Зөв хооллолт

10:08 AM

Зөв хооллолт бол эрүүл саруул амьдрах хамгийн чухал хэвшил юм. Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдэг амьдралын энгийн зарчмыг хүн бүр тэр тусмаа бүсгүй хүн мэдэж байх ёстой.

Заримдаа хүмүүс надаас яаж жингээ өдий насан дээрээ ингэж барьж чадаж байна гэж их асуудаг. Би үүнийг хооллох зуршилтай шууд холбоотой гэж боддог. Хэт их цадахгүй бас өлсөхгүй байх. Би хэзээ ч хэтэртлээ иддэггүй. Бас хэзээ ч сунаж унатлаа өлсөж явдаггүй. Хоолны сонголтын хувьд чихэрлэг зүйлс бага хэрэглэдэг төдийгүй төрөлхийн бялуу болоод амттанд дургүй. Мөн хэзээ ч сүртэй их хоолны дэглэм барьдаггүй. Зарим бүсгүйчүүд таргалах вий гэсэн айдастай амьдардгаас байнга хоолны дэглэм барьж өөрөө өөрийгөө зовоож явдаг. Харин ч эсрэгээрээ дандаа өлсөж хоолны дэглэм барихад бие махбодийн хамгаалах рефлекс ажиллаж илүү ховдоглон идэх буюу хоолоор орсон зүйлээ өөх тос болгон хуримтлуулах рефлекс хүчтэй ажиллаж эхэлдэг.

Гоолиг явахын нэгэн нууц нь юу идэх вэ гэдгийг мэддэг байх явдал юм. Байнга гурилан зүйл амттан идээд байвал жингээ барих тань мөрөөдөл болон хоцрох болно. Үүний оронд жимс, ногоо аль болох түлхүү хэрэглэх хэрэгтэй юм. Мөн сүүлийн үед эрүүл амьдрах гээд “өвс идэж, ус уугчид” олширч байгааг би бас гайхдаг. Мах бол хүний бие организмд маш хэрэгтэй олон элементүүдийг агуулж байдаг. Маханд хүний биед зайлшгүй хэрэгтэй өөр ямар ч хүнснээс орлуулах боломжгүй олон төрлийн уураг, амин дэмүүд байдаг. Хамгийн наад зах нь төмөр буюу хүний цусны улаан эсийг бүрдүүлж байдаг  химийн чухал элементийг бид махнаас авч байдаг. Ялангуяа хүүхэд төрүүлдэг эмэгтэй хүн махнаас татгалзах нь маш буруу гэж би боддог. Яагаад гэвэл төмөр хүний биед байх улаан эсийн нөхөн төлжилтөд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлдэг болохоор маш их төмөр, зэс, эрдэс баялаг, уургаар баялаг хоол унд хэрэглэж байх нь зөвхөн өөртөө төдийгүй үр удам төрүүлэх хүүхдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй зүйл юм.

Оюутан байхдаа би Хойд Европын Скандинавын хойгт орших Швед улсад хэдэн жил амьдарсан. Тэндхийн өвөл чийглэг цас ихтэй болоод ч тэр үү хэдийгээр Монголтой харьцуулахад хүйтний хэм нэг их заахгүй ч зарим үед голд ортол даарч жиндүүлдэг байлаа. Бид нэгэн тайланд эмэгтэйн хажуу өрөөг хөлсөлж хамт амьдардаг байсан юм. Тэрээр харин өвс ногоо голдуу иднэ. Махыг бол хааяа нэг загас тахиа иддэгийг эс тооцвол бараг хэрэглэхгүй. Тэрээр бүр намар эрт байхад л байнга даарч бээвийсэн хүн явах. Өвлийн ид хүйтнээр бол гэрээсээ гарах аргагүй боллоо гэж надад нэг удаа гомдоллов. Тэрээр бараг дан хувцастай явах намайг яаж энэ хүйтнийг тэсвэрлээд байгааг гайхна. Би ч мэдээж эрс тэс хүйтэн Монгол нутагт өсч төрснийх хүйтнийг ажрахгүй байх нь аргагүй боловч мэдээж бас мах иддэг маань нөлөөлдөг гэдгийг түүнд хэллээ. Нэг өдөр нөгөө тайланд бүсгүй дэлгүүрээс овоо том шинэ зеланд хонины гуя авснаа ярьж хонины махаар ямар хоол хийж болохыг надаас зөвлөгөө авав. Бид хоёр бараг бүтэн 7 хоног хонины махаар хоол хийж идэв. Харин тэр байнга чичирч явахаа больсноо анзаарч байгаагаа нэг өдөр хэлсэн бөгөөд хүйтэнд ажилдаа дажгүй явчихдаг болов. Ингэхээр  Монгол шиг хүйтэн цаг агаартай оронд мах идэхгүйгээр амьдрах гэдэг хэцүү. Харин махны хэрэглээг хэтрүүлэх юм бол ходоод муутай болох гэх мэтчилэн  мэдээж хэрэг сөрөг үр дагаварууд олон байдаг. Хот суурин газрын амьдралд хэвшсэн бидний махны хэрэглээ дэндүү ихдээд байгааг ч дурсахгүй өнгөрч болохгүй. Бидний өвөг дээдэс өөхтэй хонины махаа өвөл хаврын хүйтэн сэрүүнд түлхүү хэрэглэж зуны цагт бол махыг бараг амсдаггүй байсан. Иймдээ ч одооны хүмүүс шиг залуугаараа ходоод элэг цөс гэх мэтчилэн дотор өвчний өвчлөлөөр бага өвддөг байсан байх. Хорт хавдар гэдэг зүйл бидний багад хааяа нэг хөгшин настай хүмүүсийн өвддөг өвчин байсан бол энэ нь одоо өвчлөгсдийн насны хавьд маш их залуужиж байна. Тэгэхээр хүний амьдралд эрүүл саруул явахад хэзээ ямар хоол идэх вэ, зөв хооллолт гэдэг зүйл зүй ёсны асуудал болоод байна. 

Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл