Өвлийн өвгөн нээрээ байдаг болов уу

5:59 PM

Шинэ жил дөхөөд хүн болгон л баяр хөөртэй. Хуучин оноо үдэж шинэ он гарахыг тэсэн ядан хүлээгээд л. Өчигдөр охин маань хоол хамт хийлцэж (надад төмс арилгаж өгдөг юм) байгаад: -Ээжээ өвлийн өвгөн жинхэнээсээ байдаг уу гэж их л нухацтай асуулаа. Байдаггүй гээд хэлэхээр хүүхдийн урам хугарах. Тийм ээ жинхэнээсээ байдаг гэж хэлэх гэхээр овоо том (8 настай) болчихсон охин тул: Та худал яриад гэж хэлэх байх гэж хаширлаад дэмий л тандаж: -Чи харин юу гэж бодож байна гэж сөргүүлэн асуулаа. Охин маань: Цэцэрлэгт байхад нээрээгээсээ өвлийн өвгөн ирдэг байсан. Сургуульд орохооор худлаа өвгөн ирдэг юм байлаа гэж хариулав. Түүний хариултаас харахад охин маань үнэнээсээ л өвлийн өвгөн нээрээ байдаг юм болов уу гэж эргэлзэж байж. Би: -Сургуульд яагаад худлаа өвгөн ирдэг гэж гэвэл: -Ноднин сургууль дээр ирсэн өвгөн Александр Петрович (сургуулийнх нь хичээлийн эрхлэгч) л байх шиг байсан даа. Энэ жил харин жинхэнэ өвгөн ирэх болов уу. Худлаа өвгөн ирэх болов уу гэхэд би тэсэлгүй инээд алдчихлаа. Хүүхэдээ гэж нээрээ хөөрхөн шүү. Заримдаа их хэрсүү том хүн шиг юм ярьдаг байж одоо болтол өвлийн өвгөн байдаггүй гэж мэдээгүй байгааг нь бодохоор бас л том болоогүй юм байна даа гэж бодов. Саяхан шинэ жилийн баяртаа очих гээд би үсчин орж үсээ засуулав. Үсчин маань хирэндээ л гараа гарган зассан ч надад нэг л сэтгэлд хүрсэнгүй. Гэхдээ яахав хүний урмыг бодоод: Гоё боллоо, баярлалаа гээд л гарлаа. Замаараа гэртээ хувцасаа солих гэж орсонд охин маань хараад байхаар нь: -Ээжийнх нь үс муухай болчихсон байна уу гэвэл: -Та тэгээд муухай байна гээд бодоод байвал муухай л байна. Гоё байна гээд бодвол гоё л байна гэж хариулав. Яах аргагүй үнэн үг хэлсэн тул би хүлээн зөвшөөрч тэр орой өөрийгөө гоё байна гэж өөртөө итгүүлж чадсан. Баяр маань бас гоё л болсон.
Саяхан бас охин маань шинэ жилийн баяраар өмсөх даашинзаа нэг оройжин өмсөж тольдов. Тэгсэнээ нэг л сэтгэл дундуур царайтай орон дээрээ очоод суучихав. Яасан гэж асуусан чинь: -Би таных шиг хар даашинз өмсөнө гэв. Нөхөр бид хоёр хүүхэд шинэ жилээр хар даашинз өмсдөггүй юм. Чи үлгэрийн киноны гүнж нар дандаа гоё ягаан цагаан, цэнхэр гэх мэт гоё өнгөтэй даашинз өмсдөг. Хорон санаатай нөгөө Цасангуа охиныг хорлодог хойт ээж л хар даашинзтай байдаг гэж чадлаараа л ятгах гэж оролдов. Тэгсэн чинь охин: -Тэгвэл та хорон санаатай юм шиг яагаад хар даашинз өмсөж байгаа юм гэж ам таглав.
Манай гэрээр энэ жилийн шинэ жилийн адал явдал нэг иймэрхүү л байна.

За ингээд та бүхэндээ Шинэ жилийн мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

4 сэтгэгдэл