Инээмсэглэл

12:32 PM

Би өөрийгөө яаж инээдгийг сайн мэдэхгүй ээ. Эмэгтэй хүн байж ганцаараа толинд хараад өөрийгөө яаж инээдгийг ч одоо хүртэл сонжиж үзээгүй. Намайг яаж инээдгийг мэддэг хүн байвал дор комент харин бичиж болно шүү. Би цаашид анхаарч бүүр сайхан инээдэг болноо. За энэ балайрах ч яах вэ. Гэхдээ би инээх дуртай. Заримдаа жаахан инээд муутай ч юм шиг. Урвайж суусанаас инээж байх нь хамаагүй дээр санагддаг. Харин саяхан хэд хоног гадагшаа явж ирээд бидэнд монголчуудын амьдралд инээмсэглэл нэг тийм найрсаг дулаан байдал ямар их дутагдаж байгааг улам бүр л мэдэрлээ. Ямар ч байсан тэр хэдхэн хоногт би маш их жаргалтай байсан бүгд л инээсэн хүмүүстэй зөрж таних танихгүй ч найрсагаар мэндлээд л. Лондонд сурдаг дүүтэйгээр шөнийн Лондонгоор зугаалсаны дараа надаас зөндөө үе мултарсан дүүгийнхээ найзуудтай (ихэвчлэн нэг сургуулийн оюутнууд) дискодох юм болов. Тэр өдөр хагас сайн буюу амралтын өдөр байсан тул бид метроны төв буудал дээр уулзахаар тохиров. Найзууд нь холоос бараа нь харагдмагц л гар даллан инээд алдан гүйсээр ирж тэврэлдэн хажууд зогсоо надтай танилцаж нөхөрсгөөр тэвэрч үнсээд л. Нүд нь нэг тийм залуу хүмүүсийн гэнэн хирнээ нэг их аз жаргалтай харцтай. Гэтэл монголд байдаг залуу хүмүүс ийм жавхаатай хамгийн гол нь ийм инээмсэглэлтэй байдаг билүү. Гуч гарсан намайг монголд дүүгийнхээ ангийн найзуудтай дискодох гээд явж байвал бас хүний толгойд орох болов уу. За яахав би бүр тоохгүй дүүгээ дагаад очдог юмаа гэж бодоход найзууд нь яах бол. Эвэртэй туулай үзсэн юм шиг л юм болно биз дээ. За энэ ч яахав хамгийн гол нь би өөрөө л хүсвэл тэгээд бусдад энэ нь гай л болохгүй бол болдог хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг газар өсч хүмүүжсэн залуусын ялгаа байх л даа. Гэхдээ л тэр нүднээс нь цацрах эерэг энерги эрч хүч инээмсэглэл нь ямар гоё байсан гээч. Хөөрхий минь Монголд байгаа үе тэнгийн залуус ямар харцтай байдаг билээ нэг их биеэ барьсан болгоомжилсон эсвэл хэн хүний өмссөн зүүснийг сонжсон нэг тийм гунигтай ч юм шиг. Таныг энд тэнд явж байхад нүүр дүүрэн царайлаг бас өмссөн зүүсэн нь тун донжтой гял цал болсон сайхан монгол охидын харц ч цаанаа л бас нэг гунигтай ямар нэгэн юм горьдоод ч байгаа юм шиг санагддаггүй гэж үү. Миний хувьд ийм ганган дэгжин хирнээ жавар хургасан харцтай охидоос нүүр дүүрэн инээмсэглэсэн даруухан охид эмэгтэйчүүд илүү үзэсгэлэнтэй харагддаг. Ингэхэд бид яагаад хэн нэгэн үрүү хараад сайхан инээхээс ингэтлээ айдаг ч юм уу болгоомжилдог болчихсон юм бол. Эсвэл энэ нь ази хүний араншин юу. Үгүй юмаа. Азийн орнуудад (Гэхдээ Бээжинд явж байхад биш шүү) бас л инээмсэглэсэн эерэг хүмүүс дийлэнх нь л байдаг шүү дээ. Ноднин Хайнанд явж байхад онгоцны буудал уруу нэг таксигаар хүргүүлсэн юм. Жолооч англиар муухан ярьж байлаа. Тэгээд хятад дуугаа тавьж дуулаад л. Нэг дууны аялгуу надад их сайхан санагдаж дахилт нь хэд хэд явахад би өөрийн мэдэлгүй амандаа аялчихлаа. Жолооч залуу сэтгэл хангалуунаар эрхийгээ гозойлгоод л нэг их сайхан инээж их сайхан дуу шүү гэж байна. Тэгээд жаахан ойр зуурын юм ярилцав. Хайнанд ирээд удаагүй. Энд жуулчид их ирдэг тул такси барихад амьдрал хөл дээрээ босно гэж бодоод л ирсэн гэнэ. Сониуч зан хөдөлж өдрийн орлого ойролцоогоор хэд билээ гэж асуувал манай таксины жолоочоос нэг их илүүтэй санагдсангүй. Гэхдээ л тэр хүний харьцаа, сэтгэлгээ, инээмсэглэл мөнгө цагаан нүд улаан болсон манай таксины жолооч нараас тэс өөр. Намайг Хайнанд сайхан амраад буцаж байна уу гээд дараа ирвэл над уруу яриарай гээд утсаа өгч бас нөгөө хятад дуутай CD-гээ дурсгасан. Ингээд л бодохоор Монголд маань дандаа л хөмсөг зангидсан хүмүүс, хаа сайгүй нэг нэгнийгээ муу муухай хахир хатуу үгээр доромжилоход бэлэн хүмүүс дүүрэн байдгийн учир юу юм бол. Нийгмийн бухимдал, ядуурал гэж нөгөө л улиг болсон буруутай “этгээд” үрүү хамаг бурууг нь чихэхээсээ өмнө сайтар бодоод үзмээр юм. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр биднийг монгол хүний амьдрал аймаар муу муухай байгаа талаар, бид ядуураад бүүр сүйрэх гэж байгаа тухай л мэдээ мэдээллээр тархийг маань 20 жил гаруй угаасны буруу ч бас байх шиг. Сайн сайхан амьдарч буй хүмүүс, аз жаргалтай сайхан сэтгэлтэй хүмүүс мууханаасаа хавьгүй олон байгаа шүү дээ. Яагаад тэр хүмүүсийн талаар ярьдаггүй юм бол. Хэн нэгэнд тусалсан сайхан сэтгэлтэй жирийн хүний талаар (энд зүгээр нийгмийн хариуцлагатай компани болох гэж ядуу хүүхдүүдэд шинэ жилээр бэлэг тараадаг компаниудыг сүр бадруулан тэр оройн бүх ТВ сувгаар цацахыг хэлээгүй шүү би) яагаад нэг ч болсон сайхан нэвтрүүлэг бэлтгэж тараадаггүй юм бэ. Ер нь монголчууд бид сэтгэлээрээ бүр маш ядуу болчихоод байгаад л хэргийн учир байгаа байх гэж би боддог. Биднийг ийм болгоход энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл асар их үүрэг гүйцэтгэсэн. Саяхан би хэсэг залуустай шинэ жилийн талаарх өөрийн дурсамжуудаасаа хуваалцсан юм. Миний хувьд шинэ жилийн хамгийн сайхан дурсамж маань аав маань шинэ жилийн сүлд модоо засаад л гоё гоё гэрлэн чимэглэл гэрт анивчаад л. Аавыг сүлд модоо засахыг би тэсэн ядан хүлээдэгсэн. Энэ бүхэн л шинэ жилийн талаар сэтгэлд хоногшсон хамгийн сайхан дурсамж. Гэтэл биднээс нэлээн дүү тодруулж хэлбэл зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүн болж төлөвшсөн залуу шинэ жилийн сүлд мод дээр нь ирсэн зочид их мөнгө тавих нь гоё байдаг байсан гэсэн юм. Би эхэндээ тоглож хэлсэн байх гэж бодсон чинь үгйү юм шиг байсан. Надад хүмүүс ийм өөр болж төлөвшиж байгаа нь харамсалтай санагдаж нэг их гуниг сэтгэлд төрчихсөн. Ингээд л бодохоор монголчууд бид нээрээ сэтгэлээрээ, бидний сэтгэлгээ ямар их ядуу болж байнаа. Сэтгэл нь ядуурсан хүмүүс сайхан инээмсэглэж чадахгүй л дээ . Тэр ойлгомжтой.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

12 сэтгэгдэл