Бүсгүй заяа цуврал. Цонхон дээрх цэцэг (Өгүүллэг)

2:09 PM

Ойрдоо блогтоо салхи оруулсангүй. Уншигчид маань урам нь хугарсан байх даа. Эсвэл facebook, twitter-дээд блогт минь бас шагайх ч үгүй болсон уу. Ямартай ч доорх бяцхан өгүүллэгээ та бүхэндээ толилуулж байна. Харин юм л бичвэл хувийн амьдралтай минь холбох гээд байдаг зарим нэг уншигчиддаа зориуд сануулж хэлэхэд энэ зохиолын гол баатрууд нь би болооод миний нөхөр биш юм шүү гэж зориуд хэлмээр санагдлаа. Зүгээр уран зохиолын хиймэл дүр миний фантази гэх үү дээ. Хэхэхэхэ

Бүсгүй заяа цуврал. Цонхон дээрх цэцэг
(Өгүүллэг)


Өнөөдөр чинь наран ээвэр сайхан өдөр байна. Гэхдээ сүүлийн үед эзэгтэй маань зав муудаж хөөрхий биднийгээ бүр тоохоо больж дээ. Хааяа ангаж омголтсон навчийг минь тэнийлгэж ус хийдэг хүн маань одоо есхөн настай энэ муу бөндгөр охин болж дээ. Хэдэн жилийн өмнө бол эзэгтэй маань ямар байлаа даа. Юм л бол биднийг эрхлүүлж бие давхар цэцэглэх дөхөж байхад минь бордоо хийгээд л тамир тэнхээ оруулдагсан. Одоо бол хааяа хааяахан услахаас хэтрэхээ байж дээ. Бүр услахгүй мартчихаад охиныг цэцгээ услаадхаач гэж зандарч дуулдах болж. Хүүхэд болсон хойно энэ муу бяцхан охин яаж ч эзэгтэй шиг минь ус ундыг минь тааруулах вэ дээ. Заримдаа бүр крантнаас шууд бүлээн ус авчраад асгачихна. Энэ гэрийн гэрэл гэгээ тохирсон тааламжтай саруулхан цонхны буянд л сүүлийн үед тэсч тэвчиж байна даа. Гэхдээ биднийг өдий зэрэгт хүргэж ургуулж асарч тордсон эзэгтэйдээ гомдож яаж барах вэ. Бүсгүй хүн гэрт орохгүй их ажилтай байх юу нь сайхан байх вэ дээ. Хөөрхий эртэд нэг орой ирээд буйдан дээрээ суун тусаад нулимс дуслуулж харагдсан. Би чинь эмэгтэй хүн гээд л цааш нь мэгшүүлж харагдсан. Юу ч болж байсан нэг их сэтгэл хөдлөөд байдаггүй эзэн харин энэ удаа унтаж байсан орноосоо үсэрч босоод тайтгаруулсан шүү. Манай эзэн ч дээ цонхон дээр бараг биднийг байдаг эсэхийг ч ямар мэддэг биш дээ. Хөөрхий муу эзэгтэйг ч гэсэн заримдаа мартаж орхидог юм. Хэдэн жилийн өмнө намайг дөнгөж нахиагаа нээн соёолж байхад мөн ч сайхан байж билээ. Манай эзэн эзэгтэй 2 охиноо дөнгөж төрүүлээд удаагүй байсан цаг. Эзэгтэй нялх охиноо харахын хажуугаар бас намайг охиноосоо нэг их дутахгүй арчилж бөөцийлдөг байж билээ. Өдөр бүр эзэгтэйнхээ сүү үнэртсэн гараар услуулж, аз жаргалтай сайхан мишээлээр нь шагнуулж суухад мөн ч сайхан байж билээ. Улам бүр навч нахиа минь дэлгэрч үндэс минь хүчирхэгжин одоогийн энэ цаг зуурын хатуу ширүүн байдлыг тэсэн тэвчих чадвартай болгосон юм болохоор муу эзэгтэйдээ буруу санах эрхгүй билээ. Ажил ихтэй байгаа тэр минь цонхон дээр байгаа цэцгүүдээ харж бас сэтгэлийн таашаал эдэлдэг болохоор ус унд дутуу ч гундаж гандахгүйг хичээх нь зөв байх даа. Эзэн ч яахав дээ ажил ихтэй гэртээ байх хугацаандаа ном, сонин унших, телевиз үзэх, эсвэл компъютерээ асаагаад таг суухаас хэтрэхгүй. Охиныг бага байхад ч тэгээд ч шинэхэн хос байсан болоод ч тэр үү эзэгтэйд минь гэр орны ажилд хир чадлаараа хичээж тусладаг байсан. Харин ажил ихтэй эзнийг эзэгтэй хайрлаж тордохын хирээр цалингийн хэдэн төгрөгөө авчирч өгөхөөс хэтрэхгүй болсон билээ. Уг нь манай эзэгтэй хүүхэд гаргахаасаа өмнө энэ дуугүй царайтай эзнийг бодвол гав шув хийсэн гялалзуур ухаан цэлмэг сүрхий бүсгүй байсансан. Хир баргийн эр хүнээс ч дутахгүй албан ажилдаа амжилт гаргах чадалтай байсан даа хөөрхий. Охиныг 5-6-тай болохоос эхлээд эзний үг дуу бүр цөөрч хүүхдээ бас намайг асран суугаа эзэгтэйг минь нэг л үл тоосон байдлаар хандах болсон. Харин эзэгтэй маань ухаалаг хүн болохоор энэ бүхэн зүгээр гэрийн эзэгтэй болон сууснаас л үүдэв гэж ухаарах шиг болсон. Эзэн хичнээн ширүүн эсэргүүцэн зүтгэсэн ч эзэгтэй маань ажилдаа орж дахин гялалзаж эхэлсэн. Хэдийгээр эзнээс дутахгүй л ажлыг амжуулж гадуур гүйх болсон боловч гэртээ ирээд охин бид хоёрыг арчлах, хоолоо хийх, гэрээ цэвэрлэх гээд гэр орны бүхий л ажил турьхан эзэгтэйн минь л нуруун дээр бууна. Эзэн яахав хааяа залхуу нь хөдлөхгүй бол хүнс хоол цуглуулах гээд ажлыг амжуулна. Санаа байвч сачий хүрэхгүй гэгчээр толгойд нь байнга л ажил эргэлдэж, орондоо ч Blackberry-ны товчоо тачигнуулж и-мэйлээ шалгаж суудаг хүнд энэ гэр өнгөтэй байна уу, цонхон дээр байгаа цэцгүүд бид гундаж байна уу, хажууд нь суугаа хань нь гомдож байна уу үгүй юу нэг их ялгаагүй мэт. Харин эх хүний зөнгөөр эзэгтэй минь хэдий их ажилтай ч хархан нүдэндээ гэмшил тээсээр байхыг нь харж суухад өр өмтрөх юм. Хань нь индүүдлэг муутай цамцтай явсан, охин нь нэг өдөр хоол нь оройтсон, цонхон дээрх цэцэг миний хөрс шороо ангаж хорчийсон ч энэ бүгд миний л буруу гэж сэтгэл зүрхээ шаналгана. Эзэгтэйгээ гэрээс гадуур ажил дээрээ юу хийдгийг би мэдэхгүй ч ийм сэтгэлтэй зүтгэлтэй хүн бас л тэр ажилдаа бүх л сэтгэл зүрхээ зориулан зүтгэж байгаа нь ойлгомжтой. Хааяа хөөрхий ажил нь бүтэмжтэй байвал нэг их сайхан инээд алдаж ирээд л эзэнд тэр тухайгаа ярьж, хоолоо хийж дуу аялан гэрээ цэвэрлэж бас намайг услана. Ажил нь бүтэхгүй бол дуугүй гөлгөр эзнээс санаа оноо авах санаатай тэрийг тэгвэл яах бол энийг ингэвэл яах бол гэж асууж бяцхан бөндгөр духаа үрчийлгэж ирээд л санааширна. Заримдаа шөнө дөл хүртэл ажил дээрээ суугаад хоол ч идэх тэнхэлгүй болсон хүн гэртээ ирэх нь ихсэж дээ хөөрхий. Охин том болохын хирээр эзнийг хүлээж гэртээ гиюүрч суухгүйн тулд ажил ажил гэж гүйх нь улам бүр ихсээд байх шиг. Эзний хайхрамжгүй зан түүнийг сүүлийн үед өөрчлөөд байна даа. Эзэгтэй минь биеийн амрыг харж хөнгөн ажил хийж, охиноо хараад сууж байвал болох л байсан байх. Харин тэр үед эзэн хэдий дөлгөөн томоотой ч ямар зан гаргасан билээ дээ. Харин ч манай эзэгтэй ухаалаг хүн учраас энэ замыг сонгох нь дээр гэж үзсэн байх. Хөөрхий дөө бүсгүй хүн цагаан зээр хоёрт нутаг үгүй гэдэг. Охиноо охин насанд нь сайн хайрла ч гэж үг бий. Манай эзнийг гэрт ирсэн зочид гийчид тэр бүү хэл эзэгтэйн ээж, аав эгч, дүүс хүртэл сайн хүнийг нь гайхдаг. Чи ийм ханьтай болсон нь аз гэж ирээд л ам нийлэн магтацгаадаг. Цаана чинь архичин согтуу, ажилгүй эрчүүд зөндөө байна. Ийм хань ижлээ халамж дутаалаа гэж үглэх гомдох эрх чамд үгүй гэж ирээд л хамаг бурууг хөөрхий муу эзэгтэйд минь л үүрүүлнэ шүү дээ. Гэхдээ л зав сэтгэл гарган халамж хайраа үзүүлж байхгүй бол цонхон дээрх цэцэг бүсгүй хүний амьдрал хоёр ялгаа юу байх билээ. Арчилж тордоод л байвал бүсгүй хүн гэдэг өнгө зүс орж гялалзан дэлбээлдэг цэцэг бидэнтэй л адилхан юм даа.



Б. Эрхэмбаяр

2010 оны 8 дугаар сарын 23

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

9 сэтгэгдэл