Охид, бүсгүйчүүдээ залуу насаа хайрлаж яваарай

5:52 PM

Би өөрөө 70-аад онд төрж 90-ээд онд цэл залуу насаа үдсэн эмэгтэй. Манай 90-ээд оны бүсгүйчүүд тэр үеийн охидын сэтгэлгээ биеэ авч явах байдал яг өнөөгийн охидтой харьцуулж үзэхэд арай өөр юм шиг санагддаг юм. Бидний үеийнхэн хайр дурлалын асуудал дээр их цэвэр ариун дурладаг байсан гэлтэй. Бидний дундаас амьдралд алдаж оносон нь зөндөө ч ямар ч байсан зоосны нүхээр бүгдийг хардаггүй байсан шиг санагддаг юм. Би юу гэх гээд байна вэ гэхээр социализмд төрж өсөж хүмүүжсэн бид нарын хүний амьдрал, гэр бүл, хайр сэтгэлийг үзэх үзэл одоогийн охидоос арай өөр байсан байгаа юм. Ямар ч байсан миний үеийнхэн дунд өөрөөсөө үе мултарсан залуустай цагийг өнгөрөөдөг охин нэг ч байгаагүй гэхэд болно. Гэтэл өнөөдөр энд тэнд явж буй охидууд за бараг л аав нь баймаар хүнтэй хээв нэг баранд сууж наргиж байх нь түгээмэл болж. Ер нь бар ресторан диско хаана л бол хаана залуухан охид дүүрэн. Үеийн хөвгүүд юу хийж явдаг юм бүү мэд. Цэл залуу цэцэг цэврүү шиг охид тамхи суунагласан баранд хижээл эрчүүдтэй наргиж суух нь элбэг болж. Миний танил зарим нэгэн эрчүүд бүгд л тогтсон амьдралтай эхнэр хүүхэдтэй хүмүүс гэтэл бас 20 гаруй насны найз охидуудтай байх нь цөөнгүй. Яагаад дөнгөж амьдралаа эхэлж байгаа охид хүний хоёрдогч болж амьдрах энэ замыг сонгоно вэ. Лав л хайр сэтгэл энд ярих нь утгагүй байх. Миний үеийн охид хэн нэгэнд хайраа өгөөд хотын гудамжаар зугаалдаг байсан. Анхны хайр нь амьдрал болсон нь амьдралаа зохиож үрийн зулай үнэрлэсэн нь ч цөөнгүй. Гэр бүлтэй өөрөөсөө ахмад эртэй наргих нь битгий хэл дотносож үг сольдог ч үгүй байсан гэхэд болно. Гэтэл одоогийн охидууд (бүгд биш л дээ уучлаарай охидоо) амьдрал нь тогтсон өөрөөсөө ахмад залуусыг ангуучлах болсон мэт. Юм сурч мэдэж цэвэр ариун сэтгэлээр дурлаж дурлуулж явах насан дээрээ хэн нэгэн ахимаг эрийн зугаа болж амьдрах юу нь сайхан байдаг юм бол гэж би гайхдаг юм. Хамгийн харамсмаар юм нь эмэгтэй хүний хамгийн сайхан цог хийморьтой залуу насаа хайр гамгүй үрж байгаад тэр охидын өмнөөс харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. За ядаж л хүний амьдралын баяр баясгалан болсон залуу насаа дурсъя гэж бодоход дурсахаар сайхан юм байна уу. Хэн нэгэн эмэгтэйн нөхөр болох халамцуу эртэй утаатай баранд эсвэл буудалд өнгөрүүлсэн үеэ дурсах уу. Сэтгэл харанхуй бол амьдрал харанхуй байна гэдэг үгэнд би итгэж амьдардаг. Хэчнээн гоё сайхан байгаад муухай сэтгэлтэй хүн тэр дундаа эмэгтэй хүн сайн сайхан амьдрана гэдэг юу л бол. Ээж минь их ухаалаг эмэгтэй байсан. Хүний залуу нас өтөл насны хооронд үүдэн хоймрын зайтай л байдаг юм шүү гэж дандаа хэлдэгсэн. Энэ нь угтаа бол залуу нас богинохон тул тэр сайхан үеийг зөв зүйлд л ашигла гэсэн үг байх гэж би ойлгодог юм. Залуу сайхан насандаа хийж бүтээсэн зүйл чинь амьдралын эцэст чамд хэдэн жил илүү наслах эрч хүч өгдөг юм шүү гэж миний бас нэг таньдаг сайхан эмээ надад хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэгэхээр залуу сайхан насаа утга учиртай өнгөрүүлэхгүй бол насан буурал болсон үедээ юугаараа тэжээгдэж амьдрах билээ л гэж би хэлэх гээд байна л даа. Мэдээж тийм байдлаар залуу насаа эцэст нь харамсмаар өнгөрөөвөл юу нь сайхан байх билээ. Ер нь бол сайн сайхан тансаг амьдрал хүсч мөрөөдөөд байгаа бүхнээ эмэгтэй хүн өөрийн гараар бүтээж байж аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарна уу гэхээс биш хэн нэгний сайхан амьдрал уруу амарчилж шургалвал хожим хойчдоо харамсаад ч барахгүй үйлийн үрээр түүнийг төлөх л болдог жамтай. Бие сэтгэлээ ариун байлгаарай охид, бүсгүйчүүлээ. Бие сэтгэл эрүүл байсан цагт хүнд мөнгө олдох үе ирнэ харин өөрийгөө хайрлаагүйгээс биеэ барж сэтгэлээ сэвтээвэл мөнгө байгаад ч яалтай билээ.


Б.Эрхэмбаяр

2010 оны 11 дүгээр сарын 18.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

16 сэтгэгдэл