Дурлал, хайр

11:34 AM

Нэгэн цагт нэгэн ядуу эр эм хоёр хамт амьдарч байжээ. Нэгэн удаа тэр хоёрын хуримын ойн баяр болжээ. Ядуу эр эм хоёр дотроо өдөржин хэн хэндээ ямар бэлэг юугаараа авч өгөх талаар боджээ. Тэгээд орой бэлгээ задалжээ. Эхнэр нь нэг их сайхан өтгөн хар үстэй байж. Нөхөр нь эцсийн ганц зоосоо шавхан байж нэгэн гоё сам бэлгэнд авч. Харин эхнэр нь өтгөн хар үсээ зараад нөхөртөө бэлэг авсан байжээ. Энэхүү өгүүллэгийг хаа нэгтээ уншиж байсанаа санаад доорх хайр дурлалын тухай тэмдэглэлээ бичсэн юм. Удахгүй болох Гэгээн Валентиний өдрийн мэндийг уншигч та бүхэндээ бас өргөн барья.


Дурлал

Цас зөөлөн будран бударна. Алган дээр минь буух агшинд хайлан урсах гоёмсог цасан ширхэг. Эмзэгхэн хэврэгхэн ч тодоос тод гялтганасан цасан ширхэгүүд миний цээжний гүнд ассан дурлал шиг. Дурлахаас айж явсан насанд минь ирж түүнээс зугтах аргагүй болгож зүрхийг минь сэмлэнэ. Сормуус цантуулсан өвлийн үдэш чамайг л харах гэж би цонхны чинь доор зогсном. Чимээгүй л дурласан сэтгэлд минь чамаас өөр юу ч харин багтаагүй. Чин үнэнч цэвэр ариун тэр дурлал хүчтэй байсан. Харц чинь над дээр тогтох агшинд зүрх минь булигладаг байсан. Хааяа хааяахан инээмсэглэхэд чинь би жаргалтай байсан. Ухаангүй дурласан зүрхээ дагасан бол зовлон минь арвижих байсаныг хэн хэн минь харин мэдэж байсан. Хэмнэл хазайж шунасан бол жаргал биш зовлон болох байсан. Зүрх минь хэн хэнээ мэдэрч байсан ч хэзээ ч цаашаа хэтэрч болохгүйг сэтгэл минь ухаан минь мэдэж байсан. Гал цогтой оргилуун насны минь гэгээн гуниг дурлал минь. Халуун зүрхийг минь хэнэггүйхэн харцаараа шатааж орхисон чиний минь дурлал. Цас хаяласан өвлийн үдэш халуун гарыг чинь атгаж зогсох жаргалыг юугаар ч солимооргүй аминчхан зүрх минь хөөрхий. Хөнгөхөн гуниг сэтгэлдээ тээн алхах хүүхэн заяа минь бас хөөрхий.

Хайр

Дөлгөөхөн харцтай чиний нүднээс анх би хайрыг мэдэрсэн. Тийм сайхан тогтуун харцыг би урьд нь хэн нэгнээс олж харж байгаагүй мэт. Гомдож тунирхаж сэтгэл сэмэрсэн ч хаа нэгтэй халуунаар намайг төөнөж л байдаг хайраа би чамдаа өгсөн. Гүн далай ширгэж элсэн цөл болсон ч, галав юүлж дэлхий мөстсөн ч энэ хайрын минь бүлээн дулаан зүрх сэтгэлийг минь дулаацуулсаар байна гэдэгт би итгэдэг. Хайр минь он цагийн уртад бүдгэрсэнгүй. Хаалга тас саван заримдаа гарч оддогтой чинь адил алга болсонгүй. Хэзээ ч миний дэргэд байдаг танил үнэр халуун зүрх чинь намайг орхихгүйг би мэдэрдэг. Аливаад итгэл алдарч сэтгэл гонсгор ахуйд халуун гараараа мөрөөр минь тэврэх төдийд итгэлийг минь сэргээх чиний хайр хүчтэй. Болох болохгүйн өмнө будилж бухимдах ахуйд цээжинд чинь наалдах төдийд урам хайрлах миний хайр хүчтэй. Сар жилийн уртад сайхан гоёын өмнө зүрхээ хуураагүй бидний хайр. Дэргэд чинь л байхгүй бол дэлхий хүртэл өчүүхэн болдог хайр минь. Дэндүү дассан ч зулзган гацуур шиг нялхарч байдаг хайр минь. Одтой тэнгэрийг бүхэлд нь амлаагүй ч огторгуйн уудмаас ч гүн гүнзгий бидний хайр.

Б.Эрхэмбаяр
2010 оны 1 дүгээр сарын 26. Улаанбаатар хот.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

9 сэтгэгдэл