Эмэгтэй хүний нас

11:26 AM

Гуч гарсан эмэгтэйчүүддээ зориулав.

Өнөөдөр миний төрсөн өдөр. Нас маань бас л нэг тоогоор нэмэгдлээ. Гэхдээ би үүнд огтхон ч эмзэглэхгүй байна. Учир нь эмэгтэй хүний нас жинхэнээрээ паспорт, иргэний үнэмлэх (ID card) дээрээ л байдаг. Хэн ч намайг өнөөдөр албан ёсны насаар минь биш дор хаяж 4-5 насаар дүү гэж төсөөлдөгт бурханаас надад хайрласан нэг хишиг юм болов уу гэж бодож баярлаж явдаг. Хамгийн гол нь эмэгтэй хүнийг чимдэг наснаасаа залуухан харагдуулдагийн нууц нь сэтгэлээрээ сайхан амьдрах, сэтгэлээрээ залуу байх чадвар нь юм. Хорвоогийн жамаар хүн бүр хөгширдөг. Тэр дундаа эмэгтэй хүнд энэ хорвоогийн жамтай эвлэрэх үгүйгээ шийдэх цаг мөч ч ирдэг л байх. Зарим нэг нь үүнтэй үхэн үхтэлээ эвлэрэхгүй гэж гоо сайхан, саун массажинд цаг болоод мөнгөө хэтэртэл үрж зарим нэг нь пластик хагалгаанд шүтэж амьдардаг. Энэ үед дөнгөж 20-той байсан үедээ эргэж очих юмсан ч гэх бодол эмэгтэй хүнд төрдөг л юм. Гэхдээ яахав энэ бол зайлшгүй л зүйл хорвоогийн жам. Харин ч гуч гарсан эмэгтэй 20-той охидыг бодоход маш олон давуу талтай. Тэд өөртөө юу хэрэгтэйг, юу хүсч байгаагаа маш сайн мэддэг. Бие махбодийн төдийгүй, оюун ухааны хувьд ч боловсорч гүйцээд хэн хүний хүндлэлийг өөрийн эрхгүй татах хэмжээнд хүрчихсэн байдаг. Энэ бол 30 настнуудын хамгийн том давуу тал. Гэхдээ эмэгтэйчүүдийг дөнгөж л гуч гарав уу үгүй юу нийгмийн дунд гадуурхах бараг л эмгэн болчихсон мэт үзэх хандлага нийгэмд тэр тусмаа монголын нийгэмд их байна. Хамгийн харамсалтай нь 20-той эмэгтэйчүүд хүртэл бидний үеийн хэн нэгнийг “тэр авгай” “энэ авгай” “ажаа ажмаа” ч гэх шиг дуудаж доромжлох дургүйцлээ илэрхийлэх явдал их байна. Тэр охины насан дээр тэр эмэгтэй өөрөөс нь ч сайхан гоё харагддаг ёстой гялалзаж байсныг ойлгох ухаарах чадваргүй дээр нь хүмүүжилгүй нь төдий чинээ. Өөрөө ч бидний насан дээр биднээс хөгшин харагдах ч юм билүү хэн мэдлээ. Миний хувьд хэдийгээр гуч гарсан эмэгтэйд цаг хугацааны эрхээр байгаль эх хүссэн хүсээгүй нүүрэн дээр чинь биен дээр (ялангуяа хүүхэд төрүүлсэн эмэгтэйд) чинь ул мөрөө үлдээдэг ч би л лав үүнд хэзээ ч харамсдаггүй. Бага зэргийн үрчлээ эмэгтэй хүнийг чимдэг. Тэгээд ч бараг насанд хүрэх шахсан хүүгээ харахаар өөрөөрөө бахархдаг. Би ийм нэг бүхэл бүтэн бие хүнийг өдий зэрэгт хүргэж өсгөж хүмүүжүүлсэн эх хүн шүү дээ гэж өөрийгөө бодохоор маш сайхан бахархалтай санагддаг. Надад тэр 20-той охидууд ч юмуу намайг хөгшин авгай гэж дуудсан хэн нэгэн залуугийн мөрөөдөөд ч хүрэхгүй амьдрал байгаад хамгийн гол нь би энэ бүхнийг өөрөө цогцлоож бүтээсэндээ урам орж амьдрах эрч хүчтэй болдог. Тийм ээ би гуч нэлээн гарсан эмэгтэй. Тэгэхдээ харин хэзээ ч үүндээ гутардаггүй.

Б.Эрхэмбаяр

2010 оны 4 дүгээр сарын 12

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

12 сэтгэгдэл