Who is my ideal man?

3:40 PM

Энэ асуултыг тавьж үзээгүй бүсгүй хүн гэж байхгүй байх. Миний хувьд миний “Ideal Man” буюу жаахан өөр байдлаар монгол уруу утгачилан орчуулбал миний “жинхэнэ эр хүн” хэн бэ гэвэл дараахь шинж чанартай байх ёстой. За ингээд жинхэн эр хүний шинжүүдийг хамгийн чухлаас нь эхлүүлээд дэс дараалуулан дурьдвал:

1. Өндөр боловсролтой өргөн мэдлэгтэй. Энэ маань зөвхөн нэг гайгүй нэртэй сургууль төгссөн ч юм уу эсвэл заавал өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн байхаас гадна бүх талын маш өргөн мэдлэгтэй байхыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл оросоор бол кругозор сайтай гэдэг дээ. Тал бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцаж чаддаг байх хүмүүстэй ялангуяа надтай сонирхолтой яриа өрнүүлж чаддаг байх хэрэгтэй.

2. Эмэгтэй хүнийг ойлгодог хүндэтгэдэг байх. Ямар ч эмэгтэй хүнийг зүгээр л эмэгтэй хүн гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй харьцдаг байх. Үүнд ээжийгээ хайрлах, эгч дүүгээ хайрлах гэр бүлийн хүмүүжил чухал нөлөөтэй. Эмэгтэй хүнийг хайрлаж хүндэтгэж харьцдаг аавтай хүн энэ чанарыг түүнээс болон ээж аав хоёрынхоо харьцаан дээрээс өвлөн авдаг. Тиймээс би үүнд гэр бүлийн хүмүүжил бас чухал гэж хэлээд байгаа юм л даа. Мөн эмэгтэй хүний дэргэд муухай хараалын үг хэлдэггүй байх. Эмэгтэй хүн юу хүсч байгааг мэддэг байх. За бүр мэддэггүй юмаа гэхэд юу хүсээд байгааг нь мэдэрдэг байх.

3. Сексдээ сайн эрүүл чийрэг бие бялдартай байх. Энэ бол яахав ихэнхдээ байгаль эхээс хамаарах асуудал боловч дээрх чанарыг ялангуяа эрүүл байхын ач тусыг ойлгосон боловсролтой эр хүнд бол өөртөө төлөвшүүлэхэд тийм ч хэцүү зүйл биш юм. “Сексдээ сайн” гэдгийг зөвхөн бие махбодь талаас нь ойлгож болохгүй. Энэ бол эр хүний хир зэрэг чалхтай байх зэргээс нэлээн өргөн хүрээтэй асуудал. Иймээс эр хүний секст сайн байх эсэх нь түүний энэ талын боловсрол хүмүүжилтэй (бэлгийн боловсрол хүмүүжил гэж орчуулсан байх шиг байна билээ) холбоотой. Ер нь юм уншдаг эр хүн эмэгтэй хүнийг яаж жаргаахаа илүү сайн мэддэг.

4. Цэвэрч нямбай байх. Хэдийгээр монголчууд эр хүн хээгүй нь дээр гэж ярьдагч надад бол үнэндээ хээгүй эр хүн огтоос таалагддаггүй. Ядаж өглөө босоод усанд орж заншаагүй бол миний хувьд байж боломгүй дутагдал гэж үздэг. Хувийн ариун цэврийг сахидаг цэвэр ч цэмцгэр эр хүн бол жинхэнэ эрчүүдийн нэг мөн. Хамгийн наад зах нь эр хүн эмэгтэй хүнтэй орондоо байхдаа амнаасаа ямар үнэр үнэртэж байгаа бол гэж бодох чадвартай байх ёстой. Мөн хөлсөө биш даруухан сайхан үнэр үнэртүүлсэн эрчүүдэд би дуртай.


5. Сайн эцэг байх. Жинхэнэ эр хүн хүүхдийнхээ хүмүүжилд цаг зарцуулж чаддаг хүүхдүүдийнхээ дотны найз нөхөр туслагч нь байх ёстой.

6. Халамжтай байх. Эмэгтэй хүнд хайр халамжаа харамгүй өгдөг тэр хирээр өөрөө түүнээс халамж хайр авч чаддаг байх. Жишээлбэл өглөөний цай оронд уулгадаг эр хүн бол жинхэнэ эр хүн. Ялангуяа амралтын өдрүүдээр жаахан унтаад сэрэхэд хажууд минь сайхан бэлтгэсэн өглөөний цай орон дотор өгвөл би л лав хамгийн аз жаргалтай эмэгтэй гэж өөрийгөө бодно.

7. Романтик. Романтик эрчүүд эмэгтэйчүүдэд их таалагддаг. Яагаад гэхээр ихэнх эмэгтэйчүүд романтик байдаг. Гэнэт үе үе цэцэг бэлэглэх ч юм уу эсвэл янз бүрийн хөнгөн романтик бэлэг барьдаг эр хүн сайхан байдаг. Мөн жилдээ ядаж нэг удаа намайг романтик аялалд урьчихдаг бол бүр ч догь.

8. Дон Жуан биш ч хүссэн эмэгтэйнхээ толгойг эргүүлж дөнгөдөг. Хэн нэгэн эмэгтэй таалагдлаа гэхэд түүнийг яаж өөртөө татах вэ гэдгээ эр хүн сайн мэддэг байх ёстой. Дэлхийн хамгийн алдартай завхай эр Дон Жуан яавал энэ эмэгтэйг өөртөө дурлуулах вэ гэдгийг сайн мэдсэн байсанд түүний нууц оршиж байдаг. Тэрээр өөр өөр зан араншинтай өөр өөр үзэл бодолтой нийгмийн анги давхаргын хувьд ч өөр өөр эмэгтэйчүүдийг өөртөө дурлуулахдаа тэдгээрийн дотоод сэтгэлийг сайн мэдэрч эмэгтэй нэг бүрт тохирсон аргаар өөртөө татдаг. Тэгэхээр хэн нэгэнд дурлачихаад түүний араас элдэн хөөж нөгөө эмэгтэйгээ залхаах биш яавал түүнд би таалагдах вэ гэдгийг л эр хүн мэдэж байхад хангалттай.

За за ерөнхийдөө бол миний хувьд Ideal Man гэхээр нэг иймэрхүү дүр зураг гарч ирж байна. Гэхдээ энэ бол эрчүүдийг зөвхөн миний хувьд эмэгтэй хүний хувьд л шинжсэн байдал шүү. Тэгэхээр та бүхний хувьд ямар байх юм бол нэмэх хасах зүйл байвал доор саналаа үлдээгээрэй.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

17 сэтгэгдэл