Б.ЭРХЭМБАЯР: Институциональ хөрөнгө оруулагчид худалдаж авсан учраас манай бонд чанартай

11:03 PM

Өнгөрсөн долоо хоногт Худалдаа хөгжлийн банк богино хугацаатай оффшор юанийн бонд амжилттай арилжиж, 700 сая юанийн хөрөнгө оруулалт төвлөрүүллээ. Эргэлтийн хурд нь эрчимжиж буй Хятадын хөрөнгийн зах зээлд Монголын нэрийг тамгалсан эл үйл явцыг “Finance Asia” тэргүүтэй сэтгүүлүүд санхүүгийн мэдээллүүддээ “пионер” буюу анхдагч хэмээн тэмдэглэжээ. Юаниар илэрхийлэгдэх Монголын анхны өрийн бичгийг хөрөнгө оруулалтын банк, сангууд ихээхэн сонирхсон бөгөөд тэдгээрийн дотроос CLSA, ”Deutsche Bank”, ING, “TDB Capital” арилжааг нь удирдан явуулсан байна. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкны Олон улсын болон байгууллагын харилцааны газрын захирал Б.Эрхэмбаяртай ярилцлаа. 
 -Худалдаа хөгжлийн банк юанийн бонд арилжсан нь Монголд анхдагч боллоо. Бондын арилжааны талаар яриагаа эхлэх үү? 
 -Манай банк энэ сарын 9-нөөс Сингапур, Хонконгийн хөр өнгө оруулагчидтай уулзалт хийж эхэлсэн. Нэг өдөр Хонконгод, нэг өдөр Сингапурт гэх мэтчилэн оффшор юанийн бондоо боломжит хөрөнгө оруулагчдад танилцуулахыг зорьсон. Энэ нь ам.долларын бондынхоос ялгаатай байдаг учраас оффшор бондыг хамарсан, энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулагчдыг оролцуулсан уулзалт зохион байгуулсан. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт уулзалтуудаа эцэслэж, бондын арилжааг нээлттэй зарлан захиалгаа авч дуусгаад, өнөөдрийн (нэгдүгээр сарын 21) байдлаар 700 сая оффшор юанийн эх үүсвэр манай банкинд байршаад байна. 
 -Энэ бонд хөрөнгө оруулагчдын дунд нэлээд эрэлттэй байсан гэсэн байх аа? 
 -Бондын арилжааг зохион байгуулагч банкуудын зүгээс манай бондын зорилтот хэмжээг (benchmark size) 500 орчим сая юань гэж тодорхойлж байсан. Манай банкны удирдлагын баг үүнийг зөвшөөрч, 500 орчим сая юань төвлөрүүлэхээр зэхсэн ч эрэлт нь огцом өсөж, захиалгын нийт хэмжээ 1.4 тэрбум гаруй юаньд хүрсэн. Нийт 48 хөрөнгө оруулагч юанийн бондыг худалдан авлаа. Үүнээс 66 хувийг нь хөрөнгийн удирдлагын сангийн менежерүүд, найман хувийг нь банк, санхүүгийн байгууллагууд, 26 хувийг нь хувийн банкууд худалдан авсан байна. Ер нь бондын үнэ цэнийг хөрөнгө оруулагчдын бүтцээр нь тодорхойлж болдог. Манай бондын хувьд хувийн банкуудын хөрөнгө оруулагчдын оролцоо багатай, институциональ хөрөнгө оруулагчид давамгайлсан учраас нэлээд чанартайд тооцогдож байгаа. Оффшор юанийн бүсэд (Хятадын эх газраас гадна юаниар төлбөр тооцоо хийж, худалдаа, бизнес эрхлэх нь хурдацтай хөгжиж буй Хонконг, Сингапур, Тайвань зэрэг улс, хот) Хятадын хөрөнгө оруулалтгүй, Хятадын бус компани бонд арилжсан тохиолдол маш цөөхөн байдаг. Тиймээс энэ нь Монголд анхдагч гэдгээс гадна нэлээд онцлогтой. Оффшор юанийн бондын хөрөнгө тэр бүс нутагтаа л зарцуулагддаг бол бид энэ хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгөө эдийн засгийн огт өөр бүс нутагт ашиглаж буй. Оффшор юанийн бонд гаргах гэж байгаа компаниудад ингэж болдог юм байна гэсэн анхны мессежийг дэлхий нийтэд түгээж байгаа юм. 
 -700 сая юанийг юунд зарцуулах вэ? 
 -Манай бизнес тодорхой шүү дээ. Гадаадаас бага хүүтэй эх үүсвэр татаж, түүнийгээ зээл болон бусад активд тараан байршуулдаг. Өөрөөр хэлбэл, банкны бизнестээ, бусад аж ахуйн нэгжүүдэд зээл олгоход л зарцуулна. -Гадаад зах зээлээс бага хүүтэй эх үүсвэр татах талаар та ярилаа. Энэхүү оффшор юанийн бондын купон нь хэдэн хувьтай вэ? -Хоёр жилийн өмнө гаргасан 300 сая ам.долларын бондын купон нь 8.5 хувиар тогтож байсан. Харин энэ удаагийн оффшор юанийн бондын купон нь 10 хувьтай гарсан л даа. Гэхдээ хөрөнгө оруулалтаа бид юаниар нь авч ашиглахгүй, ам.долларт хөрвүүлж ашиглана шүү дээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын бондтой своп хийгдэж байгаа. Свопыг нь тооцоод үзвэл, ам.долларын жишиг хүү нь жилийн ес орчим хувьтай, гурван жилийн хугацаатай байх юм. Тэгэхээр энэ нь тийм өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт биш. Одоогоор манайд гурван жилийн хугацаатай, дотоодын ам.долларын хадгаламж гэж алга. Үүн дээр маржин хүүгээ нэмээд ажиллахад боломжтой, ашигтай эх үүсвэр. 
-“Moody’s” агентлаг Худалдаа хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг бууруулсан нь бондын купон өндөр тогтоход нөлөөлсөн болов уу? 
-“Moody’s” агентлаг “ХААН”, “Хас” болон манай банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээний хэтийн төлөвийг тогтвортойгоос сөрөг гэсэн зэрэглэлд бууруулсан. Өөрөөр хэлбэл, одоогийн зээлжих зэрэглэл буураагүй, юанийн бонд нь Засгийн газрын үнэлгээтэй ижил түвшинд буюу B1 үнэлгээтэй байгаа. Өмнө нь гаргасан 300 сая ам.долларын бондын үнэлгээтэй ижил гэсэн үг. Үнэлгээний хэтийн төлөвийг бууруулсан нь хөрөнгө оруулагчдын итгэлд тийм ч их нөлөөлөөгүй. 
 -Худалдаа хөгжлийн банк 2012 онд мөн гурван жилийн хугацаатай бонд арилжиж, 300 сая ам.долларын хөр өнгө оруулалт татаж байсан. Танайд санх үүжилт, зээлийн хүсэлт ийм их ирж байгаа хэрэг үү? 
-Манай банк байгуулагдсан цагаасаа Монголын эдийн засагт голлох байр суурь эзэлж буй томоохон аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлж ирсэн. Байгууллагад чиглэсэн банкны үйл ажиллагаа, тэр дундаа байгууллагын зээлийн салбарт тэргүүлдэг. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн чиг хандлагын дагуу л үйл ажиллагаа явуулж, харилцагчдынхаа бизнесийг санхүүжүүлж байна. 
 -Танай банк өрийн бичиг арилжих, хөрөнгө босгох талаар нэлээд туршлагатай боллоо. Ер нь Монголын арилжааны банкууд гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломж хэр байна вэ? 
-Худалдаа хөгжлийн банк 2007 оноос бонд босгож, хөрөнгийн зах зээлд анхны алхмаа хийсэн. Засгийн газар бонд арилжихаас ч урьтаж, зөвхөн банк, санхүүгийн салбар төдийгүй Монголдоо анхдагч болсон. Хэрвээ ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн нөхцөл улам сайжирвал Монголоос олон бонд гарах байх, тэр дундаа банкууд үүнд тэргүүлэн оролцох байх гэж найдаж байна. Гэхдээ үүнд хүрэхийн тулд зөвхөн банк төдийгүй бусад компани тодорхой шаардлагуудыг хангасан байх учиртай. Олон жилийн турш аудитын тайлан гаргаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн байх ёстой. Тодруулбал, санхүүгийн хувьд нэгэнт бэхэжсэн, найдвартай, үйл ажиллагаа нь жигдэрсэн компани болохоо KPMG, “Deloitte” зэрэг дэлхийд тэргүүлдэг аудитын компаниудаар олон улсын стандартын дагуу баталгаажуулсан байх ёстой. Стандартын дагуу аудитын тайлан хийлгэсэн байвал дараа дараагийн бонд гаргахад нэлээд дөхөм болох байх. 
 -Бонд арилжихаар хөрөнгө оруулагчдад танилцуулах уулзалт (roadshow) хийх үеэр Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар тэд ямар сэтгэгдэлтэй байна вэ? 
 -Гадаад зах зээлд Монголын макро эдийн засгийн орчин нөхцөлийн талаар сөрөг мэдээллүүд маш их байгаа нь анзаарагдсан. Монголын эдийн засгийн ерөнхий байдалд сэтгэл зовниж байгаагаа хөрөнгө оруулагчид илэрхийлж байсан. Тухайлбал, Оюутолгойн бүтээн байгуулалтын хоёр дахь шат гацсан, валютын ханшийн хэлбэлзэл, төсвийн алдагдлын талаар сэтгэл дундуур байгаагаа ярьж, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн эдийн засагт нөлөөлж байгаа бодит үр дүнгийн талаар лавлаж байсан. Харин Худалдаа хөгжлийн банкны санхүүгийн тогтвортой байдлыг хүлээн зөвшөөрч, итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан. 

Б.ЦЭЦЭГСҮРЭН 

Эх үүсвэр: Өнөөдөр сонин, http://www.mongolnews.mn/w/49325

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

1 сэтгэгдэл