Би монгол хэлтэй монгол хүн

8:13 PM

Надаас олон хүн, бараг тааралдсан гадаад хүн болгоны асуудаг нэг асуулт бий. Тэр бол “Танай монгол хэл хятад хэл шиг үү эсвэл орос хэлтэй төстэй юу” гэх асуулт. Тэгэх бүр би бээр “Үгүй ээ, манай монгол хэл аль алинаас нь тэс өөр. Ер нь бие даасан өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц хэл” гэж бахархалтайгаар хариулдаг. Тийм ээ. Өнөөдөр биднийг бусдаас ялгаруулж, бие даасан улс үндэстэн гэдгийг маань батлах цорын ганц зүйл бол эх сайхан монгол хэл минь билээ. 
Социализмын нөлөөгөөр монгол хүмүүс өөрийн гэсэн өвөрмөц, ёс заншил уламжлалаасаа хөндийрч зэрэмдэг ард түмэн болсон. Орос хэл, соёл манай үндэсний соёлыг түрэмгийлэн орж ирсэн. Гэхдээ тэр үеийн байдлыг өнөөдөртэй харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай байжээ. Өнөөдөр дэлхийгээр тарсан монгол аав ээжтэй ч монгол хэлгүй харийн хэлээр хэлд орж буй хэдэн арван мянган хүүхдүүдийг авч үзвэл үнэхээр Монгол хэл соёл минь яваандаа устаж алга болох аюулын харанга нэгэнт дэлдээд эхэлчихсэнийг бидэнд сануулж байна. Биднийг үеийн үед түүхийн нугачаанд бүдэрч, унаж босож явахад Хятадаас туурга тусгаар үндэстэн юм шүү гэдгийг батлах цорын ганц баталгаа болон үлдсэн тэр зүйл бол аялгуу сайхан монгол хэл минь билээ. Тэртэй тэргүй эдийн засаг, эд баялгийн хувьд бид өнөөдөр бараг өөр харь орнуудаас хараат болчихсон нь гашуун үнэн билээ. 
Өнөөдөр монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт сурч боловсрох болж, даяарчлагдсан ертөнцийн соёлтой хөл нийлүүлэн алхах гэж хичээж байна. Энэ сайхан хэрэг бахархууштай зүйл. Гэтэл тэдгээрийн ихэнх нь монгол сайхан хэлээрээ дутуу дулимаг ярьж байна. Бичгийн хэл бол бүр ярилтгүй. Монголоор хоёр өгүүлбэр зөв бичихгүй байх нь энүүхэнд. Уг нь тэдгээр залуусын эцэг эх нь монгол хүмүүс. Харамсалтай нь бидний үр хүүхдүүд өнөөдөр монгол ч биш хэн ч биш болон хүмүүжиж байна. Эцэг эхчүүд хаана ямар оронд амьдарч буйгаас үл хамааран үр хүүхэддээ эх хэлийг нь зааж сургамаар байна. Эх хэлийг нь хүүхэддээ сургадаггүй зөвхөн англи, япон, хятад, солонгосоор хэлд оруулж байгаа нь өнөө цагийн эмгэнэл болоод байгааг бид тэр бүр анзаарахгүй байсаар л. 
Миний хүү 7 дугаар анги хүртлээ Стокгольм хотод амьдарч тэндхийн англи хэл дээр сургалттай дунд сургуульд сурдаг байсан. Одоо миний хүү Америкт коллежид сурдаг, гэхдээ би хүүтэйгээ хэзээ ч англиар харьцдаггүй. Миний охин Шведэд төрж 4 нас хүртэлээ тэнд амьдарсан. Охин маань хэдийгээр швед хэлээр хэлд орсон ч тэр монголоор маш сайн ойлгодог байсан. Бид гэр бүл дотроо өөр хоорондоо харь хэлээр ярьдаггүй байв. Яагаад гэвэл би хүүхдүүддээ монгол хүн гэдэг үүднээс нь монгол хэлээр нь яриулах гэж хичээж байсан. Би энд өөрийгөө магтан сайшаах гэсэнгүй. Хэдий энд тэнд амьдарч, ажиллаж сурах нь хувь хүний эрхийн асуудал ч бид хэзээ ч монгол хүн гэдгээ мартаж боломгүй. Та хэрэв гадаад оронд амьдарч байсан бол хүүхдүүдийнхээ ангийн хятад ээж, орос ээж, солонгос ээж, араб ээжийг ажиглаарай. Бүгд л хүүхэдтэйгээ эх хэлээр нь харьцаж эх хэлээрээ ярьж байгаа. Тэд хүүхдүүдээ эх хэлнийх нь хичээлд явуулж эх хэлийг нь сургаж байгаа гэдэгтэй маргасан ч алдахгүй л болов уу. 
Гэтэл тэд бидэнтэй харьцуулбал олуулаа. Нэг хятад хүнээр Хятад улс нэг их дутахгүй байх. Гэтэл монгол ээжүүд бид яаж байна. Хүүхэдтэйгээ тэр орны хэлээр нь ярьдаг. Энэ бол сайн сайхан зүйл биш. Мөн таны олон хэлтэйн, боловсролтойн баталгаа ч биш. Харин таны монголоо гэх сэтгэл, ухаан хэр байгааг л харуулж буй хэрэг. Бид цөөхөн монголчууд. Бидний үр хүүхдээр Монгол минь дутна. Тэгэхээр бид үр хүүхэддээ монгол хэлийг нь зааж сургах ёстой. Эс тэгвээс бидний хэл соёл юу ч биш болж монголчууд бид орос ч биш, хятад ч биш америк ч биш болох аюул нэгэнт нүүрлээд байна. Эх хэлээрээ уншиж бичиж монгол хэлнийхээ утга яруу тансгийг мэдрээгүй хүн харийн сэтгэлгээ, харийн боловсролтой харийн хүн болж хүмүүжнэ. 
Өнөөдөр эх хэл рүү минь зөвхөн орос хэл төдийгүй, хятад, солонгос, япон, англи хэлүүд довтолж эхэллээ. Эх хэл рүүгээ хөрвүүлээд нэрлэчихэд болох зүйлийг бид эдгээр хэлүүдээр чамирхан яриан дундуураа хавчуулах боллоо. Мөн гадаад нэр нэршлийг шууд хуулбарлан аялгуу сайхан монгол хэлээ булингартуулж байна. Улаанбаатрын бараг бүх бар, рестораны нэрүүд англи, солонгос, хятад, герман болчихжээ гэж хэлэхэд хилсдэхгүй. Орос улс их гүрэн оросууд олуулаа. Гэтэл өнөөдөр Орос улс эх хэлээ хэрхэн хамгаалж байна. Гадаад нэрээр компаний нэр авах бол асар өндөр татвар төлөх болж байна. Боломжит бүх үгийг эх хэл рүүгээ орчуулан хэрэглэж байна. Гэтэл бид монгол хэлээ харийн хэл хэллэгүүдээр дүүргэн “хүчирхийлсээр” байна. 
Нэгэн жарны өмнө жирийн ямар ч боловсролгүй өвгөд хөгшид минь эгэл амьдралын дунд зүйр цэцэн үгээр харилцдаг байлаа. Тэрхүү зүйр үгийн утгыг тайлж мэдэх залуус бидний дунд улам бүр ховордсоор байна. Аливаа улсын хэл соёлд хүндэтгэлийн язгууртнуудын хэл гэж байдаг. Англи хэлний жирийн ард иргэдийн хэл яриа язгууртнуудын буюу боловсролтой бүлгийн хэл ярианаас тэс өөр байдаг. Харин нүүдэлчин Монголчууд бидэнд жирийн малчин харц ард, баяд ноёдын ярианы ялгаа зааг гэж бараг байгаагүй. Монголчууд бид харц язгууртан гэхгүй бүгд яруу тансаг хүндэтгэлийн хэлээр хоорондоо хөөрөлдөж ирсэн. Хараал ерөөл, муу муухай, бэлгэ дэмбэрэлгүй үгийг харилцан яриандаа цээрлэдэг цорын ганц ард түмэн байсан ч гэж хэлж болно. Гэтэл өнөөдөр бид тэр сайхан ёс заншил, тэнгэрлэг хэлээр харилцдаг соёлоо гээж орхигдуулсан байна. Залуусын харилцан яриа этгээд гажууд, бүдүүлэг үг хэллэгээр дүүрч байна. Бидний харилцан яриа хэдхэн тооны ойр зуурын үгээр хязгаарлагдах болж. 
Уг нь өвөг дээдэс минь бидэнд хэл бичгийн хангалттай их өв соёл үлдээсэн. Дэлхий дээр өөрийн бичиг соёлтой цөөхөн ард түмний нэг нь монголчууд бид. Хөгжлөөрөө тэргүүлж буй том гүрнүүд хүртэл өөрийн гэсэн бичиг соёлын хувьд биднээс дутуу. Үүний томоохон жишээ бол япончууд Хятадаас ханз үсгийг авсан явдал. Өвгөд дээдсийн минь үлдээсэн өв их соёлыг түүчээлэн хойч үедээ хүргэх үүрэг нь өнөө үед амьдарч буй монголчууд бидний үүрэг. Үр хүүхдээ дэлхийн соёлтой танилцуулалгүй яахав гэхдээ бид энэ дэлхий дээр цөөхөн монголчууд гэдгээ хэзээ ч мартаж боломгүй байна. Биднийг монголчууд гэдгийг, биднийг тусгаар улс үндэстэн гэдгийг үеийн үед сануулсаар байх тэр зүйл бол эх сайхан монгол хэл минь юм шүү. Энэхүү нийтлэлээ их эрдэмтэн Б.Ренчингийн "Монгол хэл" хэмээх шүлгийн дөрвөн мөрөөр өндөрлөе.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Б.Эрхэмбаяр 
Улаанбаатар хот 
2013 оны 12 дугаар сарын 20

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл