Тасдаж үл болох сарнай

7:01 PM


Би чамаас нэг юм асууя гэж Халиунаа хэлээд хэсэг зуур түгдэрлээ.
-За тэг л дээ. Юу тэр вэ гээд би сониучирхан түүнийг ширтлээ. Би чамайг эхнэртээ хайртай гэдгийг чинь мэднэ л дээ гээд Халиунаа мөн л  түгдэрэн үгээ таслан уруулаа хазлаад чимээгүй болчихов. Тиймээ, Би эхнэр хүүхэддээ юунаас ч илүү хайртай гэж би дотроо бодсон ч түүнийг гомдоочих вий гэж болгоомжлоод хэлж зүрхэлсэнгүй.

Би чамд харин хайртай болчихлоо гэж Халиунаа хэлээд зорголын нүд шиг өтгөн сормууст хархан нүднийхээ харцыг надаас буруулав. Би түүнийг хэзээ нэгэн цагт ингэж хэлэхийг мэдэж байсан ч яг цагаа тулахаар тулгамдаад хэлэх үг олдсонгүй. Юу хэлэхээ жаахан цэгнэж сэхээ орсон би:

 –Бид хоёр зүгээр сайхан найзууд шүү дээ гэж дэмий л амандаа бувтнав. Үнэндээ би ямар тэнэг хариулт хэлсэнээ төдөлгүй ухаарав. Нэгэнт уруул давсан үгийг буцааж ямар болох биш. Дөнгөж л 20 хүрч яваа охин 40 шахаж яваа үе мултарсан бид хоёр ямар юмных нь найзууд байх билээ дээ.

Миний ажилладаг газрын доод талын давхарт кофены анхилуун үнэр нэвт шингэсэн жижигхэн ч тун тохилог нэгэн кафе байдаг. Тэнд бас өдрийн шинэ сонин байдаг тул үдийн хоолны дараа ингээд хэсэгхэн сонин уншиж кофе уухад би юунаас ч илүү дуртай. Тэгээд ч би энэ хэсэгхэн цагийг хэнтэй ч биш зөвхөн өөрөө өөртөө л зориулаад бүр сурчихсан юм. Тэр өдөр ч Франкфуртад өнгөрүүлсэн сүүлийн 5 жилийн амьдралын хэмнэлтэй яг л ижил онцгой юм юу ч үгүй өдөр байж билээ. Гэхдээ би кафед орж ирүүт л намайг бүр таньдаг болчихсон Ханна гэх испани гаралтай махлагдуу бүсгүйг биш үл мэдэг гэрэвшсэн царайтай ази охин надад цэс авчирч өгөхийг анзаарсан. Ханна бол намайг юу авдагийг мэддэг тул надаас захиалга ч авахгүйгээр хөөсөрсөн халуун каппучино зүсэм алимны шарвин дор нь авчраад миний өмнө инээмсэглэн зогсож байдаг юм. Шинэ зөөгч охин тун монголжуу төрхтэй болохыг би анзаарсан ч энд байх аль монгол төрхтэй ази охидыг хэлж барах билээ.  

-Та юу авах вэ? Энэ цэснээс та сонголтоо хийнэ үү гэж цэвэр франкфурт аялгаар дуржигнуулахад нь би түүнийг энд хааяа тааралдах үрчлэгдсэн хятад хүүхдүүдийн нэг байх гэж зурвас бодож амжив. Би ч мөн адил захиалгаа Германаар өгөх завсар түүнийг үл мэдэг сонжингуй харвал хүүхдээрээ тунгалаг царай, давхараагүй ч өтгөн сормуустай нэг их том мэлмэрсэн нүдтэй охин надад тун дотно санагдав. Захиалга аваад цааш эргэхэд нь би эр хүний болдоггүй зангаар түүнийг өөрийн мэдэлгүй араас нь дагуулаад харчихав. Тэрээр ази охин гэхэд овоо нуруулаг өөртөө таарсан мах мариатай цэмцгэр сайхан биетэй аж

Би сонингоо унших зуур хэн нэгэн над дээр харц тогтоогоод байгааг ёстой л өнөө 6 дахь мэдэрхүйгээрээ мэдэв үү гэлтэй харц өргөн дээш харвал өнөө шинэ зөөгч охин намайг сүрхий сониучирхан ширтэж байснаа надтай харц мөргөлдөөд үл мэдэг ичингүйрэн инээмсэглэв. Бүсгүй хүний инээмсэглэл хорвоогийн наран мандахтай юуны ялгаа байх вэ. Тэгэхэд би түүний харцнаас нэг тийм халуун дулаан элч гэрлийг мэдрэх шиг болж билээ. Тэгээд би ч гэсэн охин уруу нөхөрсөгөөр инээмсэглэж үл мэдэг толгой дохив.

Нэг удаа над уруу танил маань Монголоос утсаар залгаж би сонин уншихаа хэсэг зуур завсарлаж түүнтэй ярив. Яриагаа дуусгаад хартал нөгөө зөөгч охин миний дэргэд дэгдэн ирээд гэнэтТа чинь Монгол хүн байсан юм уу гэж монголоор асуудаг байгаа.

Тиймээ. Чи чинь бас гэтэл тэрээр:

 -Тийм шүү дээ. Сайн байна уу та. Халиунаа гээд гараа нөхөрсөгөөр сарвайв.

Би ингэж л Халиунаатай анх танилцсан юм. Тэрээр намайг монгол хүн гэж ёстой бодоогүй шүү гэдгээ цайлганаар хэлээд бас бус юм тасралтгүй шулганасаар л байж билээ.

Аль 90-ээд оны эхээр 10 жилийн сургууль төгсөөд эхлээд Берлинд дээд сургууль дүүргэж дараа нь сүүлийн 5 жил Франкфуртад суурьших болсон намайг нутаг нэгтнүүд маань Монгол гэхээсээ илүү Хятад эсвэл Солонгос гэж боддогийг би сайн мэднэ. Тэгээд ч тэгж бодоход миний энэ нимгэн шарангуй царай, ханхар монгол залуус шиг хүдэр бадар биш туранхай шавилхан бие маань бас нөлөөлдөг ч байж магад. Би бас харааны шил зүүнэХаа нэгтэй монголчуудтай тааралдахаар бас л энэ Халиунаа шиг Өө та чинь монгол хүн байсан юм уу гэдэгт би бүр дасаж орхисон юм.

Тэр цагаас хойш Халиунаа бид хоёр өдөр бүр ганц хоёр үг заавал монголоор солино. Нэг удаа би үдээс хойш онцын хийх ажилгүй байсан тул ердийнхөөсөө нэлээн удаан тэнд сууж сонин уншлаа. Халиунаа ч яг үдийн цайны ид бужигнаантай цаг нь өнгөрч кафед хүн цөөн байсан тул миний дэргэд сууж бид арай тухтай танилцах боломж олдов. Тэрээр миний хажууд суугаад сонсож байсан чихэвчнийхээ нэгийг яах ийхийн зуургүй чихнээсээ мултлан миний чихэнд шургуулах зуур:

 –Та Coldplay сонсдог уу. Энэ хамгийн сүүлийн хит дуу нь гээд бүсгүй хүний гэхээсээ илүүтэй хүүхдийн гэнэн цайлган инээмсэглэлээр намайг шагнав. Түүний Ipod дээрх дууны жагсаалтаас харахад  яагаад ч юм бид хоёр ижил төрлийн хөгжим сонирхдог аж. Миний ч бас дуртай дуу байсанд би юунд ч юм учиргүй баярлаж,

 –Тиймээ чи яаж мэдэв гээд дагаж жаахан амандаа аялав. Үнэндээ би дуу хөгжим сонирхдогч дуулах харин ямар ч авьяасгүй нэгэн. Гэтэл энэ удаа яагаад ч юм үүнийгээ мартаж орхиод эв хавгүй дуу аялсанаа гэнэт анзаарч жаахан эвгүйцэв.

Халиунаа энд дунд сургуулийн хүүхэд байхдаа ээж аавыгаа дагаж ирсэн аж. Харин одоо оюутан болж бие даан амьдрах гэж байгаагаа надад товчхон ярив.
Энэ цагаас хойш үзсэн кино, уншсан ном, сонсдог дуу гээд бид зав л гарвал юу эсийг ярьдаг болов. Хэдий бидний хооронд насны их зөрүү байсан ч бидний сонирхол, ертөнцийг үзэх үзэл маань нэг их хол зөрүүгүй санагдах тул би түүнийг хүүхэд гэж гололгүй юу дуртайгаа ярьдаг болов. Халиунаа нас залуу ч ном их уншдаг болоод ч тэр үү их хэрсүү охин шиг санагдана. Бид хоёр хааяа ямар нэгэн зүйлийн талаар маргалдахад 40 шахаж 2 дээд сургууль дүүргэсэн, амьдралын хувьд ч түүнээс хавьгүй их туршлагатай намайг мадлахаар асуултууд хүртэл тавина гээч. Хааяа бид ажил тарсан хойно ойрхон байх цэцэрлэгт хүрээлэнд хэсэг зуур жаахан хуучилж суудаг болов.

Тэр нэгэн орой миний ажил арай эрт амжиж би сүүлийн үед ховорхон олдох болсон энэ мэт чөлөөт цагаа эхнэр хүүхэдтэйгээ өнгөрөөхөөр гэр үрүүгээ яарч явлаа. Галт тэрэгний буудал уруу явах замд нөгөө цэцэрлэгт хүрээлэнгээр дайрч өнгөрдөг юм. Гэнэт тэр үед би Халиунааг санаж, бидний сууж элдвийг хуучилдаг сандалын зүг харав.  Халиунаа тэнд байхгүй байсан ч би нэг мэдэхэд өөрийн мэдэлгүй сандлын зүг алхаж явав. Уг нь хүн хөлөө толгойгоороо захирдаг баймаар гэтэл хөл минь миний үгэнд орсонгүй. Цагаа харвал яг түүний тардаг цаг болж байна.

Төд удалгүй Халиунаа хаалгаар орж ирж яваа харагдав. Тэр бас сандлын зүг харсанаа намайг таньж холоос гараа даллав. Түүнийг над уруу ирүүлээч гэж би юунаас ч юм дотроо өөрийн мэдэлгүй гуйчихсан сууж байлаа. Ашгүй миний энэ адын хүслийгдээр байдаг хэн нэгэнсонссон юм байлгүй. Халиунаа зам хазайж намайг чиглэн алхах нь тэр. Түүний өтгөн буржгар хүрэн үс нь яг л шүхэр мэт мөр, нурууг нь бүрхэж алхааных нь хэмнэлээр үл мэдэг сэвэлзэн хөдлөнө. Оройн жаргаж буй нарны туяанд намайг чиглээд тэнгэрийн элч ирж байна уу л гэлтэй. Нарны туяа хацар дээр нь тусаж тэр аз жаргалтай мишээж байлаа. Бурхан минь тэр ямар үзэсгэлэнтэй харагдаж байсан гээч. Гараа хүргэхээс ч эмээмээр тийм эмзэг энхрий бас ялдам. Зүрх сэтгэл минь яг л далайн давалгаа шиг цалгилж байв. Яг өмнө минь тулан ирж мэндлээд урьдаас минь ширтэн зогсох түүнийг хараад би биеэ арай ядан барьж, төв царай гаргах гэж байдгаараа хичээн зогсов. Би үнэндээ дурласан охиноо хараад сандардаг дунд сургуулийн бяцхан хөвгүүн шиг л болчихсон байв.  

Бид заншил ёсоор ойр зуурын сонингоос эхлээд  элдвийг хүүрнэлдэв. Оройн хоолны цаг болж байсан тул би Халиунааг ойрхон байх сайхан хоолтой франц ресторанд урив. Тэрээр рестораны нэрийг сонсоод;

 -Хөөх нээрэн гэж үү. Би тэр тансаг газрын хажуугаар өнгөрөх бүрдээ энд орж үзэх юмсан гэж дандаа боддог шүү гэж цайлганаар уулга алдав. Тэгсэнээ хоёр гараа алдлан хөлөө хүртэл өөрийгөө шинжих мэт харсанаа:

- Ээ даан ч миний энэ байж байгааг дээ. Тэр сайхан газар ороход арай л зохихгүй нь дээ харамсалтай нь гэв. Тэрээр энгийн л нэг үл ялиг задгай энгэртэй богино ханцуйтай цамц, жинсэн өмд өмссөн ч надад бол үдшийн даашинз өмссөн тэнгэрийн дагинаас ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байв.

Би: -За зүгээр дээ. Чи их сайхан харагдаж байна гэвэл түүний нүд баяр хөөрөөр гялалзаж нээрээ юу гэж итгэж ядан надаас асуув. Нээрэн байлгүй яахав гээд би түүнийг ширтэхдээ хэтэрхий удаан ширтчихсэнээ урьдаас минь дүрлийтлээ хараад -Яасан гэх түүний асуултаас сая л мэдээд жаахан санаа зовов. Ер нь энэ баланд шунасан зөгий шиг л Халиунаа уруу тэмүүлэх миний хөөрхий зүрх толгойдоо захирагдахаа нэгэнт өнгөрсөн мэт.

Тэр үдэш миний амьдралын сүүлийн хэдэн жилд байгаагүй тун гайхамшигт үдшийн нэг байсан юм. Ресторанд намуухан сайхан аялгуу эгшиглэнэ. Халиунаа над уруу инээмсэглэн юуг ч юм ярьсаар. Аж амьдралаа төвхнүүлэх гэж хатуу цагийн хуваарийн дагуу сүүлийн 20 шахам жил морь нохой мэт зүтгэсэн би бээр түрхэн зуур нэгэн жаргалтай, таатай, эрх чөлөөтэй орчлонд эргээд зочилох шиг. Товчхондоо бол би идэр залуу эрч хүчээр дүүрэн үедээ эргээд очсон ч юм шиг. Тийм нэгэн гайхалтай мэдрэмж төрөх аж.

Анх удаа ихэд оройтож хэл сураггүй шөнө орой болтол алга болсон намайг эхнэр минь жаахан гайхсан ч өчүүхэн ч хардаж сэжиглээгүй харцаар угтаад:
-Хоол гадуур идсэн юм уу. Би чамайг өнөөдөр эрт ирдэг гэж бодоод уг нь хоол хийгээд тавьчихсан гэж тайван өгүүлэв.

Гал тогоонд ортол миний хамгийн дуртай сайхан хоол ширээн дээр таваглаад тавьсан байв. Даан ч энэ удаа намайг өөр бүр түүнээс илүү амттанд бялуурчихсан гэж яаж мэдэх билээ. Би эхнэрийнхээ зөөлөн гэм зэмгүй харцнаас айж болж өгвөл харц тулгарахгүйг хичээлээ.

Заримдаа үе үе би Халиунааг үгүйлдэг болов. Хар бага оюутан цагаасаа ханилж амьдралын зовлон жаргалыг хамтдаа туулж буй ханьдаа би хэнээс ч илүү хайртай билээ. Гэхдээ л би Халиунаатай түрхэн ч гэсэн уулзаад хэдэн үг солиод салахад миний дотор учиргүй их баяр хөөр бий болно. Түүнтэй байхад би бас ер бусын тайвширалыг олж байгаагаа улам бүр мэдэрдэг байв.

Харин өнөөдөр түүний энэ үгний хариуд би түүнд хэлэх үгээ олж ядлаа. Юу ч хэлэх эрхгүй хүн гэдгээ ч би сайн мэдэж байсан болохоор тэр биз. Миний харцнаас энэ бүгдийг ойлгоо биз. Халиунаа юу ч хэлэлгүй эргээд алхчихав. Алтан шаргал, гал улаан гээд өнгө өнгийн навчис хөглөрсөн намрын уйтгартай гудамжаар тэр минь надаас улам бүр холдон одов. Би ардаас нь дуудмаар байсан ч хүчээр биеэ барив. Түүнээс салахад надад хэцүү байлаа. Зүрх минь дотроо гиншигнэн уйлж байлаа. Гэвч одоо яая гэх вэ.

Би өдөр бүр нөгөө цэцэрлэгт хүрээлэнгээр өнгөрөхдөө өөрийн эрхгүй бидний сандлын зүг хардаг. Тэнд Халиунаа сууж байгаасай гэж битүүхэн горьдоно. Гэвч тэр минь хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан гэдгийг би мэднэ. Түүний минь урьд уртаас урт сайхан амьдрал хүлээж байгаа гэдгийг тэр ойлгож байгаа. Чи минь яг л дөнгөж дэлбээгээ нээсэн үзэсгэлэнтэй сарнай шиг тийм л эмзэг нандин. Тийм ээ, чи минь миний хувьд тасдаж үл болох тийм л ганган тансаг сарнай байсан юм.    




Б.Эрхэмбаяр
Улаанбаатар хот 
2011 оны 9 дүгээр сарын 02
Тасдаж үл болох сарнай

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

0 сэтгэгдэл