса ажиллаж буй хоёр жил гаруй хугацаанд хувьцаагаа хоёр дахин өсгөж, Tumblr-аас эхлээд хэд хэдэн бизнесүүдийг худалдан авч 2014 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд 18-д жагсаж амжсан төдийгүй хамгийн чухал нь хүү Макаллистерээ төрүүлжээ.
Марисса хүүхэд байхдаа маш ичимхий, хичээлээ сайн хийдэг, онц сурдаг, эелдэг хэдий ч хичээлээс өөр сэдвээр бусадтай ярилцаж чаддаггүй, хүүхдүүдтэй гэхээс илүүтэй багш нартай хэл амаа илүү ойлголцдог охин байсан гэдэг. Ингээд бодохоор дунд болон ахлах сургуулийнх нь амьдрал их гунигтай өнгөрсөн мэт санагдах боловч үнэндээ бол огт үгүй аж. Тэр сагсан бөмбөг, гар бөмбөг, усан сэлэлт, цанаар хичээллэж, төгөлдөр хуур, бүжгэн жүжгийн дугуйланд суралцдаг, тэр ч бүү хэл сургуулийнхаа хөгжөөн дэмжигч охидын багийг амжилттай удирддаг байжээ. Тэрээр хаана ч манлайлж чаддаг байсны нууц нь авьяас, хөдөлмөр, шударга занд байсан гэдэг. Марисса хөгжөөн дэмжигч охидын багийн удирдах үед хамгийн сайнуудаар багаа бүрдүүлж чадаж байв. Марисса өөрийн хэт ичимхий занг давах арга замын эхлэлийг анх багш нараасаа сурсан гэж өөрөө дурсдаг ба багш нар нь түүнийг зөвхөн өөрийнхөө хичээл даалгаврыг зохион байгуулалттай хийх чадвартай төдийгүй бусдыг зохион байгуулж манлайлах чадвартайг нь таньж ойлгуулсан аж. Төгөлдөр хуурын багш нь түүнийг бусдыг анхааралтай ажиглаж юуг, яагаад хийж байгааг ойлгохыг оролддог хүүхэд тул ирээдүйд сайн багш болно гэж дүгнэж байжээ.
Марисса ахлах сургуулиа 1993 онд төгсөөд Harvard, Yale зэрэг арваад сургуулиудад тэнцсэний дундаас Stanford University-ийг сонгож неврологийн мэргэшлээр суралцах болов. Оюутан болохын өмнөх зун "гавал толгойтой" хүүхдүүдийн диваажин болох шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн зусланд очиж амарсан нь түүний амьдралд том өөрчлөлтийн цэг болсон гэдэг. Зусланд Нгуен Зюн гэдэг нэгэн маш их мэдлэгтэй залуу ирж хүүхдүүдэд лекц уншиж, элдэв сонирхолтой таавар таалган, мэдлэг сорьсон тоглоомууд тоглуулжээ. Хүүхдүүд ч хэд хоног Зюн ямар их мэдлэгтэйг гайхацгааж, харин зуслангийн нэг багш эцэст нь "Та нар Зюн өргөн мэдлэгтэйдээ ийм мундаг гэж бодож байна уу? Үгүй, тэр яаж бодож сэтгэдэгт л хамаг нууц нь байгаа юм." гэж хэлсэн нь Мариссагийн амжилтын нэг нууц болсон. Зюн бүгдийг мэддэг нь чухал биш, харин тухайн нөхцөл байдлыг зөв ажиглан харж, зөв асуулт тавьж, зөв бодож сэтгэж, зөв дүгнэлт, шийдэл гаргаж чаддаг нь түүний амжилтын нууц юм гэдгийг Марисса охин ойлгосон аж.
Оюутан байх үед ч Мариссагийн ичимхий зан нь хүчтэй илэрсээр л. Курсын ажлаа хамт хийчихээд оюутнууд пицца эргүүлэнгээ буу халахаар явцгаахад тэр яваад л өгнө. Ахлах дамжааны оюутан болох үед түүний маш авьяаслаг, чадварлаг болохыг анзаарсан компьютерийн ухааны профессор Эрик Робертс түүнийг доод ангийнханд хичээл заахыг санал болгож, Марисса ч дуртай зөвшөөрөв. Оюутнуудаас авсан судалгаагаар түүний хичээл маш таалагдсан тул үргэлжүүлэн заах болж. Оюутнууд Мариссаг адилхан оюутныхаа хувьд бол биеэ тоосон их зантай гэж боддог байсан бол хичээлд нь суухаараа бол түүнийг гайхалтай гэлцэнэ. Марисса сурсан мэдсэнээ бусдад зааж сургах замаар өөрийн мэдлэг чадвараа улам хөгжүүлж байсан төдийгүй харилцааны талд ч том алхмыг хийж чадсан нь түүний амжилтын бас нэгэн нууц ажээ.
1999 онд Марисса их сургуулиа компьютерын ухааны магистрын зэрэгтэй дүүргэж (1997 онд баклаврын зэргээ хамгаалсан) арав гаруй ажлын санал авсны дотор томоохон их сургуулиудад багшлах, эсвэл менежментийн зөвлөх үйлчилгээний тэргүүлэгч компани болох Mckinsey-д орж ажиллах зэрэг маш боломжийн сонголтууд байв. Хачирхалтай нь түүний ангийн охин Лаура хэрхэн сургуулийнхаа гар бөмбөгийн багд орсон түүх түүний эрсдэлтэй сонголт хийхэд нөлөөлсөн гэдэг. Лаура сургуулийнхаа гар бөмбөгийн багийг маш сайн, топ тоглогчид гэдгийг мэддэг төдийгүй өөрөө ч муугүй тоглодог, гэхдээ дасгалжуулагч түүнийг сэлгээнд л суувал суу гэсэн аж. Лаура топуудтай хамт бэлтгэл хийх нь топуудын эгнээнд орох зам гэж үзээд саналыг авсан төдийгүй хөдөлмөрийнхөө үр дүнд эцэст үндсэн багийн гишүүн болж чадсан байна. Мариссагийн багш Эрик Робертс тухайн үед дөнгөж гарааны түвшний жижигхэн компани байсан Google-ийг түүнд санал болгож, Google компанитай ярилцлаганд орсны дараа Сергей Брин, Ларри Пейж нар топ баг гэдгийг олж хараад Лаурагийн жишгээр топ багийн 20 дахь гишүүнээр элсэн орж програмистаар ажлын гараагаа эхэлсэн аж. Сэлгээнд суусан ч хамаагүй топ багт ор гэдэг нь Мариссагийн амжилтын дараагийн нууц ажээ.
Google-д ороод удаагүй байхад Пейж түүнд бид уначихлаа гэж хэлжээ. Хайлтын сайт ачааллаа даахгүй уначихсаныг босгох гэж Марисса багийнхантайгаа өглөөний 3 цаг хүртэл ажилласны эцэст ажиллагаанд нь эргүүлэн оруулжээ. Эхний хоёр жилдээ Марисса  долоо хоногт 100 цаг програм бичиж, хажуугаар нь их сургуульд бас компани дээрээ хичээл заадаг байсан тул өдөрт дөрөв таван цаг л унтаж амждаг байсан гэдэг. Нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд тэр Google компаний хайлтын системийг олон зуун сая хэрэглэгчтэй болгоход голлох хувь нэмрийг оруулж чадсан төдийгүй компанийхаа хэддэн зуун сая долларын хувьцааны эзэн ч болж чадсан. Амжилтанд хүрэх зам нь зөвхөн авьяас, мэдлэг чадвараас бүрддэг бус, харин эцэж цуцашгүй нөр их хөдөлмөр юм гэдгийг мэддэг нь түүний бас нэгэн нууц нь юм байна.
2012 онд Google компанид 13 жил ажилласан Марисса Майерт карьерын шинэ боломж гарч ирэв. Сүүлийн хоёр жилд тэрээр хамгийн чухал бүтээгдэхүүн болох хайлтын системийг хариуцахаа больж компанидаа эзлэх байр суурь нь суларсан нь шинэ ажлын саналыг хүлээн авахад нөлөөлсөн гэдэг. Марисса 2000-аад оны эхээр Ларри Пейжтэй болздог байсан нь, 2009 онд гэрлэсэн, компанийхаа зарим захирлуудтай зөрчилтэй байсан гээд янз бүрийн л нөхцөл байдал, шалтгаануудыг байсан бололтой. Yahoo компаний хөрөнгө оруулагчид түүнтэй ажлын ярилцлага хийж ТУЗ дотроо санал их зөрчилдсөний эцэст түүнд гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан байна. Марисса харин таван сартай давхар биетэйгээ дуулгасан нь тэднийг шоконд оруулсан хэдий ч ажлын саналаа хэвээр үлдээсэн төдийгүй түүнийг ажлын саналыг ав хэмээн ятгацгаасан гэдэг. Давхар биетэй бол ажил олгогчоос үүнийг бүү нуу, илүү өргөн хүрээгээр хэлбэл ажилд орохдоо өөрийнхөө тухай үнэнийг бүү нуу гэдэг Мариссагийн нэгэн сонирхолтой нууц ажээ. 

Марисса Майерын амжилт бүтээлийн түүх ид дундаа л орж яваа гэдэгтэй та бүхэн санал нийлэх буйзаа. Ирээдүйд бид түүний гайхалтай амжилтын өөр олон нууцуудыг олж мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Б.Эрхэмбаяр
2014 оны 10-р сарын 15
Улаанбаатар хот

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

1 сэтгэгдэл