Тал нутаг минь бидний жаргалын өлгий

2:06 PM

Зүгээр л нэг амьдрах юмсан
Зүлгэн дээр гэрээ бариад .... гэж Хулан найрагч нэгэнтээ дуу алдсансан. Яагаад ч юм сүүлийн үед монголынхоо тал нутагт эрх дураараа зүгээр л нэг амьдрахсан гэх хүсэл төрөх боллоо. Магадгүй Улаанбаатар хотын агаарын бохирдол, ажлын стресс, ачаалал энэ бүхэнд бодитоор нөлөөлж байгаа байх л даа. Хаврын урь орохтой уралдан хотын утаа униар, дуу шуугианаас түр ч атугай хагацахаар хөдөө нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. Хөдөө талын хүмүүсийн инээх нь хүртэл үнэн. Бүр нэг сэтгэлээсээ аз жаргалтай инээд алдана. Нар салхинд онгож гандсан хүрэн бор царай нь Монгол орны минь эрс тэс уур амьсгал, цаг агаар, талын салхитай хослоод ёстой л нэг байгаль эхийн урласан онгон төрх. Монгол орныхоо сайхныг бага залуу байхдаа даан ч мэддэггүй байж дээ. Хөдөө явахаар шороо тоос дарна гэж халширан боддог байснаа бодохоор ёстой л юм үзээгүй амьдрал мэдэхгүй байж дээ.

“Уурга” гэж Өвөрмонголд зургийг нь авсан Оросын кино найруулагч Никита Михалковын кино байдаг даа. Стокгольмд танилцсан нэг швед эмч бүсгүй намайг Монгол гэхээр “Би Уурга кинонд их дуртай” гэж билээ. Тухайн үед би Монголынхоо үнэт баялаг онгон тансаг байгаль хүн байгалийн зохицоог үнэлж мэддэггүй байсандаа ч тэр үү Монгол гэхээр л нэг хөдөө талын зэрлэг хүмүүсийг дандаа ярих юм гэж дотроо бодоод жаахан дурамжхан л байлаа. Гэхдээ тэр эмч бүсгүй бүр нэг үнэн сэтгэлээсээ биширсэн байдлаар монголын тал нутгийн амьдрал сайхан байхаа. Би тэр киног үзсэнээс хойш монголд очиж үзэх юмсан гэж дандаа бодох болсон гэж ярьсан. Тэрээр худлаа хэлээгүй нь нүүрэн дээр нь бичээстэй байсан тул надад бас нэгийг бодогдуулсан. Хожим бодоод байхад нээрээ л монголчууд бид юугаараа жаргалтай вэ гэдгээ олж харах шиг болсон.

Бид онгон тал нутгийнхаа нар, салхины элч энергээр тэжээгдэж явдаг хүмүүс. Хөдөө талд очоод салхины анир сонсоход юутай сайхан. Дээр тэнгэрт нар, хөл доор газар, тэгээд би өөрөө. Үлээж байгаа салхи нь үнсээд ч байгаа юм шиг .....гэдэг шүлгийг бага байхдаа бишгүйдээ л нэг уншиж тэр ч бүү хэл цээжилж явсан ч үнэн утга учрыг нь одоо л нэг хагас хугас ойлгох шиг.

Бидний замд хонь хариулж явсан нэгэн эмэгтэй тааралдав. Насаар миний үеийн л байх. Бараг надаас дүү ч байж мэднэ. Түүнээс зам асуух зуур хэсэг хөөрөлдөв. Танан цагаан шүдээ нарны гэрэлд туяартал инээмсэглэх сайхан бүсгүй байв. Эрүүл цагаан шүд нь бүр атаархал хөдөлмөөр. Хотын биднийх бол яаж ч угааж арчлаад ийм сайхан байхгүй дээ. Нүүр царай нь нар салхинд онгож борлосон ч түүний гоо үзэсгэлэн хэн хүнийг бишрүүлмээр нэг л өвөрмөц. Нүдний харц нь цаанаа л нэг тайван дөлгөөн бас аз жаргалтай. Бүсгүй 8 дугаар ангиа төгссөнөөс хойш мал маллаж байгаа гэнэ. Миний тааварлаж байснаар нээрээ насаар надаас хамаагүй дүү юм. Хэсэг зуур амьдрал ахуй ойр зуурын зүйл хөөрөлдөхөд надтай дуртай нь аргагүй ярилцлаа. Бүсгүй бөглүү зэлүүд газар амьдардаг гэхэд ярьж хэлж байгаа нь даацтай цаанаа л нэг амьдралын ухаантай хүн байна. Одоо дөрвөн хүүхэдтэй гэнэ. Ийм олон хүүхдийн хажуугаар мал маллах хэцүү юу гэвэл тэрээр сурчихсан юм болохоор болоод л байна. Хөдөө хавар мал төллөх тарчиг цагаар л жаахан хэцүү. Бусдаар бол сайхан шүү. Хэдэн малын буян болоод л байдаг юм гэв. Хот ордог уу, хот ямар санагддаг вэ гэж асуувал. Хотод ч үзэх харах юм ихтэй сайхан л юм билээ. Гэхдээ л хөдөөгийн бидэнд бол тааваараа алхах газаргүй, машин тэрэг нь дайрч алчих гээд, бензин тосны үнэрт дотор бачуураад ээ дээ горьгүй санагдсан гээд цайлганаар инээмсэглэв. Өврөөс нь нэлээн элэгдэж хуучирсан номны булан цухуйсанд би сониучирсан асуувал тэрээр нэлээд хуучирсан “Саран чулуу” гэж ном гаргаж ирэв. Би бага байхдаа уншиж байсан ном байсан тул энэ ном таалагдаж буй эсэхийг асуухад “Эмэгтэй хүн уншууштай л ном” гэж тов хийтэл нь хариулав.

Бүсгүй биднийг яараагүй бол орж цай уугаад явахыг урив. Хонь хотлох дөхөж байгаа тул би та нарыг цайлж амжих байх. Хонь сайхан тогтож байна гэв. Аяны бид ч халуун цайны сургаар уухайн тас тэгье гэж зөвшөөрөв. Тэднийх хадам аавынхаа хамт хоёулаа 600 орчим бог малтай товхийсэн амьдралтай айл байв. Хоёр том хүүхэд нь сум дээр сургуульд сурдаг. Бага хоёр нь гэртээ байв. Биднийг ирсний дараахан нэгэн залуу дуу аялсаар гэрийн гадаа уяан дээр буусан нь бүсгүйн нөхөр аж. Хотын залуучуудыг бодвол туранхай шавилхан биетэй ч хөвөнтэй зузаан дээл өмссөн нь түүнийг бас ч овоо сүрлэг биерхүү харагдуулна. Залуу гэрт орж ирээд бидэнтэй мэнд мэдээд гэрийн эзэгтэйд хандан хонь сайхан тогтож налайгаад өнөөдөр чинь харин нэг хангай дэлхий биднийгээ овоо харж үзэж байх шив гэж хэлэв. Залуугийн яриа хотын биднээс өөр ч мань хүн нэлээн хошин шогийн мэдрэмжтэй хэлэмгий нэгэн бололтой. Хаврын хавсарга дундуур энэ хол газар юу хийж явна гэж биднээс асуув. Бид ч цаг агаар сайхан байгаа тул агаарт гарч зүгээр шахам тэнэж яваагаа ч нуусангүй. Газар мэдэхгүй байж хаврын тэнгэрт найдаж энэ хол газар явдаг бас их болчимгүй улсаа гэж хэлээд биднээр даажигнан хүр хүр хийтэл инээв. Гэрийн эзэгтэй бидэнд хонины өтгөн сүүгээр тос хөвсөн сайхан аагтай цай чанаж өгөв. Гал дээр чанасан цай нэг л сайхан амттай гэртээ чанаж уудаг цайнаас арай л өөр санагдана. Эзэгтэй биднийг “хүүе” гэхийн завдалгүй тогоон дээрээ ус хийж нүдсэн борц үйгээд гурилтай шөл хийж бас дайлав. Хоолоор яах нь вэ дээ бид түрүүхэн хооллочихсон гэж ажил ихтэй хүмүүст төвөг удсандаа жаахан санаа зовнин хэлвэл гэрийн эзэн хээрийн хүмүүс хээгүй нь дээрээ гээд халгаасангүй.
Ув улаан хацартай хоёр жаахан охин нь эхлээд биднээс жаахан бишүүрхэнгүй байснаа удалгүй дуу шуу орж манай охинтой тоглож эхлэв. Эднийх ажил төрөлтэй гав шув хийсэн хөдөлмөрч улсууд бололтой. Хуурай элс шороо малын бууц гадаа нэл хөглөрч байвч гэр нь тун цэвэрхэн. Тэднийхээс гарахдаа одоо цагт үнэ хөлс гэхгүй жинхэнэ монгол зангаар биднийг хүндэтгэн хүлээн авч дайлсанд яагаад ч юм тэдэнд нэг л өртэй юм шиг санагдаад болсонгүй. Гэрийн эзэгтэй ном унших дуртайг санан машин дотор дэл сул ном байвал гэсэн бодол толгойд орж ирсэнд гарч хайвал ашгүй Номин дэлгүүрийн овоо зузаан сэтгүүл бас нэг уран зохиолын ном ашгүй байж таарсанд гэрийн эзэгтэйг уншаарай гээд дурсгав. Эзэгтэй тун баярлаж: -Хааяа сайхан нарлаг өдөр хонины бэлчээрт ном уншиж суухад сайхан шүү. Гэртээ байгаа хэдэн номоо бүгдийг бараг хэд дахин уншчихсан гээд миний бэлгэнд тун олзуурхангуй байсанд би ч бас баярлаж орхив.

Тэдний хот айлаас хөдлөхөд нар уулын цаагуур орох дөхөж байлаа. Жаргах нарны туяанд хоёр сөөсгөр охин, гэрийн эзэн эзэгтэй хоёр биднийг гар далласаар үдэж хоцров. Яагаад ч юм гэрийн эзэн, эзэгтэйн амьдрал тэдний хоорондын харьцаа надад Уурга киноны баатруудыг өөрийн эрхгүй санагдуулаад байв. Тэдний хот айлыг орхин явах замдаа ахуй амьдрал, аж байдал биднээс тэс ондоо ч нэг гэрийн эхнэр нөхөр хоёрын эгэл жирийн бөгөөд аз жаргалтай монгол амьдралд бас өөрийн гэсэн өвөрмөц гоо сайхан, аз жаргал нуугдаж байдгийг бүр ч ихээр мэдэрсэн. Энэхүү тал нутгийн монгол ахуй, хөдөөгийн амьдрал хэн хүнийг даллан дуудах увидастай мэт. Тэр тусмаа нүүдэлчин удамтай монголчууд бидний сэтгэлийн гүнд байх зөн совинг минь сэргээх шиг. Яахын аргагүй онгон сайхан тал нутаг минь л бидний жаргалын өлгий юм даа.

Б.Эрхэмбаяр

2009 оны 4 дүгээр сарын 5

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

13 сэтгэгдэл