Хонгор найз

10:32 AM

Би заншил ёсоороо Баасан гаригийн орой хотын нэгэн уушийн газар найзуудтайгаа уулзаж суув. Утсанд маань смс ирсэнийг шалгавал, Бүжингээс иржээ. Тэр “Сайн уу. Юу хийж байна” гэж. Би ч жаахан уйдаж суусныг ч хэлэх үү. “Нэг газар дэмий сууж л байна даа” гэж хариу нисгэв. “Яагаад дэмий суугаад байгаа юм. Хэхэхэ” тэрнээс ирсэн хариу нь. Тэр жаахан доогтой бүсгүй л дээ. Би хариуд нь “Харин чи” гэсний хариуд “Юу ч хийсэн юм алга. Бас л дэмий сууж байна. хэхэхэ”. Би тэсвэр алдаж “Уулзах уу” гэвэл тэр “Сэтгэл сэргээх хэн нэгэн сонирхолтой хүнтэй уулзвал зүгээр л байна. Хэхэ” гэжээ. -Хн би тэгээд тэр сэтгэлийг нь сэргээх хүн нь мөн ч юм уу биш ч юм уу. Хариу бичих гэснээ би эргэлзэж жаахан азнав. Тэгье. Уулзъя гэвэл өөртөө дэндүү итгэлтэй нэгэн болох. Үгүй гэвэл бүсгүй хүнийг гомдоочих хэцүү. Ер нь Бүжин их сонин бүсгүй байгаа юм. Хэзээ ч За тэгье, тэгэх үү. Эсвэл Тийм гэсэн үг хэлэхгүй. Ер нь түүний үгийн санд ийм үгнүүд байдаггүй юм шиг. Би бодож байгаад жаахан зориг орж “Уулзвал уулзъя л даа. Жаахан юм яривал зүгээр биш үү. Ойрд уулзсангүй” гэсэн хариу явуулав. Бүжин. “За тэгвэл хүрээд ир” гэж сая л нэг хүн шиг тодорхой ярьж надад очих газрыг зааж өгөв. Би ч уг нь түүнтэй уулзахыг хүсч байсан тул хэлсэн газар нь хормын төдий л давхиж очив. Удалгүй би гудамжны бүдэг гэрэлд яарамгүй гунхалзсаар ирж буй Бүжинг харлаа. Бүжин нэг их өндөр биш ч эвтэйхэн биетэй. Харин гадас шиг өндөр өсгийт дээрээ яаж гунхалзах эрдмийг төгс эзэмшсэн мэт. Тэр машинд орж ирээд хажуугийн суудалд суун:

-Сайн уу гээд инээмсэглэв. Тэр уг нь бүүр нэг тийм хөөрхөн хүүхэн биш л дээ. Харин түүний энэ инээмсэглэлд л би дуртай ч юм уу бүү мэд. Ингээд инээж буй нүдийг нь харах нэг л сайхан байдаг юм. Сэтгэлд ойр дотно харц. Бас түүний үнэр. Хажууд суухад л түүний нэг тийм гоё анхилам зөөлөн үнэр намайг сэргээх шиг. Хурц үнэтэй үнэртэн биш ч нэг л тийм ер бусын сайхан үнэр. Даанч Бүжин нөхөртэй. Бүр хүүхэдтэй. Гэхдээ ажаад байхад тэр бас надтай үе үе ингэж уулзах дуртай ч юм шиг. Яг үнэндээ би түүнээс сүрдээд байдаг юм. Уг нь ч би 20 нэлээн гарсан залуу хүний хувьд үерхэж дотносож явсан аль охид бүсгүйчүүдийг хэлж барах билээ. Гэхдээ тэдний дунд Бүжин шиг ийм сэтгэлд ойр бас оньсого шиг хүн ховор ч байсан юм уу. Бүү мэд. Анх танилцсан өдрөө л тэр надад урьд өмнө таньдаг байсан хэн нэгэн шиг санагдсан. Тэр өдрөө л Бүжин надтай зүгээр л нэг олон жилийн дараа уулзаж буй найзтайгаа ярьж байгаа юм шиг энгийн яриа өрнүүлсэн. Би ч бас тэр бүр анх танилцсан хүнд ярьж хэлдэггүй зүйлээ түүнтэй нэг мэдсэн харамгүй хуваалцаж суусан. Түүний энгийн бас хуурмаг биш төрх надад үнэхээр их таалагддаг. Лав л миний урьд өмнө танилцаж байсан охидоос шал өөр. Тэдний хажууд бол би заримдаа өөрийн мэдэлгүй өөр хэн нэгэн болохгүй бол болдоггүй юм. Царайлаг хөөрхөн нэгнийг нь бол бүр найрахын тулд хийдэг ажил, авдаг цалин зэргээ бага зэрэг нэмж хачирлахгүй бол амжилтанд хүрэхгүй байх мадаглал ихтэй. Бүжин бол миний хувьд ямар ч баггүй ярьж болдог цөөхөн хэдэн хүний минь нэг. Ээж, дүү тэгээд багын цөөхөн хэдэн найзтайгаа л би Бүжинтэй байгаа шиг байж чадна. Тэднээс ялгаатай нь тэр бүсгүй хүн. Тэгээд ч би түүнийг нэг их сайн танихгүй. Танилцаад ердөө л хагас жил ч болоогүй байгаа юм. Түүнтэй зүгээр юу ч хамаагүй ярьж заримдаа бүр юу ч ярихгүй сууж байгаад салсан ч нэг их том ажил бүтчихсэн мэт би гэдэг хүн бөөн баяр хөөртэй болчихсон байдаг юм. Энэ удаа ч мөн адил. Бид хотоос холгүй тэдний зуслан уруу зүглэв. Бүжин надад ойрд сонсох дуртай болсон хэдэн дуугаа сонсгов. Замдаа голын торгон зүлгэн дээр сууж хэсэг зуур саатав. Ойр хавьд нам гүмхэн. Голын ус үл мэдэг шоржигнон үе үе Бүжингийн тас тас инээхээс өөр чимээ аниргүй. Тэр тийм инээд муутай юм уу. Миний бүтэлтэй, бүтэлгүй түүхийг сонсоод л хошин шогийн жүжиг үзэж буй хүн аятай үе үе тас тас инээдэг юм. Тэр яг л хүүхэд шиг хөл нүцгэлэн голын усанд хөлөө хийн нааш цааш савчиж тоглоно. Үе үе хөлөө арай хүчтэй савлахад нь хүйтэн ус миний нүүр ам уруу үсрэхэд би цочин өндөлзөнө. Харин Бүжин энэ бүхэнд нэг их сайхан юм болчихсон юм шиг тачигнатал инээнэ. Түүнийг ингэж байхыг харвал хэн ч 30 гарсан тэгээд бас хүний авааль эхнэр гэж хэлэхээргүй. Харин хааяа намайг бүтэлгүй зүйл ярихаар нөгөө оч бутарсан харц нь их хэрсүү болж нүд үрүү минь тас ширтээд “Үгүй байлгүй дээ. Тэгж харин яаж болох вэ дээ” гэнэ. Тэгэхэд нь л би түүнийг надаас нээрээ зөндөө олон эгч гэдгийг нь санана. Гэнэт яасныг бүү мэд миний дотор нэг л эвгүй болж гэдэс мушгиралдаж сүйд болов. Би эр хүн юм гэсэн дээ нэрэлхээд Бүжингийн ингэж хүйтэн усанд зүггүйрхээд байхад нь хажууд нь ханиадтай хоолой өвдсөн байснаа умартан суусан маань хэрэг бишдэв. Би бүр дагжин чичирч халуурч эхлэв. Бүжин сандарч гараа миний духан дээр тавьж үзнэ. Би бүр дугарч чадахгүй болсон ч надад бол Бүжин ингэж халамж тавьж байгаа нь харин ч аятайхан санагдаж байв. Дотор муухай оргиж би даарсандаа дагжтал чичирч байсан ч яагаад ч юм Бүжин намайг зөөлхөн гараараа толгойд минь хүрч урьдаас нэг тийм сайхан харцаар ширтэх нь нэн таатай. Бас надад ойртоход түүнээс нөгөө ухаан алдуулам сайхан үнэр нь үнэртэнэ.

Шөнө орой болсон тул Бүжин: -Би машиныг чинь бариад явъя, хоёул манайх ойрхон тэнд очсон нь дээр байх гэж хэлэв. Нэг л мэдэхэд Бүжин бид хоёр тэдний зуслангийн хашааны гадаа ирчихсэн байв. Хаалгыг нэлээн биерхүү өндөр залуу тайлж өгөхөд “Нөхөр нь” гэсэн бодол тархинд зурсхийв. Дагжин чичирч байсан би гэдэг хүн нөхөртэй хүүхнийг энэ шөнө орой болтол хамт дагуулж яваад гэрт нь бас хамт ирчихсэнээ гэнэт мэдэв. Ямар буцаад гүйлтэй нь биш. Үнэндээ тийм тэнхэл ч байсангүй. Дуугүй л араас нь дагаад гэрт нь арай ядан орлоо.

Бүжин: -Энэ миний найз нөгөө Төгсөө шүү дээ. Танилц гэж нөхөртөө хэлээд.
-Намайг хүргэж өгч байгаад гэнэт бие нь муудаж халуураад гэв.

Бүжингийн нөхөр нүдэнд дулаахан сайхан залуу над уруу өчүүхэн ч хар хоргүй сэтгэлээр харж яралзсан цагаан шүдээ гарган инээмсэглэв. Харин би гэдэг хүн эхнэрт нь битүүхэн сэтгэл алдарч явсандаа туйлаас ичив.

Тэр бидэнд халуун цай хийж өгөөд:

-Яасан юм бол би нэг чагнахаас гээд дээд давхар уруугаа шатаар өгсөв.

Нээрээ нөхөр нь эмч гэж байсан билүү дээ гэж би үлгэн салган бодож суув. Тэр удалгүй эмчийнхээ цүнхийг авчран дотроос нь чагнуур гарган намайг цээжин тус газар эргүүлж тойруулан чагнаж, гэдэс гүзээ дээр дарж тогшин, бас хоолой ам татаж ихэд нямбай гээч нь үзлээ. Тэгээд надад хандан:

-Хоолой чинь улайж үрэвссэн байна. Тэрэндээ болоод халуураад байгаа байх гэв. Мөн цүнхнээсээ халууны шил гарган чих үрүү шургуулан миний халууныг хэмжиж үзэв.
-Маш их халуунтай байна. Их халуунтай байгаа болохоор дотор чичирч зүрх дэлсэж эвгүйрхээд байгаа байх. Халууны эм уулгасан нь дээр байх гэв.

Бүжин гал тогооны шүүгээгээ онгичин эмнэлгийн улаан тэмдэгтэй жижиг сав гарган ирж дотроос нь надад эм олж уулгав. Харин нөхөр нь: - Алив ор засаж хэвтүүлсэн нь дээр. Нэг сайхан хөлөрчихвөл зүгээр болчихно. Эсэргүүцэл ихтэй залуу хүн их халуурвал таталт өгөх аюултай гэх чихэнд бүдэг бадаг сонсогдоно.

Эм уугаад би тайвширч нам унтсан бололтой. Хэн нэгэн миний толгой дээрх хүйтэн жинг солиход л сая сэрлээ. Харин миний өмнө Бүжингийн нөхөр толгойд хүйтэн жин тавьж халууныг минь дахин хэмжихээр зогсож байв. Маргааш өглөө нь миний халуун бууж бие хачин сайхан хөнгөрсөн босч ирэв. Бүжин нөхөртэйгээ аль хэдийн босоод надад цай унд бэлдчихсэн байв. Тэрээр намайг дээд хонгилоос бууж ирэхийг хараад: -За сайхан амрав уу. Чи ч ёстой гэнэт хүн айлгадаг хэцүү хүн байна шүү гээд нөгөө л нэг гуниггүй чанга дуугаар тас тас инээлээ.

Бүжин сайхан бүсгүй. Нөхөр нь ч жинхэнэ эр хүн. Ийм сайхан эр хүн л эмэгтэй хүнийг ийм гуниггүй аз жаргал дүүрэн байлгаж чаддаг байх даа. Хэзээ нэгэн цагт би Бүжин шиг сайхан эхнэр авна тэгээд бас түүний нөхөр шиг сайхан гэрийн эзэн болно гэж би өглөө тэднийхээс харих замдаа бодож явлаа.


Улаанбаатар хот 2011 оны 9 дүгээр сарын 14

Б.Эрхэмбаяр

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

7 сэтгэгдэл