Үнэтэй бренд рүү бид яагаад хошуурдаг вэ?

7:49 AM

Социализм гэх тэгшитгэсэн нийгэмд бид бүгд өмсөж зүүх эдлэж хэрэглэх адилхан байсан. Харин одоо зарим нэг нь бизнесийнхээ хүчээр овоо мөнгөтэй болжээ. Тэдгээр шинэ баячуудын бусдаас ялгарах гэсэн дотоод хүсэл энэхүү бренд рүү улайрах хандлага газар авахад гол хөдөлгөгч хүч болсон гэж барууныхан үздэг юм байна. Хятадуудын өвөг дээдэс уг нь мөнгөндөө хямгатай нарийн. Харин шинэ үе нь яагаад барууны өндөр үнэтэй брендэд олсон мөнгөө үрэх болов гэдэг асуудал их хурцаар тавигдаж эхлээд байгаа юм байна. Тэгэхээр үргэлж юмаар дутагдаж ирсэн хүмүүс түүнийг амьдралдаа нэг удаа ч болов хэрэглэж үзье гэх хүний дотоод хүсэл мөрөөдөлтэй энэ нь холбоотой гэнэ. Баруунд бол олон зуун жилийн туршид түүнийг хэрэглээд үзчихсэн. Нэг ёсондоо ханаж цадаад одоо энэ нь тухайн хүний мөнгөтэйн илэрхийлэл, бусдаас давуу байхын илэрхийлэл биш болчихсон. Тэгээд ч тэнд хүнийг өмссөн хувцсаар нь биш дотоод хүн, мөн чанараар нь үнэлдэг үзэл хэдий нь бүрэлдэн тогтсон байдаг. Лондон хотын Burberry outlet ороод би цочсон шүү. Тэнд дүүрэн Хятадууд бас Монголчууд. 

Нэлээн хэдэн жилийн өмнө Монголд буцаж ирж байхдаа би хувцаслалт тал дээрээ нэлээн “баруунжсан” байлаа. Тэр дундаа Швед бол хүмүүс нь их энгийн бүүр маш энгийн. Улаанбаатарт ирээд удаагүй би нэгэн найзынхаа ажил дээр очлоо л доо. Өмсөж дассан биед эвтэй футболк жинсэн өмдтэй. Харин найз маань намайг баруунаас ирсэн хүн гээд нүд гялбам ганган хүн төсөөлж байсан гэсэн. Найзтайгаа жаахан уулзаж юм ярилаа. Өрөөнд нь хамт ажилладаг бүсгүйчүүд нь байсан юм. Тэдгээр бүсгүйчүүд ч бас манай найзад “Танай найз чинь гадаадаас ирсэн гэхэд ямар даруухан юм” гэсэн гэж. Миний хувцаслалт гологдож л дээ. Удалгүй ажилд орлоо. Би бас жаахан зөрүүд хүн байгаа юм. Хүмүүс шүүмжлээд байхаар нь нэг хэсэг “гүрийж” үзлээ. Миний хувцас ер нь хэнд хамаатай юм. Би ажлаа хийж чадаж байвал. Тэгээд ч хүнийг хувцасаар нь дүгнэх энэ Монгол үзэл хаа сайгүй “ханхлаад” байсан тул хэсэг зуур өөрийнхөөрөө явлаа. Гэхдээ нэг их удалгүй Монголд бусдын “хүндлэл хүлээх” “бусдад хүлээн зөвшөөрөгдөх” бас нэгэн зайлшгүй хэрэгцээ бол хүссэн хүсээгүй үнэтэй хувцас өмсөх юм байна гэдгийг “ухаарсан”. Би үнэтэй хувцас өмссөн ч уг нь би хэвээрээ л байх боловч эргэн тойрны бусад хүмүүсийн хувьд бол тийм биш. Би бусад хүн юу гэх бол гэж хэдийгээр санаа зовж амьдардаг “хулчгар” нэгэн ч бас биш л дээ. Ер нь бол нэлээн өөрийнхөөрөө. Гэхдээ ажлаа сайн хийх, амжилттай явахын тулд “үнэтэй” хувцаслах хэрэгтэй гэдэгтэй би одоо эвлэрсэн. Харин манайд реклам сурталчилгаа арай дэндүү. Зарим нэг нь энэ ийм ч үнэтэй цаг үүнийг л авах нь эдэлж хэрэглэх нь таны нэр төрийн баталгаа гэж ч байх шиг.  Миний нэр төрийн баталгаа миний амжилт бүтээл, нийгэмд хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаагаар, миний хүн чанараар хэмжигдэнэ үү гэхээс биш яасан ч унаж буй машин, эдэлж хэрэглэж буй цаг, өмсөж зүүж буй хувцас мэтхэнээр хэмжигдэх ёсгүй гэдэг дээр би харин хатуу байр суурьтай байдаг. Би хүний хувьд тиймхэн эд зүйлээр өөрийгөө үнэлүүлээд байдаг “хямдхан” хүн биш гэж боддог. Гэхдээ яахав бренд цүнх хувцас эдлэх надад таалагддаг. Жирийн цүнхнээс хамаагүй эдэлгээтэй чанартай байдаг. Тэгээд ч бүсгүй хүний нэг мөн чанар биз бодвол сайхан цүнх, сайхан хувцас гуталд би дуртай.


Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

1 сэтгэгдэл