Зэрэмдэг монгол

9:35 AM

Уучлаарай уншигч авгай минь нийтлэлдээ ийм хатуу нэр өгсөнд. Би, бид ер нь хэн юм бэ гэж асуувал та Монголчууд гэж хариулах байх. Гэхдээ бүр нэг Америкчууд “Би Америк хүн” Япончууд “Би Япон хүн” Хятадууд “ Би Хятад хүн” гэдэг шиг омог бардам цээж тэнэгэр ингэж хэлж чадаж байна уу? Үгүй л болов уу. Би лав тэгж чаддаггүй. Монгол хүн болж төрсөндөө гутарсандаа биш шүү. Зүгээр л өнөөгийн монголчууд бид ер нь хэн болоод байгаа, амьдрал нийгмийн орчин ямар байгаатай нөхцөлдөөд л хариулт маань сулхан болсон биз гэж таамаглана. Дэлхийн хөрсийг морин туурайгаар тамгалж ертөнцийн талыг захирч явсан монголчууд бид өнөөдөр ингэж “identity”-гээ (уншигчдаа уучлаарай энэ үгний нэг их нуршуу биш оноосон монгол орчуулга олдсонгүй.) алдсан хүмүүс ч болох гэж дээ. Чин үнэндээ яг би өөрөө цэвэр монгол цусны хүн боловч надад монгол гэх онцлог монгол ёс уламжлалаас гадарлах юм бараг л алга. Цагаан сараар ахмад хүний гар доогуур гараа оруулж золгодог гэдгээс өөр тоймтой мэддэг ёс заншил гээд байх юм байхгүй. Харин сүүлийн үед Монголын эзэнт гүрэн, Эзэн Чингис хааныхаа тухай ном зохиол хааяа унших түүхч судлаачдын хийсэн шинжлэх ухааны баримтат кино үзэж суухад монголчууд бид ямар мундаг түүх өв соёлтой ард түмэн байснаа ухаарч өөрийн эрхгүй омогших сэтгэл төрдөг юм. Нэг удаа “Discovery” сувгаар Монголын их хаан Хубилайн Их наран улс уруу довтолсон тухай японы түүхчдийн хийсэн баримтат кино үзсэн юмдаг. Тухайн үед монголчууд бид одооны дагаж хошуураад байгаа Солонгос улсыг эрхшээлдээ оруулаад бүр тэнгисийн флот байгуулж бараг бүх эрчүүдийг нь цэрэгт дайчилж, усан онгоц бариулахаар бүх модыг нь дуусгах шахаж байсан байгаа юм. Мөн Хувилайн усан флот Дэлхийн түүхэнд байгаагүй том флот байсан боловч далайн шуурганы гайгаар сүйрсэн гэдэг. Монголчуудын довтолгооноос тухайн үед Япон улс яаж айж бэмбэгнэж байсныг төсөөлөхөд амархан. Хубилай хаан зүгээр нэг эвдлэн сүйтгэх гэж биш Япон улсаар дамжуулж цааш их далайд гарах улмаар торгоны замыг цааш үргэлжлүүлж эдийн засаг худалдааны маш том бүс нутгийг бий болгох гэсэн үндсэн зорилготой байсан төдийгүй энэ зорилгоор удаа дараа Монголын Их Хаанаас илгээсэн элчийг газардахыг ч хүлээн зөвшөөрөхгүй 5 удаа тохуурхан доромжлон буцаасан Японы Шогүнд хэн бэ гэдгээ харуулах л зорилготой байсан тухай уг баримтат кинонд тодорхой үзүүлсэн. Тэр ч бүү хэл Хубилай хаан Японы Шогүнд бичсэн захидалдаа тухайн үед Монголын эзэнт гүрэнд Хятад Солонгос бүхлээрээ багтаж баруун талаас Унгар улсаас эхлэн Зүүн Сибирийн эрэг хүртэл өргөн уудам нутгийн эзэн хаан байсан байж “Өчүүхэн нэгэн улсын хаан таньд мэхийн ёсолж байна” гэж захидлаа эхлүүлж байсан байна. Гэтэл өнөөдөр энэ бүгдээс юу үлдэв. Монгол гэдэг нэрнээс өөр юм бараг л үлдсэнгүй дээ. Биднийг ингэж монгол ч биш орос ч биш бас хятад ч биш европ ч биш болж суух завсараар Өвөрмонголчууд харин их зүйлийг амжуулаад байх шиг. Энэ зун ажил хэргийн шугамаар Хятад болоод Өвөрмонголын хэд хэдэн банкуудтай уулзаж нэлээн аяллаа. Өвөрмонголын Ордост байрлах “Чингисийн онгон” гэх цогцолборыг үзэж сонирхов. Бүхэл бүтэн тусгаар улс бид Их эзэн Чингис хаанаа хэдэн янзын архи болгож гаргаснаас өөрөөр хийж чадаагүй байгаа зүйлийг Өвөрмонголчууд хийсэн байна. Чингисийн онгоны хажууд орших амралтын газрын гэр театрт Чингисийн тухай дуулалт жүжиг үзсэн. Монгол үндэсний урлагийн гайхамшгийг үзүүлсэн уг тоглолт үнэхээр их таалагдлаа. Зөвхөн энэ ч биш Өвөрмонголд хаа явсан газар биднийг энд солонгос киноны одуудыг дуурайж стиль хэв маягаа тодорхойлж суух зуур үндэсний хувцасаараа гоёсон үндэсний урлагийн гайхамшигаа тодотгон алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүүний хамтаар угтаж байх юм. Би өөрийгөө хэтэрхий хуучинсаг нөгөө нэг дуучин хэн билээ Жавхлан шиг халуун зунаар эсгий дээл өмсөж Би монгол хүн гэж хөлсөө гоожуулан дайрдаггүй ч бид монгол үндэснийхээ уламжлал соёл ёс заншилаа хадгалж үлдэх сэргээх тал дээр анхаарахгүй бол боломгүй мэт. Үгүй бол хэдэн жилийн дараа хэн ч биш орос, солонгос, япон, англи, хятад хэлээр хольж хутган чамирхсан зэрэмдэг хүмүүс болох вий гэхээс сэтгэл нэн эмзэглэнэ.


Б.Эрхэмбаяр

2010 оны 10 дугаар сарын 25

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

5 сэтгэгдэл