Болзоо

11:35 AM

Өнөөдөр болзоотой. Бүсгүй хувцасны өргөн шүүгээгээ нээж болзоонд өмсчих даашинз нүдээрээ хайв. Түүнд өнөөдрийн болзоонд нь яг таарсан тийм л даашинз хэрэгтэй. Гал улаан даашинз дээр харц нь тогтов. Сайхан даашинз. Гэхдээ бүсгүйд урьд өмнөх таагүй нэгэн түүхийг санагдуулсан энэ гал улаан даашинз огтоос хэрэггүй билээ. Цааш нь цэцгэн хээтэй дэрвэлзсэн, усан цэнхэр намирсан, алтан шаргал туяарсан, хилэн хар гялтганасан гээд даашинзууд нь намайг өмсөөч гэх шиг өлгүүрт шил шилээ даран хөвөрнө. Үгүй ээ хонгорууд минь өнөөдрийн болзоонд та нар даан ч зохимжгүй. 
Бүсгүй шүүгээнд өлгөөстэй даашинзуудаа яарамгүй нэгд нэггүй үзсэн ч сэтгэлд таарах юм олсонгүй. Шүүгээг урамгүйхэн хаахын алдад хамгийн захад нэгэн даруухан бор даашинз өлгөөтэй байхыг олж харав. Бүсгүй энэ даашинзыг хэзээ авсан тэр ч бүү хэл хэзээ өмсөж байснаа ч эс санана. Магадгүй хэзээ ч юм нэг өдөр худалдан авсан ч өнгө алаглан тунарах гоёхон даашинзуудаа өмссөөр хөөрхий энэ эгэлхэн бор даашинзыг бүр мартаж орхисон бололтой. Шүүгээний мухарт нуучихаад тоос шороонд даруулан өдий удаан жил хэвтүүлсэн байлаа. Эрлээ олсон бүсгүй бор даашинзаа яаран өмсөж үзлээ. 
Бүсгүйн нимгэн цагаан арьсыг даашинзны тунарсан бор өнгө тодотгож тун сайхан зохисон харагдана. Гуалиг биед нь яв цав таарсан даруухан бор даашинз яг л шидтэй мэт бүсгүйг ер бусын эрхэмсэг хээнцэр харагдуулах аж. Хэний ч нүдэнд үл тусч шуналын галыг хөдөлгөхгүй ч өмссөн эзнээ чимж сэтгэлийг нь баясгах нэгэн увдис бор даашинзанд шингэсэн аж. Бүсгүй толиныхоо өмнө хэдэнтээ эргэлдэж сэтгэл ханамжтай мишээгээд болзоондоо гарч одов. Зүрх нь улаан даашинз өмссөн үе шигээ булгилахгүй, цэцгэн хээтийг өмссөн шигээ дэрвэлзэхгүй, усан цэнхрийг өмссөн шигээ цалиглахгүй, алтан шаргалыг өмссөн шигээ чамирхахгүй, хилэн харыг өмссөн шигээ ихэмсэглэхгүй ч итгэл найдвараар гэрэлтэнэ.

Б.Эрхэмбаяр

2010 оны 1 дүгээр сарын 06-07 шилжих шөнө.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

10 сэтгэгдэл