Номын цагаан буян

6:00 PM

Миний үеийнхэн буюу 70-аад оныхон тэрнээс өмнөх үеийнхэн ном их уншдаг байсан. Зарим нэг залуус тэр үед компьютер байгаагүй интернет байгаагүй ном уншихаас өөр юу хийх вэ гэж боддог. Яг үнэндээ бол манай үеийнхэн дунд ном уншдаггүй хүмүүсч бас байсан. Харин эсрэгээрээ одоо залуу үе дунд номын хорхойтой олон залуус байгаа. Би залуусыг үе үеэр нь ялгаварлаж хэн нэгнийг нь буруушаахыг бодохгүй байна. Гэхдээ өөрийгөө тэр “ном уншихаас өөр хийх зүйлгүй үеийнхэн” дунд багтсандаа одоо талархаж явдаг. За олон юм нуршаад яах вэ ном бидний амьдралд ямар ач тусаа өгдөг вэ гэдгийг хэдхэн жишээгээр залуусдаа хэлэхэд:
Номоос хүн амьдралын олон үнэн бодит зүйлийг харж мэддэг. Хүн болгоны амьдрал өөр байдаг. Харин ном уншдаг хүн зөвхөн өөрийн амьдрал туршлага дээр явцуурахгүйгээр маш олон амьдралын туршлагыг өөрөө заавал туулж мэдэхгүйгээр мэдэх боломжтой байдаг.
Ном хүний оюун ухааныг задалж логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Уншсан номынхоо сонин сайхан зүйлийг ухаж учрыг нь сайн ойлгоогүй зүйлээ хүн “Яагаад” гэсэн асуултыг өөртөө тавьж хариултыг нь олохыг хичээдэг. Иймд ном хүний оюун ухааныг тэлж амьдралын ухаанд сургадаг. Манай ард түмэн “Ухаан далай номноос эхтэй” гэж үр хүүхэддээ сургаж ирсэн нь дэмий ч нэг үг биш байх.
Ном уншдаг хүн өргөн мэдлэгтэй болдог. Өргөн мэдлэгтэй хүн сонин сайхан зүйл ярьдаг. Уулзаад ярилцаж суухад урамтай хүмүүс байдаг. Тэдний нууц бол ном уншихтай л холбоотой. Юу ч мэддэггүй хүн юугаа хэнтэй хуваалцах билээ дээ. Өргөн мэдлэгтэй хүнийг эрт дээр цагаас хүн болгон л хүндэтгэж ирсэн. Иймд мэдлэгтэй болсноор хүмүүсийн хүндлэл хүлээж цаашлаад сайхан амьдрах боломж бий болно гэсэн үг.
Номноос хүн нинжин сэтгэл, хүнлэг ёсыг дээдлэх ухаан өөртөө төлөвшүүлдэг. Хүн төрөлхтөн эрт дээр цагаас номоор дамжуулж хүнлэг нинжин сэтгэл, хүний сайхан сэтгэлийн хүчийг магтан дуулсаар ирсэн. Иймд би ном их уншдаг хүн яав ч атгаг муухай өчүүхэн бодолтой болдоггүй байх гэдэгт бат итгэдэг.
Ном хүнийг соёлтой, боловсон, ухаалаг яриа хөөрөөтэй болгож төлөвшүүлдэг. Монголчууд ном уншдаггүй боловсролгүй хүнийг “харанхуй цээжтэй хүн” гэж ёгтолж хэлдэг. Харанхуй цээжтэй хүн гэдэг маань дотроо тулга тойрсон өчүүхэн бодолтой, балмад зантай, бүдүүлэг хүнийг хэлдэг байх гэж би ойлгодог. Тэгэхээр ном гэдэг хувь хүний соёл төлөвшилд маш чухал ач тустай.
Номноос хүн хэл яриагаар болон бичгээр өөрийгөө бусдад төгс илэрхийлэхэд суралцдаг. Гайхамшигтай ярьдаг цэцэн цэлмэг үгээр өрийгөө бусдад төгс илэрхийлдэг хүмүүс байдаг. Тэд бүгд сайн уншигчид гэдэгтэй би маргахгүй байна. Тэр уран цэцэн үгийн баялгийг хаанаас олж авах вэ. Номноос л олж мэдэж сурч авна шүү дээ. Түүнээс ном уншдаггүй хүний хэл яриа ярианы ойр зуурын хэллэг төдийхнөөр хязгаарлагдсан л байх биз. Мөн би боддог юм ажлын шаардлагаар албан бичиг захидал, заавар журам боловсруулахад хэдий зарим нэг гадаад хэлийг төгс төгөлдөр эзэмшсэн гэж өөрийгөө хэлэхгүй ч зөвхөн төрөлх хэл дээрээ төдийгүй тэдгээр хэл дээр бичиг захидал бичихдээ би нэг их түүртээд байдаггүй. Бас болсон болоогүй ганц нэг өгүүллэг, нийтлэл “сараачих” дуртай. Энэ чадварыг эзэмшихэд надад ном л тус болсон.


Сайхан төрөх санааных

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл