Зугаа цэнгэлийн жорыг нь тааруулахуй

10:14 PM

Нэр төртэй сайхан эмэгтэй байгаа нь энэ гээд бидний зарим нэг маань бүр хэтэрхий биеэ цэгнэж бие барьсан байдалтай амьдардаг. Бар цэнгээний газраар явахыг бүсгүй хүний хийж болохгүй ажил гэж үздэг нэгэн ч байдаг. Мэдээж бүсгүй хүн “шоучин” байж болохгүй гэдгийг би дээрх хэсэгт дурьдсан. Гэхдээ энэ амьдралд бас үе үе жаахан ч гэсэн зугаатай зүйл хийж байхгүй бол бидний амьдрал хоолоор зүйрлэвэл давсгүй хоолтой адил болно гэж би боддог. Цаг үргэлж “гэр-ажил-гэр” гэсэн маршруттай байх юу нь сайхан байх вэ. Үе үе сайн найзуудтайгаа, хамт ажилладаг ажлынхантайгаа сайхан хоолтой ресторанд сайхан дарс шимж суух ч бас жаргал шүү. Гэртээ цаг үргэлж бүү шигдэж суу. Гадуур дотуур гарч үзвэр үз. Гэр ахуйн болон ажил дээр чинь сэтгэл санаа зовоосон ажлууд түр зуур ч гэсэн мартагдана. Сэтгэл чинь нэг л тайвширч сэргээд л  ирэхийг бүсгүй та анзаарах болно. Амьдралд хөнгөн зугаа цэнгэл амт нэмж байдаг. Харин үүнийг гагцхүү жорыг л тааруулах хэрэгтэй. Товчхондоо бол зугаа цэнгэл танд эрч хүч өгч байх хэмжээнд л байх ёстой. Түүнээс урьд өдрийн наргианаас болж та маргааш ажлаа алдах ч юм уу эсвэл  та хүмүүсийн өмнө эвгүй байдалд орох ч юмуу тэр нь танд зовлон болж байвал та зугаа цэнгэлийг хэтрүүлж байна. Даруй болих хэрэгтэй л гэсэн үг юм.
Ямар нэгэн үдэшлэг цэнгээнд оччихоод бишүүрхэнгүй бүлтэгнэн биеэ барьж зогсох бүсгүйчүүд байдаг. Зарим нэг нь хүрээлэн байгаа хүмүүсээс санаа зовоод энэ намайг юу гэж хэлэх бол тэр намайг юу гэх бол ингэвэл эвгүй юм даа гэж шал дэмий хэрэггүй зүйлд санаа зовж өөрөө өөрийнхөөрөө байж болдоггүй. Аливаа үдэшлэг цэнгээнд өөрийхөөрөө бай. Өөрөө л аз жаргалтай бай. Таньдаг таньдаггүй хамаагүй хүмүүстэй донжийг нь олоод яриа өрнүүлж сур. Заримдаа би нэг найзыгаа хүлээн авалт ийм арга хэмжээнд хамт очьё гэж гуйдаг. Харамсалтай нь миний нэг найз жаахан хаалттай хүн. Юу гэхээр  тэр заримдаа “Яршиг яршиг таних хүнгүй тэнд юугаа хийх юм” гэдэг. Эсвэл бүр үүнээс долоон дор хөгийн шалтаг хэлнэ. Би түүний энэ хаалттай зангийн өмнөөс харамсдаг. Бид чинь үргэлж заавал таньдаг хүмүүсийнхээ л дунд байх ёстой юу. Уг нь аливаа үдэшлэг уулзалтын бас нэгэн хамгийн гол зорилго бол хүмүүстэй танилцах, танилын хүрээгээ өргөжүүлэх бас дээр нь нэмээд тэр өдөртөө зугаатай байх явдал. Харамсалтай нь манай зарим нэгэн бүсгүйчүүд комфорт зон буюу өөрийнхөө “тав тухтай” байх орчноосоо  гарахыг хүсдэггүй. Мөн биеэ барилгүй өөрийнхөөрөө байж зугаацаж чаддаггүй. Үүнд бас цөөхөн хүнтэй Монголын нийгэм нөлөөлдөг байх. Арай өөрийнхийрөө байж ядаж л чөлөөтэй бүжиглэж буй нэгнээ сэм сэмхэн нударч шоолох нь элбэг. Гадны ялангуяа барууны бүсгүйчүүд сайхан хөгжилдөж чаддаг. Хэт албан ёсны л хүлээн авалт хүндэтгэлийн арга хэмжээ биш бол тэд жинхэнэ эрх чөлөөгөө мэдэрч хөгжилдөж чаддаг. Биеэ барихгүйгээр бүжиглэж чаддаг. Гэтэл би Монголд буцаж ирээд анзаарсан бас нэг зүйл бол бүр шөнийн клубт ч тэр нэлээн “халаалттай” согтуу биш л бол өөрийнхөөрөө бүжиглэж буй залуус их л ховор доо. Гунхсан сайхан охид байвч харц нь нэг л өрөвдөлтэй. Чөлөөтэй хөдөлж бүжиглэж ч чадахгүй. Бид юунаас айж юунаас эмээнэ вэ. Зүгээр л сайхан хөгжилдөх соёлд суралцмаар. Гэхдээ чөлөөтэй байгаа нэгнээ ялангуяа эмэгтэй хүнийг “задгай” хүүхэн ч гэдэг юм уу нэг тийм нэр хоч өгөх гээд буруугаар ойлгох гээд байдаг. Гэсэн ч би энэ бүх буруу хандлагаас айдаггүй. Ямарч цэнгээн дээр өөрөө өөрийхөөрөө байдаг. Сайхан хөгжилдөж чаддаг. Үүнээсээ эрч хүч, амт амьдралдаа нэмдэг.

< Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл