Харц (Өгүүллэг)

10:23 AM

Бат өглөө бүр ажилдаа ирэхдээ энэхүү уртаас урт хонгилоор алхална. Энэхүү хонгилын яг голд нэгэн саруулхан өрөө байдаг. Тэр өрөөнд нэгэн бүсгүй суудаг. Бат энэ гудмаар алхах бас тэр саруулхан өрөөнд суух бүсгүйг харах дуртай. Бүсгүй ажлаа л хийж суух боловч зөн совингоороо юу гэлтэй түүн үрүү гэмгүй харц шидэхийг андахгүй. Хажуугаар нь зөрөн өнгөрөх бусдыг нэг их анзаарч хардаггүй хирнээ түүнийг бол тэр гудмаар гарах бүрийд юу ч юм хийж сууснаа толгойгоо өргөж ирээд л харна.

Бүсгүй уян зөөлөн, гуниггүй харцтай. Тэрээр үсээ ардаа шууж хэсэг хөхөл үс дух уруугаа унжуулсан хүүхдээрээ шахам царайд нь заримдаа ялимгүй ягаан туяа татсан байх нь нэн үзэсгэлэнтэй. Түүн үрүү харахгүйгээр өнгөрөхийн аргагүй. Ихэнхдээ л бүсгүй царайндаа үл ялиг мишээл тодруулсан байна. Юуг ч юм хийн компьютерийн гар уруугаа байдгаараа доош тонгойж суух ч бүсгүй нөгөө л эгдүүтэй мишээлээ нүүрнээсээ салгахгүй.

Харин өнөөдөр тэрээр өрөөний хажуугаар нь зөрөн өнгөрөхдөө нөгөө сайхан гуниггүй харц харуусал гомдлоор дүүрсэн байхыг олж мэдээд цочих шиг болов. Таньдагсан бол яасан юу болсон гээд л асууж орхимоор. Даан ч таних нь бүү хэл ганц ч үг сольж үзсэнгүй. Ямар нэгэн сэтгэл гансарсан эсвэл ажил ихтэй үед уг нь түүний тэр эгдүүтэй мишээсэн царайг харж, зөөлхөн харцтай нь харц тулгармагч л сэтгэл дотор нь нар мандах шиг болж өөрийн эрхгүй баяр хөөр дүүрээд ирдэгсэн.

Өнөөдөр харин бүр зүрх нь шимширч орхив. Бат өөрийнхөө өрөөнд орсон хойно сэтгэл нь ихэд тавгүй болсоноо мэдрэв. Шинээр ажиллаж эхэлсэн төслийн танилцуулгын файлыг нээж хэсэг зуур анхаарал хандуулах гэсэн боловч ухаан санаа нь төвлөрч өгсөнгүй. Нөгөө хэсэг файл зүгээр л нүднийх нь өмнүүр жирэлзэн өнгөрсөөр. Нэг ч зүйл ойлгосонгүй. Толгойд нь тэр бүсгүй яасан юм бол. Түүнийг арай хэн нэгэн гомдоосон юм биш биз. Тийм гэм зэмгүй энхрий харцтай бүсгүйг гомдоох бүдүүн хадуун зүрхтэй хүн байна гэж төсөөлөхийн ч аргагүй баймаар. Хэрэв тийм бол тийм сайхан харцыг ийм гунигтай болгодог тэр хүн ямар муухай хүн бэ. За за танихгүй бүсгүйг бодож ингэж суудаг би ч элий балай болж байгаа байх гэж бодоод өмнөх ажилдаа анхаарал хандуулах гэж оролдов. Бас л бүтсэнгүй. Яагаад ч юм бүсгүйн уй гунигаар дүүрсэн харц нүдэнд нь үзэгдээд болсонгүй. Дахиад л түүний тухай бодоод эхлэв. Тув тунгалаг нуурын усанд үерийн усны шавар шалбааг цутгаад булингартуулах шиг л тэр бүсгүйн хиргүй тунгалаг тэр сайхан харц уй гунигаар дүүрчихсэн байсан. Яагаад? Бат хонгилд гарч тамхилангаа урт гудмаар бас алхалж эхлэв. Тэрээр бүсгүйг ямар байгааг дахин нэг нягталж харахыг тэсэхүйеэ их хүсэв. Саруулхан цонхны эсрэг байрлах том ширээнд жижигдсэн турьхан бүсгүй. Тэрээр Батыг хонгилоор удаан алгуурхан харсаар өнгөрөхөд бас л өөдөөс нь харц тулгарав. Түүний харц өглөөнийх шигээ хариугүй уйлах нь уу гэлтэй биш ч байнга нүүрэнд нь тодордог мишээл ул мөргүй арчигдсаныг Бат энэ удаа бүр сайн магадлан харав.

\

Өдөржин ажил нь санаснаар нь бүтэхгүй шаналж гүйцсэн Бат орой тараад нэгэн уушийн газрыг зорихоор шийдэв. Үнэндээ бол хэн гэдгий нь ч мэдэхгүй нэг бүсгүйгээс болж өөрийгөө ингэж шаналан зовж буйг тэрээр ойлгож ядан байв.

Ажлын цаг дуусмагц өрөөгөө түгжиж орхиод бушуухан гарахын мөн болов. Харин хонгилд мөн өрөөгөө түгжин цааш харан зогсох бүсгүйтэй тааралдав. Бат түүнийг хаалгаа цоожилж дуусахыг хүлээн алхаагаа албаар үл ялиг удаашруулав. Бүсгүй ч хаалгаа цоожилж орхиод түүний яг өмнө орон хонгилоор товор товор алхалж гарав. Бат урьд нь түүнийг явж байхыг ер хараагүй. Бүсгүй дунд зэргийн нуруутай, хүүхдээрээ турьхан биетэй аж. Бат ингээд л түүний араас дагаад алхаад л баймаар байв. Тэрээр байшингаас гармагц зам хөндлөн гарч замын яг эсрэг талд байх нэгэн бяцхан кафед орж явчихав. Бат кафе үрүү өөрийн мэдэлгүй дагаад орох гэсэнээ үүдэн дээр нь хэсэг тээнэгэлзэн зогсов. Зүс таних төдий бүсгүйг дагаж ингэж явсанаа тэрээр өөрөө өөрийгөө бүр гайхаж хоцров. Гэсэн хэдий ч энэ хүртэл дагачихаад болих бас харамсалтай. Дээрээс нь өдөржин тав тухыг нь алдуулсан гунигт харцны учрыг тайлах боломж олдох ч юм билүү гэж бодсон тэрээр сониуч зандаа хөтлөгдөн бүсгүйн араас мөнөөх кафе үрүү орж явчив. Бяцхан, зай багатай тохилогхон кафед бүсгүй цааш харан суужээ. Бат үүд орчмын ширээнд түүний яг араас нь харан суув. Бүсгүй зөөгчид хүйтэн ус захиалаад цүнхнээсээ утас гарган хэн нэгэнтэй ярьж эхлэв. Тэрээр харц шигээ бас уяхан зөөлхөн хоолойтой аж.

-Тиймээ би ирчихлээ гэж хэлэхийг бодвол тэрээр энд хэн нэгэнтэй уулзахаар болзсон бололтой.

Нэг их удалгүй тун дэгжин костюм өмссөн царайлаг сайхан залуу кафед орж ирэв. Тэрээр хэн нэгнийг нүдээрээ хайж байснаа бүсгүй дээр харц тогтон түүнийг чиглэн алхав. Залуу Бат уруу харан бүсгүйн эсрэг талд очиж суув. Тэд хоорондоо ядаж мэндийн үг ч сольсонгүйг бодоход муудалцсан бололтой. Залуу үг дуу ч үгүй тамхи гарган асаангаа арай гэж ам нээж:

-За яасан? Ярих чухал юм байна гэсэн. Түүний царайд төдийгүй, ярианы өнгөнд тээршаасан хүйтэн байдал илрэх аж.

Бүсгүй: -Зүгээр л гэж амандаа сулхан хэлэв.
Залуу: Үгүй ээ, чи зүгээр юм бол ажилтай хүнд юунд ингэж төвөг уддаг юм бэ гэж бүүр унтууцсан өнгөөр хэлэв.

Бүсгүй: -Зүгээр ч гэж дээ. Би чамтай сүүлийн удаа уулзаж жаахан тайвширах л гэсэн юм гэв.

Залуу: -Тайвширч ядах юу болсон юм бэ, Чи чинь насанд хүрсэн хүн байж ийм юм ойлгохгүй байна гэж үү дээ. Болдог зүйл болоод л өнгөрсөн тэгээд л болоо.

Бүсгүй хариу хэлээгүй ч чимээгүй мэгшүүлж эхлэв. Хэдий цааш харан суусан ч мөр нь үл мэдэг чичигнэхээс түүнийг уйлж байна гэж Бат тааварлав. Түүний харц уйтгар гунигаар дүүрч хөөрхөн царайг нь гашуун хар нулимсаар угааж байгаа гэдгийг харах зүрх Батад хүрсэнгүй.

Залуу: -Үгүй чи чинь юундаа усан нүдлээд унав аа. Тэгээд ярих зүйлээ хэл л дээ.

Хэдэн хором бүсгүйн зөөлөн мэгшихээс өөр чимээ анир гарсангүй. Уйтгартай дүнсгэр байдал хэдэн хором үргэлжлэв. Бат болдогсон бол энэ өөдгүй давилуун залууг ганц алгадаж орхиод бүсгүйн гараас хөтлөөд гармаар. Даанч бүсгүйг танихгүй. Тэгээд ч хүмүүсийн хувийн хэрэгт хутгалдах нь зохисгүй хэрэг.

Бүсгүй: -Би чамаас ганц л юм асууя. Чи надад хайртай байсан уу?

Залуу: -Оюунаа, би чамд анхнаасаа л хэлсэн дээ. Чи бид хоёрын энэ явдал зүгээр л насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн л хийдэг зүйл гэж.

Бат энэ удаа түүний нэрийг мэдэж авлаа. Бүсгүйг Оюунаа гэдэг аж.

Харин Оюунаа хариу юу ч хэлсэнгүй дуугүй л байх аж. Өөдгүй залуугийн энэ хариултаас хөөрхий түүний бяцхан зүрх хичнээн шаналж буй бол доо. Үг ч хэлэх тэнхэлгүй базлан шимширч суугаа даа гэж бодохоор Бат Оюунааг туйлын ихээр өрөвдөв.

Залуу: -Тэгээд ч бүх зүйл өөрчлөгддөг. Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг. Тэрээр энэ удаа харин хүйтэн хөндий байдал нь арай дээрдэж дуу нь зөөлөрсөн байлаа.

Залуу: -За одоо ярих зүйлээ дууссан бол би ингээд явлаа.

Бүсгүй мөн л юу ч хэлсэнгүй. Магадгүй залуугийн хэлсэн бүгдээс тэрээр бүхнийг ойлгосон биз.

Залуу босч Батын хажуугаар зөрөн хаалга саван одлоо. Бүсгүй байрнаасаа хөдөлсөн ч үгүй. Цааш харан дуугүй л суух аж.

Бат одоо яагаад тэр үүлгүй тэнгэр шиг цэлмэг тунгалагхан харц гунигаар дүүрсэний учрыг нэгд нэгэнгүй мэдсэн авч сэтгэл зүрх нь улам бүр хоосон гунигтай болж орхив.

Б.Эрхэмбаяр

2011 оны 6 дугаар сарын 17

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

1 сэтгэгдэл