Ханьдаа: Чинийхээ үгүйд

9:41 AM

Яагаад ч юм өнөөдөр ханьдаа зориулж нэг сайхан юм бичье гэж бодлоо. Чадахгүй байж шүлэг бичих гэж хэсэг оролдоо. Чадахгүй юм бол чадахгүй л юм байдаг юм байна. Бууж өглөө бичсэн дөрвөн мөртөө устгачихлаа. Урьд нь харин хэд хэдэн шүлэг ханьдаа зориулж бичиж байсан юм байна. Түүнд таалагдсан. Харин тэрэн дундаас нэг шүлэг нь л надад таалагддаг юм. Нэг өглөө бид хоёр ажил уруугаа хамт ирж байгаад хань минь надад манай нэг найз нэг нэртэй эрдэм шинжилгээний хүрээлэнд доктор PhD-ээ хамгаалсан байна гэж хэлээд нэг их учиргүй баярлаад л өөрөө PhD болчихсон юм шиг нүд нь гялалзаж билээ. Уг нь миний хань өндөр хөгжилтэй оронд ажиллаж байсан бол нэг юм дуулгах толгойтой залуу байгаа юм. PhD доктор болох л байсан байх. Би л Монгол буцьяа гэж үглэсээр чирээд ирсэн юм шүү дээ. Гэхдээ яах вэ. Одоо ч гэсэн энд эх орондоо ирээд муудсан юм алгаа алга. Амьдрал сайхан л байна. Тэгээд би ханийгаа тэр үед яагаад ч юм учиргүй их өрөвдөөд сэтгэл нэг их хөдлөөд өглөө дөнгөж ажил дээрээ орж ирэнгүүтээ тэр шүлгээ хэдхэн минутад биччихсэн юм. Харин блогтоо тавья гэсэн чинь тэр минь яах юм бэ энэ шүлэг зөвхөн чи бид хоёрын дунд л үлдэг гэсэн юм.

Хань маань ажлаар томилолтоор явчихсан байгаа юм. Тэгсэн чинь хэдхэн хоногт түүнийгээ санаад л нэг л юм дутуу оргиод хачин байна. Охин маань бас аавыгаа санасан юмуу яасан юм явсан оройноос нь л өвдөөд ханиалгаад л. Би ажил ихтэй түүнийгээ сандарчих вий гээд охиноо өвдсөнийг тас нуучихсан. Ирсэн хойно нь хэлье гэж бодоод. Миний хань их энгийн хүн харахад даруухан залуу. Гэхдээ түүнд минь хүний итгэл даах, хүндлэл хүлээх нэг их сайхан хувь хүний чанар байдаг юм. Уулзсан хүмүүс эр эмгүй л танай нөхөр сайн залуу юм сайхан хүн юм чи ч азтай бүсгүй юмаа гэдэг юм. Би түүнээсээ алтны дэргэд байгаа гууль шарлана гэгчээр тэвчээртэй байх юмыг олон талаас нь харж ойлгож чаддаг байх, хувь хүний зан араншин үзэл бодлыг хүндэтгэдэг зан зэргээс нь суралцдаг. Түүнээсээ би уужуу ухаан холч бодлыг нь харж хүндэтгэж амьдардаг. Хамгийн гол нь ном их уншдаг, мэдлэгээ байнга өргөжүүлж байдаг аливаа юманд хөнгөн сэтгэл хөдлөлөөр биш ул суурьтай ханддаг чанар нь надад маш их таалагддаг. Яг үнэндээ бол зан араншингийн хувьд бид эсрэг тэсрэг талдаа гэхдээ үзэл бодол сонирхол амьдралыг үзэх үзэл маань нийлээд байдаг юм. Түүнтэйгээ бүх зүйлийн талаар ярилцахад санаа нийлдэгийн дээр бие биеэ бүрэн ойлголцдог болохоор надад яг үнэндээ өөр залуустай харьцахад гаднаас нь харахад сайхан л залуус байвч толгой доторх сэтгэж бодож байгаа нь чамлалттай ханий минь дэргэд хэн ч биш санагддаг гэх үү дээ. Гэр орны ажилд ч би эр хүн гэж ихэнх монгол эрчүүд шиг ханхалзаад байхгүй надад болоод үр хүүхэддээ зав бололцооныхоо хирээр л тусалж халамжилдаг. Бид оюутан гадаадад сурч байгаад охиноо төрүүлсэн юм л даа. Тэгээд би хэсэг зуур нэлээн өвдсөн. Өвчнөөс болоод нойргүйддэг болчихсон юм. Аав ээж гэр орон ах дүүгээсээ хол байсан намайг хань минь л ханийн хайраар бас аав, ээжийн хайраар хайрлаж өвчнийг давж гарахад түүний минь л хайр халамж гол түшиг тулгуур болсон. Намайг унтаж чадахгүй байхад хүүхдээ бүүвэйлж байгаа юм шиг дуу аялаад үсийг минь илээд бүүвэйлж өгдөг байсан тэр минь. Яг ээж шиг минь. Арван хуруу тэгш хүн ч гэж юу байх вэ. Тэр минь жижиг сажиг дутагдалтай. Анзааргагүй гэртээ хаана юу байгааг мэддэггүй өөрийнхөө хувцасыг хүртэл хаана байгааг нь надаас асуудаг. Эмх цэгцгүй хамаг хувцас өөрийн хэрэглэдэг юмаа хаана ч хамаагүй хөглөрүүлээд хаячихдаг. Эрүүл мэнддээ анхаардаггүй биед болоод эрүүл мэндэд муу хоол ундад хэт их дурладаг. Сүүлийн үед хайртай гэж хэлэх нь цөөрөөд байгаа гэдэг ч юмуу дутагдлууд байгаа. Гэхдээ би тэр бүх дутагдалд нь бас хайртай. Энэ чинь л миний хань хайртай чиний минь мөн чанар шүү дээ гэж бодохоор уяраад уучилчихдаг юм. Түүнтэй минь энэ амьдралыг элээлгэх тавилан оноосон бурханд би юунаас ч илүү талархаж явдаг. Тэр минь бүсгүй намайг гуниггүй харцтай толгой тэнэгэр бодол өөдрөг алхах эрч хүч урам зоригийг хайрлаж байдаг хамгийн эрхэм хүн маань шүү дээ. Тиймээ хань минь би чамдаа хязгааргүй хайртай.

Б.Эрхэмбаяр

2011 оны 1 дүгээр сарын 21

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

11 сэтгэгдэл