Ариун хайрын билэгдэл цагаан сарнай буюу “Үл таних эмэгтэй” киноны талаар

2:06 PM

Манай кино театруудад саяхан нээлтээ хийсэн “Үл таних эмэгтэй” киног үзэхийн өмнө блогтоо оруулсан бяцхан бичлэгтээ яагаад ч юм би эмэгтэй хүний зөөлөн сэтгэл бас тэсвэр хатуужлын талаар оруулсан нь миний зөн совингийнх уу бүү мэд. Юутай ч “Танихгүй эмэгтэйн захидал” гэдэг зохиол байдагийг олон удаа сонсож байсан ч зохиолыг нь урьд нь уншиж байгаагүй ч блогтоо бүсгүй хүний тэсвэр тэвчээрийн талаар дурьдаад авсан нь тохиолдын хэрэг лав биш байсан шиг. Уг зохиолоос сэдэвлэн хийсэн энэхүү киноны Монгол хувилбарыг найруулагч Наранбаатар, продусерээр Я.Содбаатар нар ажиллаж үзэгч бидэнд толилуулж байна. Дүрийн сонголтууд их сайн хийгдсэний дээр жүжиглэлт ч нэг их нэрд гараагүй залуу жүжигчид тоглосон гэхэд өөлөх юмгүй чадварлаг болжээ. Ялангуяа шинэ үеийн кино урлагт буюу зарим нэгэн сүүлийн үеийн кинонд нэг л сайхан охид хөвгүүд хиймэл дүр бүтээхийг харж залхаад байсан бол энэ кинонд тоглосон жүжигчид тэгсэнгүй дүрдээ үнэхээр сэтгэлээрээ хувирч чадсан нь туйлын олзуурхууштай санагдлаа. Киног үзсэн нэг ч бүсгүй хүн гэнэн цайлган хүүхэд нас, анхны хайраа дурсахгүй дотроо бодохгүй өнгөрч чадаагүй буй за гэдэгт би итгэлтэй байна. Цэцэг цэврүү шиг охин насаа хэдий гунигтай ч хайртай хүндээ өгөх ямар байдаг тэр нэгэн мэдрэмж анхны хайрын ариун сайхан бүх л мэдрэмж энэ кинонд гүн гүнзгий шингэжээ. Эмэгтэй хүний хайр сэтгэл гэж ямар агуу зүйл байдаг тэр сайхан хайрыг мэдрэхгүй өнгөрсөн хэн нэгэн хожим хэзээ нэгэн цагт заавал харуусан харамсахад хүрдэг нь хүний амьдралын үнэн биз ээ. Хиргүй тунгалаг сэтгэл, бас ариухан бүсгүй хүнийг зүгээр л өнөөдрийн зугаа болгоод өнгөрдөг хэнэггүй эр хүн ч гэсэн киног үзээд нэгийг бодож самсаа нь шархирч бүсгүй хүн гэж ямар гайхамшигтай ариухан эмзэгхэн ертөнц болохыг ухаарч бодоо бизээ гэдэгт би бас найднам. Хүнд хэцүү амьдралд нухлагдаж буй бүсгүй хүн энэ ертөнц дээр хэчнээн ч олон байдаг юм. Амьдралд нухлагдаж, бүр өвдөг сөхөрөхөд хүрч цэцэг шиг л хагдарч явдаг бүсгүйчүүдээ хайрлаач эрчүүд минь. Бас амьдрал боломжийн байхын хирээр хэдий бид чинь бүсгүй хүн ч ийм зовлонт амьдралын хатуу ширүүнд хэчнээн охид бүдэрч байгааг харсан ч хараагүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг явсандаа би энэ киног үзээд үнэхээр их харамссан. Бидний зүгээр л нэг өдрийн зугаа цэнгэлд үрчихдэг тэр мөнгө үрээ тэврээд орох оронгүй явж буй эх хүнд ямар их хэрэгтэй байдаг бол. Сонгодог сайхан зохиолын уянгын драмыг өнөөгийн манай монголын нийгмийн дүр зураг мөн чанартай гайхамшигтай холбож хослуулж чадсан нь найруулагчийн том амжилт байлаа гэж би хувьдаа үзэж байна. Ийм сайхан зохиолыг дэлгэцэнд амилуулах боломж олгосон продуссерийн торгон мэдрэмжийг энд бас хэлэхгүй өнгөрч болохгүй биз ээ. Бид хайрыг гал улаан сарнайгаар зүйрлүүлж ирсэн. Гэтэл энэ кинонд гол дүрийн эмэгтэйн хайрт залуудаа илгээдэг цагаан сарнай түүний гал шиг дүрэлзсэн биш ч яг л цав цагаахан сарнай шиг цэвэр ариун хайрыг билэгдсэн нь киноны утга санааг чимж бүр тодотгож өгсөн гэлтэй. Юутай ч киног үзээд би эмэгтэй хүний хувьд өөрийнхөө сэтгэл зүрхийг эргээд нэг чагнахад хүрсэн бөгөөд амьдралдаа алдаж энэдэж буй залуу охид бүсгүйчүүддээ заавал нэг сайхан зүйл хийх хүсэл зорилго төрсөнийг энд мөн дурьдахад таатай байна.



Б.Эрхэмбаяр

2011 оны 3 дугаар сарын 7

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

4 сэтгэгдэл