Төгс эмэгтэй гэж хэн бэ

11:01 AM

Төгс эмэгтэй гэж хэн бэ Нар сар шиг гэрэлтсэн царайтай, торомгор алаг нүдтэй гунхсан сайхан бүсгүй. Түүний ярьж хэлэх нь мөнгөн хонх жингэнэх шиг гэх мэтээр бүсгүй хүний байгалаас заяасан гоо үзэсгэлэнг магтсан байдаг. Харин хэрэв хүсвэл бүсгүй хүн зөв хүмүүжил, амьдралын төлөвшлийнхөө ачаар дагина шиг үзэсгэлэнтэй болж чадна гэж би боддог. Америкийн телевизийн реалити шоу байдаг даа. “Топ мопель төрдөггүй юм харин түүнийг хийж бүтээдэг” гэж алдарт загвар өмсөгч Тайра Банк хэлдэг. Тэгэхээр үүнтэй адилхан бүсгүй хүний гоо үзэсгэлэнг “хийж бүтээж” яагаад болохгүй гэж. Ийм ч үзэл бодлын үүднээс би номоо “Сайхан төрөх санааных” гэж нэрлэсэн юм. Тийм ээ төгс төгөлдөр эмэгтэй гэж хэлэгдэхэд зөвхөн харагдах гадаад төрх гоо үзэсгэлэн хангалтгүй болсон цаг. Мөн өмнөх хэсэгт дурьдсанчлан орчин үеийн нийгэм бүсгүй биднээс зөвхөн гадна төрхөөрөө гоо үзэсгэлэнтэй байхыг шаардахаа нэгэнт больжээ. Эмэгтэй хүний төгс гоо үзэсгэлэн бол түүний гадаад өнгө үзэмж төдийхнөөр тодорхойлогдохоо нэгэнт больжээ. Эмэгтэй хүний дотоод ертөнц, дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн гаднахаасаа хамаагүй илүүд тооцогдох болж. Үлгэрт гардаг шиг үзэсгэлэн гоо боловч “хар хөө” шиг дотортой бол тэр хүн яаж гоо сайхан эмэгтэй байх вэ. Тэр хүн яаж сайхан сэтгэлт эх хүн болох вэ. Яаж эр хүний өмөг түшиг болсон сайхан гэргий байх вэ. Үзэсгэлэн төгөлдөр хирнээ хэлэх үг нь бусдыг дормжилсон хараасан бүсгүй байвал тэр хүн яаж бусдын хайр хүндлэлийг хүлээх вэ. Түүний оронд бидний хэлдэгээр “царай муутай” ч эелдэг бүсгүй байвал хамаагүй илүү. Мөн гоо сайхан төрхтэй ч боловсрол мэдлэг нимгэнтэй байвал яах вэ. За хүн болгон боловсролтой байх албагүй юмаа гэхэд ядаж амьдралаа аваад явах ухаангүй нэгэн байвал яаж гоо сайхан эмэгтэй гэж хэлэгдэх вэ. Манай нэгэн яруу найрагч эмэгтэй өөртөө ихэд итгэлтэйгээр би толинд хараад өөрийгөө хэзээ ч голж муухай гэж боддоггүй. Бие галбир бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг гэж хэлж байхыг нь сонссон юм байна. Яруу найрагч маань хэдий одооны загварын сэтгүүлийн хуудасны нүд гялбам хүүхнүүд шиг гоолиг сайхан биш ч түүний мэдлэг, дотоод ертөнцөөс цацрах гэрэл гэгээ түүнийг сайхан эмэгтэйн зиндаанд хүргэсэн нь ойлгомжой. Хүн бүр заавал өөгүй сайхан царай бие бялдартай төрөх албагүй. Харин өөртөө жаахан арчаатай эмэгтэй бол өөгүй сайхан төрөөгүй ч сайхан эмэгтэй гэж хэлэгдэх болмжтой. Үүнд толгойгоо мэдлэг боловсролоор цэнэглэх, ихийг сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, боловсруулах хамгаас чухал. Иймд хэрэв та толинд хараад миний энэ нүд жаахан том болчихгүй. Би ч дээ намхан давжаа гэж өөрийгөө голж гоочилж суудаг бол яг одооноос эхлэн үүнийгээ боль. Үүний оронд харилцааны соёл, хувцаслах соёл, тархиа цэнэглэж ерөнхий мэдлэгийн хүрээгээ тэлэх гээд өөрт илүү хэрэгтэй зүйлд өөрийнхөө цаг завийг зарцуулж эхэл. Баруунд түүнчлэн загварын ертөнцөд хүртэл шинэ чиг хандлага нэгэнт хүчээ авч эхлээд байна. Хувцас загварынхан моделоо сонгохдоо заавал хөөрхөн сайхан бүсгүйчүүдийг биш энгийн “жирийн сайхан” эмэгтэйчүүдээр төлөөлүүлэх хандлага гарч эхэлж байна. Гудамжинд буй постер дээрээс харахад заавал гадаад төрх нь үзэсгэлэнтэй хүмүүс биш эгэл жирийн хүмүүсийн төлөөлөл илүү болж байна. Үүнээс харсан ч орчин цагийн нийгэм гаднаа гяланцаг хүмүүсээс “нүүр буруулж” эхлээд байгаа юм шүү.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

5 сэтгэгдэл