Стокгольм, Хельсинк хотуудаар зорчсон тэмдэглэл
4:53 PM
Nordea банк. Nordea банк бол санхүүгийн хямралыг зөв эрсдэлийн бодлогоороо маш
ухаалгаар гэтлэн давж байгаа банк бөгөөд Global Finance сэтгүүлээс гаргадаг дэлхийн 50 том найдвартай, эрүүл банк санхүүгийн байгууллагын 22 дугаарт бичигдэж байгаа хойд европийн зах зээлд тэргүүлэгч хамгийн том банк. Өдийг хүртэл уг банкны нийт хувьцааны 20 орчим хувийг Шведийн Засгийн газар эзэмшдэг. Nordea банкны интернетийн үйлчилгээ, сүлжээний аюулгүй байдал нь биднийг бишрүүлсэн юм. Хойд европийн нийт хүн амын 67 хувь нь интернет банкаар үйлчлүүлдэг нь дэлхийн томоохон хөгжилтэй Америк, Их Британийг ч хол орхисон үзүүлэлт болдог юм байна. Эндээс нэг бодол төрсөн юм. Мэдээж хэрэг скандинавынхны хүн амын ерөнхий боловсролын түвшин өндөртэй интернет банкны өндөр хэрэглээ яах аргаүй холбоотой байх. Гэхдээ яагаад ч юм скандинавынхны зөөлөн найрсаг чимээгүй зан чанар, цөөхүүлээ чимээгүй амьдралаас улбаалсан кибер ертөнцөд илүү татагддаг зан араншинтай нь тэдний интернет банкны үйлчилгээг тэгтлээ илүүд үзэх болсон нь холбоотой ч юм шиг надад санагдсан. Мөн нөгөөтэйгүүр Sony-Ericsson, Nokia гээд гар утас, мэдээллийн технологийн 2 том компануудын нөлөө ч бас байдаг бололтой. Гар утсаараа кредит картаа уншуулж банкны гүйлгээ хийдэг мобайл банкны үйлчилгээ бас бодит хэрэглээ болсон байна.
Nordea банктай манай Худалдаа хөгжлийн банк олон талын хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд шведээс Nordea банкаар дамжуулан Худалдаа хөгжлийн банк руу швед кроны гуйвуулга хийдэг. Хэрэв интернетээр гуйвуулбал ердөө л 30 кроны (буюу 3 евро гэсэн үг. Харин банк дээр ирж гуйвуулга хийвэл 140 крон) төлбөр төлнө. Бидний аяллын маань бас нэг зорилго бол шведэд амьдран суудаг монголчууддаа энэ үйлчилгээгээ сурталчлах явдал байлаа. Хэрэв та уг банкинд данстай бол интернетээр эх нутаг руугаа нүд ирмэхийн зуур л шилжүүлэг хийж болно гэсэг үг. Урьд шведээс мөнгө гуйвуулахад манай монголын банкууд шууд харилцаагүйгээс Германы эсвэл европийн өөр банкуудаар дамжиж кроноо евро, монголд төгрөг болгож ханшийн зөрүүнээс их хохирдог байсан. Одоо бол тийм зүйл байхгүй болсон.

Стокгольмд. Стокгольмын талаар урьд өмнө уншигчиддаа нэлээн олон удаа танилцуулж байсан тул энэ удаа олныг үл нуршихаар шийдлээ. Стокгольмд ердөө 3 өдөр байсан маань үнэндээ тэнд уулзаж учрах ах дүү хамаатан садан, найз нөхөд гэж нэлээн хэдэн хүнтэй над шиг хүнд бол нүд ирмэхийн зуур л өнгөрчихлөө. Финляндийн нийслэл Хельсинкийн зүг 9 давхар байшин шиг хөлөг онгоцоор Стокгольм хотын төвөөс Viking Line гэх усан онгоцны зогсоолоос цааш аяллаа. Бидний аялсан хөлгийн нэрийг Cinderella гэх. Хойд зүгийн хүйтэн салхинд жаахан зутарч даарч явсан багийн маань 3 залуу хөлөг онгоцны тавцан дээр хөл тавимагц дуу шуу орж явчлаа.
Арга ч үгүй байх даа. Би гэж нэг хүн ажлын хажуугаар хүн амьтантай уулзах, бас дэлгүүр хэсэх ажлаа амжуулах гээд нөгөө гуравтаа Стокгольмын сайхан зүйлүүдийг үзүүлж чадаагүй юм. Тэгээд ч тэнд байх хугацаанд скандинавын хүйтэн зэврүүн хавар яагаа ч үгүй байсан нь аялал маань илүү сонирхолтой тааламжтай байхад бага зэргээр нөлөөлсөн. Энэхүү хөлгийн бүхээгт диско, клуб, казино, төрөл бүрийн бар ресторан гээд хүмүүс цагаа зугаатай өнгөрөөх зүйлүүд зөндөө олон. Бид нэгэн гитартай залуухан дуучны амьд тоглолтыг үзэж хэсэг суулаа. Дуучин маань зөвхөн цахилгаан гитар тоглоод амьд хоолойгоор тасралтгүй 3 цаг дуулсан нь биднийг бүр бишрүүлж орхив. Lapin kulta гэж Финлянд, Шведэд нэлээн алдартай шар айраг шимэн амьд тоглолт үзэж суухад аян замын алжаал ядаргаа тайлагдана.
Хельсинк хот. Финляндын тухай товчхон Helsingfors гэх швед нэр нь хотын жинхэнэ
нэр юм. Хельсинк хот 1550 онд Шведийн хаан Густав I –ийн санаачлагаар байгуулагдсан түүхтэй. Хотын хувьд бол 500 мянга орчим (дагуул жижиг хотын оршин суугчдыг тооцохгүйгээр) хүн амьдран суудаг цомхон жижигхэн хот юм. Стокгольмтой ерөнхийдөө ойролцоо стандарттай. Гэхдээ үйлчилгээний газруудын хүмүүсийн зөөлөн найрсаг байдал нь шведүүдээс арай илүү санагдсан. Стокгольмд бол хаа сайгүй тааралдах арабууд, ази зүгийн шар арьстанууд, бас харууд ч энд тун ховор юм. Финляндийн цагаачлалын бодлогоос хамааран энд цагаачид бага суурьшсан бололтой юм. Финлянд улсын үүх түүхийг сөхвөл 1808-1809 онуудад Орос, Шведийн хооронд болсон Финийн дайныг хүртэл 600 гаруй жил Шведийн хаант улсын мэдэлд байсан байна. Улмаар 1809 онд Балтийн тэнгист нөлөөгөө бэхжүүлсэн Оросын эзэнт гүрний удирдлага дор автономит Финляндийн вант улс байгуулагдсан байна. Харин тусгаар тогтносон Финлянд улсын түүх Орост болсон Октябрийн хувьсгалын дараахан 1917 онд Финлянд улс тусгаар тогтнолоо зарласнаар эхэлсэн байна. Үүгээрээ Орос, Хятад, Манжийн дарлалд дарлагдсан монголчууд бидэнтэй төстэй мэт. Иймээс ч Финляндууд тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрдэг улс гэлтэй. Тусгаар тогтносон өдрөө жил бүрийн 12 дугаар сарын 6-ны өдөр тун нижгэр тэмдэглэнэ. Финляндийн энэхүү түүхийг урьд нь мэддэггүйгээс ч тэрүү хамт ажиллаж байсан нэгэн фин залуугаас шведүүд тусгаар тогтнолын өдрөө нэг их сүртэй тэмдэглэхгүй байхад та нар яагаад тэгдэг юм гэж асуухад тэрээр “Тэд дандаа бусдыг байлдан дагуулж дарлаж явсанаас биш дарлагдаж үзээгүй хүмүүс. Иймд эрх чөлөө тусгаар тогтнолын үнэ цэнийг биднээс дутуу үнэлдэг байх” гэж билээ. Хэлний бүлгийн хувьд финлянд хэл скандинавын бусад хэлүүдээс тэс өөр буюу монгол хэлний алтай язгуурын бүлэгт багтдаг. Үүгээрээ үгийн дагавар бусад европийн орнуудын хэл шиг үгийнхээ өмнө биш хойно байдгаараа монгол хэлтэй минь төстэй. Харин бараг бүх финлянд хүмүүс шведээр тун сайн ярина. Хоёр хэлтэй тэр ч бүү хэл гудамж талбай, автобус, метроны буудлын нэрүүд хүртэл швед болон финлянд хоёр хэлээр зэрэг бичигдэж нэрлэгдэж заншсан байна.
Soumenlinna буюу Финлянд цайз. Финлянд улс тусгаар тогтнолоо дөнгөж 1917 онд
олж авсан. Энэхүү тусгаар тогтнолын бэлэг тэмдэг нь түүхийн чухал ач холбогдолтой Sweaborg буюу финляндаар бол Suomenlinna (Castle of Finland) гэх бяцхан арал дээр зочилсон маань их сэтгэгдэл төрүүлсэн. Уг арлыг Юнескогоос 1991 онд дэлхийн өв соёлын хамгаалалтанд авсан юм билээ. Арал Хельсинк хотын урьд зүгт байрладаг бөгөөд хотын төвөөс бэсрэг усан онгоцоор нийтийн тээврийн унааны тасалбараар хэдхэн минутын дотор хүрч очдог. Хельсинкт очсон хүн заавал очиж үзэх ёстой газарт зүй ёсоор тооцогддог юм билээ.
Хельсинк хотод алтадмал бөмбөгөр оройгоороо гайхуулах гоёмсог үнэн алдартны буюу ордотоксийн сүмүүд нэлээн элбэг байна. Оросын соёл шашны нөлөөг энэхүү үнэн алдартны сүмүүд батлан харуулсаар өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Харин зурагт харагдаж Успенскийн сүм нь баруун европт хамгийн том үнэн алдартны сүмэд тооцогддог юм байна. Биднийг сүмийг үзэх явцад тайлбарлагч 2007 онд уг сүмээс түүхийн болон өв соёлын асар их дурсгалт Гэгээн Николайн хөрөг гэгээн цагаан өдөр алдагдсан тухай нэгэн таагүй түүхийг ярьж өгсөн
нь бас их сонирхол татав. Энэхүү үнэн алдартны сүм нь 1862 онд Оросын уран барилгач Александр Горнацаевийн зураг төслөөр баригджээ. Зурагт харагдах Helsinki Cathedral буюу Хельсинкийн “Том сүм” нь 1917 оныг хүртэл Гэгээн Николайн (Оросын эзэн хаан) сүм гэж нэрлэгдэж байжээ. Сүмийн доторх нам тайван байдал, алтадмал уран зураг сэлт нь орсон хүмүүс бишрэхгүй байхын аргагүй.
Олимийн цэнгэлдэх хүрээлэн
1952 онд Хельсинк хотноо зуны олимп болсон түүхтэй. Мөн онд финлянд бүсгүй Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд түрүүлсэн тул финляндууд 52 оныг бидний азтай жил гэж хошигнож ярих ажээ.

Хельсинк хот. Финляндын тухай товчхон Helsingfors гэх швед нэр нь хотын жинхэнэ

Soumenlinna буюу Финлянд цайз. Финлянд улс тусгаар тогтнолоо дөнгөж 1917 онд

Хельсинк хотод алтадмал бөмбөгөр оройгоороо гайхуулах гоёмсог үнэн алдартны буюу ордотоксийн сүмүүд нэлээн элбэг байна. Оросын соёл шашны нөлөөг энэхүү үнэн алдартны сүмүүд батлан харуулсаар өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Харин зурагт харагдаж Успенскийн сүм нь баруун европт хамгийн том үнэн алдартны сүмэд тооцогддог юм байна. Биднийг сүмийг үзэх явцад тайлбарлагч 2007 онд уг сүмээс түүхийн болон өв соёлын асар их дурсгалт Гэгээн Николайн хөрөг гэгээн цагаан өдөр алдагдсан тухай нэгэн таагүй түүхийг ярьж өгсөн

2009 оны 4 дүгээр сарын 18-28 өдрүүд
Улаанбаатар-Стокгольм-Хельсинк
1 сэтгэгдэл