Танд хэрэгтэй нэгэн номны талаар

5:45 PM




Өдөр өдрөөр өөрчлөгдөн хөгжиж, улам улам даяаршиж буй дэлхий ертөнц, түүнтэй хөл нийлүүлэн алхахаар тэмүүлэх улс орны иргэн болж буйн хувьд Стефен Кови болон түүний хөвгүүдийн үр бүтээлтэй амьдралын талаарх зохиол бүтээлүүдтэй танилцаагүй, дуулаагүй хүн ховор болсон бизээ. Ноён Кови болон түүний хөвгүүдийн бичсэн “Зарчимд суурилсан манлайлал”, “Үр бүтээлтэй хүмүүсийн долоон хэвшил”, “Өсвөр үеийнхний дээдэлж мөрдөх долоон дадал”, “Найм дахь хэвшил: Үр бүтээлтэй байдлаас гайхамшигт” зэрэг номууд Монгол хэлнээ орчуулагдан гарч, нийгэм, цаг үеийн шаардлагын дагуу “оюун ухааны тэжээл”-ийг улам улам ихээр хэрэглэх болж буй уншигчдын маань гар дээр тавигдаад байна.

Эдгээрийн дотроос “Үр бүтээлтэй хүмүүсийн долоон хэвшил” ном нь хорьдугаар зууны нөлөө бүхий бизнесийн зохиол бүтээлүүдийн хамгийн шилдгээр шалгарч, 33 хэлээр хэвлэгдэн гарсан бүтээл бөгөөд дэлхийн олон олон бизнесийн лидерүүд, алдартнуудын зүгээс үр бүтээлтэй амьдралын зарчим, хэвшлүүдийг хамгийн олон талаас, цогцоор нь нэгтгэн илэрхийлж чадсан ном хэмээн үнэлэгдсэн билээ.

Номыг хэвлэгдэн гарсаны дараа хүмүүс тухайн үедээ хувь хүмүүсийн үр бүтээлтэй харилцааны хамгийн хүчирхэг зөвлөмжүүдийг багтаасан гэж үзэгдэж байсан Дейл Карнегийн номонд “Баяртай, илүү ул суурьтай, үндэслэлтэй, хүчирхэг ном бий боллоо” хэмээн хэлж байсан байна.
Энэхүү ном нь 2010 оны эхнээс албан ёсны зохиогчийн эрхтэйгээр, орчуулгын чанарын өндөр түвшинд Монгол хэлээр гарч эхлээд байгаа нь мэдлэг боловсрол, оюун ухааны хөгжил, ёс зүйг дээдэлдэг хүн бүхний таашаал талархлыг хүлээсэн үйл явдал болоод байна. Номын орчуулагч (С.Тунгалаг)-ийн дүгнэж хэлсэнээр мэдлэг боловсрол бол амьдралын аль ч талын хувьд амжилтанд хүрэх хамгийн хурдан, найдвартай зам бөгөөд “Үр бүтээлтэй хүмүүсийн долоон хэвшил” ном нь олон олон хүмүүсийн амьдралыг өөрчилсөн суурь мэдлэг боловсролын эх сурвалж болж чадсан гайхамшигт ном ажээ.
Номын “гайхамшигтай” хэмээх үнэлгээг авсаны гол шалтгаан нь зохиогч түүнд хүн өөрийн амьдралаа түүний тал бүрийг тэнцвэржүүлсэн байдлаар хэрхэн үр бүтээлтэй удирдан залах ухааныг хамгийн суурь, оновчтой байдлаар илэрхийлсэнд оршиж байгаа юм.

Хэвшил 1 буюу “Идэвхтэй бай” нь “Та бол өөрийнхөө амьдралын бүтээгч, зохиогч, удирдан залагч” гэдгийг хувь хүний сонголт хийх эрх чөлөө, зарчимд үндэслэн тайлбарласан бол Хэвшил 2 буюу “Төгсгөлөө төсөөлж эхлэхүй”-д хүн өөрийн амьдралыг бүтээж босгох чадварууддаа үндэслээд өөрийн үнэ цэнэ, амьдралдаа хүсч тэмүүлэх эрхэм зорилгуудыг хэрхэн тодорхойлох арга, зарчим, үндэслэлүүдийн талаар өгүүлсэн байна.
Хэвшил 3 буюу “Эхний асуудлуудыг эхэнд нь тавь”-д Хэвшил 1 болон 2-ыг бодитоор хэрхэн хэрэгжүүлж өрнүүлэх тухай, өөрөөр хэлбэл та өөрийнхөө өдөр тутмын амьдралыг идэвх санаачилгатай чанар, амьдралдаа хүсч тэмүүлэх эрхэм зорилгууд, гүйцэтгэх үүргүүддээ нийцүүлэн хэрхэн зүй зохистой удирдаж, зохион байгуулах тухай, улмаар амьдралаа өөрийн зорилго чиглэлдээ нийцүүлэн удирдсанаар таны амьдрал ямар тав тухтай, сэтгэл дүүрэн болох тухай юм.
Улмаар Хэвшил 1, 2, 3 нь хувь хүн өөрийгөө ялах, бусад хүмүүстэй үр бүтээлтэй хамтран ажиллахын үндэс суурь, урьтал болох хэвшлүүд бөгөөд эдгээрийг өөрийн болгосноор тухайн хүн Хэвшил 4, 5, 6 буюу нийтийн дунд ялалт байгуулах хэвшлүүдийг амжилттай эзэмших суурь бүрдэнэ.

Хэвшил 4, 5, 6 буюу аливаа харилцаанд оролцогч тал бүрийн хувьд ашигтай “Ялалт/Ялалт зарчимаар сэтгэх нь”, “Эхлээд ойлгох, дараа нь ойлгогдохыг хичээ”, “Хамтын ажиллагаа” зэрэг нь харилцан хамааралтай энэхүү амьдралд бусад хүмүүсийг ойлгож, хүндлэх, өөрийгөө ойлгуулах эр зоригтой байх, улмаар эдгээрт холбогдох хэвшлүүдийг эзэмшсэний үндсэн дээр өндөр үр бүтээлтэй хамтын ажиллагааг бий болгох тухай юм. Улмаар эдгээр хэвшлүүдийг таниулах явцад тэдгээрийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх арга техникүүд, хүмүүс хоорондын хамтын ажиллагааны хамгийн зөв зүйтэй сэтгэлгээ болох Ялалт/Ялалт-ыг хэрэгжүүлэх үндсэн таван бүрэлдэхүүн хэсгүүд болох 1) хувь хүнээс шаардагдах зан чанар (хувийн мөн чанарын нэгдмэл байдал, боловсорч гүйцсэн байдал, уужим ухаан), 2) харилцаа холбооны чадвар, 3) Ялалт/Ялалт-ын гэрээ тохиролцоо, 4) Ялалт/Ялалт-ыг дэмжих тогтолцоо, 5) Ялалт/Ялалт-ыг хэрэгжүүлэх үйл явцын хүчин зүйлүүдийн талаар учир шалтгааны гүн гүнзгий холбоо, үндэслэлтэй тайлбарласан байна.
Сүүлийн хэвшил буюу Хэвшил 7, “Хөрөөгөө хурцлахуй”-д амьдралыг удирдахад танд байгаа хамгийн үнэтэй баялаг болох өөрийгөө хэрхэн сэргээн шинэчлэх талаар нэн сайхан өгүүлжээ. Үр бүтээлтэй, баялаг, сэтгэлд дүүрэн амьдралаа зохион өрнүүлэх явцдаа хүн өөрийгөө бие махбодь, оюун ухаан, нийгэм сэтгэл зүй, цог хийморийн дөрвөн талынхаа хувьд байнга сэргээн шинэчилж, өөрөөр хэлбэл “хөрөөгөө” байнга хурцалж байх ёстой бөгөөд үүнийг хэрхэн хийх талаар зөвлөсөн байна.

Номонд өгүүлсэний адилаар аливаа өөрчлөлт бүр гаднаас дотогш бус, дотроос гадагш чиглэсэн байдлаар, өөрөөр хэлбэл өөрчлөлтийн үндэс нь хувь хүний дотоодоос эхлэн цэцэглэх замаар хийгдэх бөгөөд үүнээс улбаалан нийгмийн сэтгэл зүй нь хувь хүний сэтгэлгээ, сэтгэхүйн өөрчлөлтөөс үлэмж хамааралтай юм. Энэ учир зүйн улмаас “Үр бүтээлтэй хүмүүсийн долоон хэвшил” ном нь хүвийн амьдралаа үр бүтээлтэй удирдан залахыг хүсээд зогсохгүй, улс орныхоо хөгжил, орчин нөхцлийнхөө төлөө санаа тавьдаг хэн бүхний заавал уншиж мэдвэл зохих ном болохоор билээ.
Номонд өгүүлсэн хэвшлүүдийг мэдэж хэрэгжүүлсэнээр таны амьдралд түүнийг уншсан олон сая хүмүүст тохиолдсоны адилаарх эерэг сайн өөрчлөлтүүд гарч эхлэхийг та гайхаж бахдан мэдрэх болно.


Б.ЭРХЭМБАЯР
Нийгэм, эдийн засгийн ухааны мастер

Өдрийн сонины 2010 оны 2 дугаар сарын 22-ны дугаарт нийтлэгдсэн болно.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

1 сэтгэгдэл