Миний сайхан ээж

9:49 AM

Өнөөдөр Мартын 8-ны баярын өдөр. Өглөөгүүр гэнэт хаалга тогших чимээнээр би гэдэг хүн ийм эрт хэн ирдэг байнаа гэж жаахан төвөгшөөнгүй нээж өгтөл хадам ээж маань охинтой (охин өчигдөр эмээтэйгээ хононосон юм л даа) хамт ирсэн байв. Би ч та 2 яасан эрт ирээ вэ гээд л нүдээ ч нээгээгүй шахам хүн орондоо эргэж хэвтлээ. Удалгүй байж байтал охин мөрнөөс татаад Ээжээ баярын мэнд гэх дуунаар өндийж харвал охин хадам хоёр, цэцэг бас надад зориулж хийсэн мэндчилгээ барьчихсан зогсож байв. Охин маань урьд оройжин ээжтэй хамт тэр мэндчилгээг хийсэн гэнэ. Гэнэтийн энэ сирпризенд би бүр уярч эгээтэй л нулимс унагасангүй. Хамар шархирч гарч ирсэн нулимсаа барих гэж тэрүүхэн тэндээ их хөөрхөн юм болов. Хөөрхий дөө муу ээж минь дээ. Таньдаа түрүүлж баяр хүргэчихгүй би гэдэг хүний байж байгааг ч дээ гэх гэмшил бас хамт төрөв. Уг нь ч өдөр тийшээ очиж хоолонд урьж, бэлэгээ өгөх төлөвлөгөөтэй байсан л даа. Гэхдээ л түрүүн орж ирэхэд нь нойрондоо харамлаад бараг мэндийн ч зөрүүгүй орондоо шургасандаа би гэдэг хүн үнэхээр гэмшиж бас ичив. Ингээд сэтгэл нэг л их хөдөлсөн би гэдэг хүн ээждээ зориулж нэг сайхан зүйл бичмээр санагдаад компюьтерийнхээ кий боордыг нүдэж суугаа нь энэ. Өглөө үүрээр би бас намайгаа орхин одсон ээжийгээ зүүдэлсэн. Бодвол Март болохоор ээжийгээ санаж байсан байх л даа тэгээд л ээж минь зүүдэнд орсон биз. Хэдийгээр өөрийн ээж минь байхгүй ч миний хадам ээж энэ хэдэн жилд надад ээжийн минь оронд ээж болж толгойг минь илж үнэрлэн үнсэж баяр гунигийг минь хуваалцаж байдаг хамгийн дотны маань хүн. Ээж минь арьс ширний нэгдэлд насаараа эрдэм шинжилгээний ажил хийсэн эгэлгүй нэгэн эмэгтэй. Одоо бидний өмсөөд байгаа энэ зөөлөн савхийг бүтээх гэж амьдралаа зориулсан хүн гэхэд ч болно. Хувь хүний хувьд ч ёстой алт шиг сайхан хүн дээ гэж хэлэхээс өөр магтах сайхан үг ч чамлагдах юм даа. Энэ айлын бэр болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн ч ээжтэйгээ ам мурийсан тэр ч бүү хэл намайг гомдоосон нэг ч тийм муухай дурсамж миний дотор байдаггүй. Хүнийг хайрлаж байж өөрийгөө хайрлуулна гэдэг үг яах аргагүй ээжид минь таарсан үг шүү. Тийм болохоор би ч бас ийм сайхан ээжийгээ бүр их баярлуулж чаддаггүй юмаа гэхэд ядаж гомдоохгүй байхсан гэж дандаа хүсдэг. Ажил төрөл завгүй гээд ээждээ тэр бүр туслаад байж чадахгүй ч хариу нэхдэггүй тус зөвхөн эх хүнээс л үр хүүхэддээ ирдэг гэлтэй бүр бидний гадуур дотуурх бичиг цаас хөөцөлдөх ажилд хүртэл өөрөө гүйхийг нь яана. Би бол айлын эзэгтэй хүний хувьд зөндөө олон дутагдалтай хүн байгаа юм. Хүн харсан хүнд намайг өөлөх буруушаах зүйл зөндөө л байдаг биз. Зарим нэг айхтар хадамууд бол бэрийгээ хүүгээ халамжилсангүй ингэсэнгүй тэгсэнгүй гэж өөлж муулж суудаг тухай бишгүй л түүх явган яриа байдаг. Ухаалаг сайхан ээж минь харин надад миний тэр дутагдлыг намайг муулж шүүмжилж биш зүгээр л үрээ гэсэн эх хүний сургаалийн сайхан үгээр хэлээд ойлгуулчихдаг. Нөхөр бид хоёрыг энэ миний хүү энэ миний охин биш гэж ялгаварлах биш яг л ижилхэн хайрлаж санаа тавьж эх хүний сэтгэлээр ханддаг болохоор тийм янз бүрийн явган муухай зөрчил бидний хооронд хэзээ ч байдаггүй юм. Бас ээж маань 60 нэлээн гарч 70 дөхөж буй хүн гэхэд сэтгэлээрээ сайхан залуу хүн. Хуучинсаг хүн огтоос биш. Заримдаа ч би ээжтэйгээ найз бүсгүйчүүдтэйгээ ярьж байгаа юм шиг л хууч хөөрөлддөг. Хоёул сайхан хоол хийж идэнгээ сайхан вино хувааж уугаад хууч хөөрч өгнө дөө. Ер нь ээж гэрт ирэхээр гэрээр дүүрэн л инээд цацардаг юм. Нөхөр бид хоёр хоорондоо түр тар хийсэн байсан ч сайхан ээж минь биднийг хормын төдий л эвлэрүүлээд инээлгээд орхидог юм. Ээж маань их хошин шогийн мэдрэмжтэй хүн байгаа юм. Ямар нэгэн юмыг ярихдаа дандаа сайн сайхан талаас нь гэрэл гэгээтэй талаас нь харж инээж ярина. Өөрт нь таагүй явдал тохиолдсон байсан ч бидэн шиг уурлаж бухимдахгүй тийм л сайхан уужуу тайван хүн байгаа юм. Миний амьдарлын ханийг өсгөн хүмүүжүүлж бас намайг эх хүний сэтгэлээр хайрлан халамжилж байгаа Сайхан ээж минь таньдаа маш их баярлалаа.



Б.Эрхэмбаяр


2011 оны 3 сарын 8

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

5 сэтгэгдэл