Төрсөн өдөр, Хайр дурлал гэж юу вэ

3:17 PM

Анх төрсөн өдрөөрөө нөхрөөсөө гэрлэх санал авч байсан болохоор энэ удаа тэр сайхан цаг мөчийг дурсаад удахгүй гаргах гэж буй эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн номын /одоохондоо нэр нь нууц байгаа юм/ нэг хэсгээсээ та бүхэндээ толилуулж байна:

Хайр дурлал гэж юу вэ

Хүмүүс хайрыг янз бүрээр тайлбарладаг. Миний хувьд хайр гэдэг дурлалаар эхэлж хэзээ ч хувирахгүй тэр л хүнд хайртай байх сэтгэлийг хэлдэг байх гэж боддог. Дурлал бол биеэрээ мэдрэх мэдрэмж бол хайр бол бүх бие сэтгэл, оюун бодлоор илрэн гардаг зүйл байх. Хайрын дотроос анхны хайр гэдэг зүйлийн талаар бид бас их голчлон ярьдаг. Анхны хайр шиг цэвэр ариун хайр сэтгэл гэж үгүй гээд л бид ярьдаг. Яг үнэндээ миний мэдэрсэн анхны хайр бүүр тийм гүнзгий сайхан хайрын харилцаа байгаагүй болоод ч тэр юм уу би тэр хайрыг зүгээр л хүн болсоор хайрлаж дурлахын эхлэл байж дээ л гэж боддог юм. Түүнээс биш миний анхны хайр надад өнөөдрийг хүртэл сэтгэлд минь гүн шингэж үлдсэнгүй. Хайр гэдэг бол яах аргагүй хоёр талын бие биеэ гэсэн хайраар улам хүчтэй болж гал шиг бадран асдаг зүйл байх. Хэн нэгэн чамайг хэнээс ч юунаас ч илүү хайрлаж байгааг мэдэрч байж чи өөрөө тэр хүнд эргэлт буцалтгүй хайраа өгдөг байх гэж би боддог юм. Тэгэхээр бусдыг хайрлаж байж өөрийгөө хайрлуулна гэдэг үг асар үнэн юм шиг санагддаг. Гэхдээ янаг хайрын хайр дээр миний энэ үзэл заримдаа алдрах гээд байдаг юм. Ганцхан жишээ дурьдахад уншигчид маань “Дотор Живаго” гэж Орост болсон Октябрийн хувьсгалын талаар үзэл сурталчилагдаагүй нэлээн бодит байдлыг харуулсан номыг уншиж мөн түүнээс сэдэвлэн хийсэн киног үзсэн байх. Уг киноны гол баатар Доктор Живаго буюу Юригийн амьдралд хоёр бүсгүй байдаг. Эхний бүсгүй нь түүнд бүр багын хайртай байж эхнэр нь болсон бүсгүй харин нөгөөх нь Юри санамсаргүй тохиолдлоор танилцсан үзэсгэлэнт бүсгүй Лара. Юри Тони буюу эхнэртээ түүнийг үнэнчээр хайрласаных нь хариуд дасан дурлаж хайрладаг бол Ларад анхны харцаар татагдан дурладаг. Энэ хоёр бүсгүйд өгсөн Юригийн хайр хэдийгээр өөр өөр боловч хайрын мөн чанарыг сэтгэлд хамгийн ойроор харуулсан юм шиг надад санагддаг. Юригийн хувьд аль нь жинхэнэ хайр сэтгэл вэ гэж би олон удаа өөрөө өөрөөсөө асууж үзсэн миний хувьд харамсалтай ч Ларад өгсөн хайр сэтгэл нь жинхэнэ хайр байсан юм шиг санагддаг. Би заримдаа Юри энэ хоёр төрлийн хайраа нэг бүсгүйд зориулсан бол жинхэнэ хайр байх байсан биз гэж ч боддог юм. Яг энэ кинотой адилхан түүх бидний сайн мэдэх “Дөлгөөн Дон” зохиолын гол баатар Григорийд бас л тохиолддог. Эхнэр нь түүнийг үнэн сэтгэлээсээ хайрладгийн хариуд Григорий түүнийг хайрладаг боловч дурлаж хэзээ ч чадаагүй. Харин Аксиньяд тэр дурлаж бүр хайрладаг. Тэгэхээр дурлал цаашдаа хайр болдог гэдэгтэй би санал нийлдэг. Хүн харин дурласан болгоноо хайрлана гэж байхгүй байх. Зарим нэгэн дурлал гэнэт ирсэн шигээ гэнэт унтарч алга болдог. Энэ нь дурлалын ихэнх хувь нь бидний бие махбодьтой холбоотой байдагаас болдог байх л даа. Харин хайр бол бие махбодийн зүйл гэхээсээ илүү сэтгэлийн зүйл болохоор тэр бүр алга болоод сэтгэлээс гараад “явталаа” уддаг бизээ. Хүн гэдэг хэдийгээр байгаль эхээс заяахдаа байгалийн амьтан гэж заяагдсан боловч түүний сэтгэлийн тал нь байгалийн зөн билэгээсээ илүү чухал зүйл байдаг. Хайр бол байгалийн зөн билэгийн хүсэл тэмүүлэл дээр хүний сэтгэлийн гоо сайхан мэдрэмжийг яг зөв тунгаар нь хослуулсаныг хэлдэг байх гэж би боддог. Бүхий л амьдралынхаа туршид хүн хэдэн ч удаа дурлаж болно. Харин чин сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлах бол дурлалтай харьцуулахад тийм ч олон тохиолддог зүйл биш байх. Хүн хэзээ ч хэн нэгэнд дурлаж болно. Ямар ч насан дээрээ хүн хүнд дурлах чадвартай байх ёстой. Дурлал хүнд эрч хүч бэлэглэдэг. Хэн нэгэнд дурласан хүн хэдийгээр заримдаа хөнгөн гунигт автах боловч зүрх нь аз жаргалаар бас бялхаж байдаггүй гэж үү. Хайрын тухай уярмаар бас бахархмаар олон сайхан түүхүүд байдаг. Хайр, дурлал бол хүн төрөлхтөний амьдралын хамгийн нандин сайхан зүйл. Хайр дурлалгүйгээр хүн төрөлхтөний нийгэмийг төсөөлөхийн ч аргагүй юм. Ариун нандин хайраа хэн нэгэнд зориулж хариу сайхан хайрыг түүнээсээ мэдэрнэ гэдэг бол хүний амьдралын баяр баясгалан. Бас манай нэгэн алдарт зохиолчийн хэлсэнээр “Сайхан хайр байдаг юм шүү олдвол алдаж болохгүй” гэсэн үг байдаг. Сайхан хайраа олно гэдэг хүн болж төрсөний бас нэгэн илэрхийлэл хүний өөрийгөө аз жаргалтай байгааг мэдрэх амьдралын хамгийн гол эх булаг билээ. Хайр сэтгэлийг тэгэхээр мөнгөөр болон өөр ямар нэгэн эд зүйлээр хэмжих аргагүй юм. Сайхан хайраа олж, аз жаргалдаа умбаж явсан хүн хэдий мөнгөтэй ч үнэн ч хайраа олоогүй хэн нэгнээс хавьгүй аз жаргалтай байх нь ойлгомжтой хэрэг юм.

Хайртай гэдэг үгийг хэлэхдээ харам бай залуусаа. Та бидний сайн мэдэх “Би чамд хайртай” гэж киног үзээгүй хүн гэж үгүй биз. Үрлээ 10 жилийн жоохон охин байхдаа Дэлгэрт болоод бусад бүх хүүхдүүдэд би чамд хайртай гэж нэг их юм бодолгүй хэлчихдэг. Харин Дэлгэр түүнд өөрөө дурласан байсан учир тэр шидэт үгэнд тун их баярлан бүр эндүүрэхэд хүрдэг. Тэгэхээр залуусаа хайртай гэдэг үгийг хаа хамаагүй хэлээд байх үг биш юм. Хүний зүрх сэтгэл хайраар бялхсан тэр л үед энэ үг амнаас аяндаа чиний сэтгэлийн илэрхийлэл болон гарч байвал энэ үг жинхэнэ утгаа илэрхийлж байна гэж болох юм. Орчин үеийн залуус дөнгөж үерхээд удаагүй байгаа нэгнийгээ ч “хайраа, миний хайраа” гэж их дуудах болж. Хайр гэдэг энэ үг тун нандин үг юм шүү. Миний үзлээр бол хайр гэдэг нандин үгийн үнэ цэнэ ингэж дуудах бүрт чинь дундраад байгаа юм шиг санагддаг юм. Тэгээд хэдхэн хоног сарын дараа нөгөө нэг нэгнээ хайраараа дуудаад байсан залуус салж муудалцах нь ч элбэг байна. Тэр ч бүү хэл 20 гаруй насны охин нууц амрагаа “хайраа” гэж дуудахыг хараад ээ арай ч дээ гэх харуусал зүрхэнд зурсхийж билээ. Хайрын үнэ цэнэ хайртай гэдэг үгийн үнэн цэнэ ингэж алдагдаж байгаад би хувьдаа ихэд харуусаж явдаг. Хүний эр нөхрийг эзгүйчилж буй хэн нэгэн хайр гэдэг үгийг амны зоргоор хэлж тэр сайхан ариун нандин зүйлийг өөрийн бусармаг явдлаар булингартуулах нь яав ч зүйд нийцэхгүй биз ээ. За яахав тэр нууц амраг эрдээ үнэхээр хайртай байж болох боловч тэр ариун нандин үг бидний дунд хэлэгдэх ёсгүй гэдгийг ойлгож ухаарах сэтгэл тэр охинд уг нь байвал зүгээрсэн. Тэгэхээр хайртай гэдэг үг асар их үнэ цэнэтэй төдийгүй хүний хамгийн сайхан нандин сэтгэлийн илэрхийлэл байсан байсаар ч байвал уг нь сайхан.

Үргэлжлэл бий...

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

5 сэтгэгдэл