Хүүхэд насны дурсамж

12:08 PM

Хүүхэд нас минь дэндүү аз жаргалтай сайхан өнгөрсөн. Хүүхэд насыг минь тийм сайхан жаргалтай байлгасан миний ойр дотны олон сайхан хүн байдаг. Тэдний минь дотроос хүн болж төлөвших амьдралыг ухаарч танихад бие сэтгэлээ зориулсан хайрт хүмүүсээ дурсахгүй байхын аргагүй.

Эмэг эх

Эмэг эх шавилхан биетэй, цайвар царайтай үг дуу цөөтэй хүн байсан. Багаасаа эхээс өнчрөн хоцорсон. Айлын том охин тул хэдэн дүү нартаа гол өмөг түшиг нь болж ээжийн оронд ээж болсон хүн. Эмэг эхийгээ би хараал эвгүй үг хэлэхийг нь нэг ч удаа сонсоогүй дуулаагүй. Хааяахан өөдөөс нь үг сөргөлдөхөд “Цөг гэм” гэсэн ганцхан үг л хэлнэ. Тэр бол эмэгийн хамгийн муу үг. Эмэг тэр үгээ хэлэх вий гэхээс битүүхэн эмээнэ. Өөрийн зургаан хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэний зэрэгцээ, ач гуч нараа ч бүгдийг өсгөлцөж бойжуулсан асар их хөдөлмөрч нэгэн. Социализмийн үед ажил ихтэй аав, ээжүүдийг маань эзгүйд эмэг эх л биднийг зохицуулна. Эмэг эх уг нь малч удамтай. Нэгдэлжих хөдөлгөөний үед малаа нийгэмчлээд хүүхдүүдээ хот суурин газар бараадуулж сургуульд оруулахаар ирсэн гэдэг. Эмэгтэй хүн гэхэд алсын хараатай тулга тойрсон хов жив огт ярьдаггүй гүдэсхэн, эршүүд ч юм шиг зантай хүн байж билээ. Нөхцөл бололцоо нь байгаад сургууль эрдмийн мөр хөөсөн бол эмэг эх маань одоо үеийн биднээс дутахгүй боловсролтой нэгэн байх байсан даа гэж би боддог юм. Амьралын хар ухаанаар бол хэнийг ч дагуулахгүй нэгэн байж дээ. Биднийг хүүхэд байхад ойролцоо дэлгүүр үрүү явуулна. Дэлгүүрээс ирэхэд эмэг: “ –За дэлгүүрт юу байна” гэж заавал асуудагсан. “–Юу ч алгаа” гэвэл “Миний хүүхдүүд битгий тэгж бай юу ч үгүй болно гэдэг чинь шал өөр зүйл байдаг юм шүү дээ” гэнэ. Ерээд оны эхээр дэлгүүрийн лангуу дээр шороотой бор давснаас өөр юу ч үгүй болсон тэр үед л эмэг эхийн тэр үг санаанд орж нээрээ л юу ч үгүй болно гэж үүнийг л хэлдэг юм байна даа гэж бодогдож билээ.
Намайг 10 дугаар анги төгсөх үед эмэгийн бие гэнэт өвдлөө. Хорт хавдар гэсэн онош гарчээ. Хичээл тараад өдөр болгон эмэг эхийгээ эргэнэ. Намайг ирэхийг, хаалга нээхийг миний чимээнээр л мэднэ. “Аа миний охин уу. Даанч их зөөлхөн алхаатай хүн байсан юм” гэнэ. Намайг очих тоолонд эмэг “Буурлынх нь царай ямар байна” гэж асууна. Бодвол биеэ дордоод байгааг мэдээд хүүхэд үнэнийг хэлэх байх гэж боддог байсан байх. Би эмээгээ усанд оруулна үсийг нь угаан самнаж өгнө. Эмэг тэгэхэд их баярладагсан. Миний охины гар их зөөлхөн гэж ирээд л намайг магтаж ядрангуй царай нь гэрэлтэж инээмсэглэнэ. Биднийг нэг их үнсэж үлгээд байхгүй ч ёстой амьралын үнэнийг зөнгөөр минь ойлгуулсан хүн.
Хайр нь дотроо хал нь гаднаа миний эмэг эх.

Эцэг

Би аавынхаа гучин долооны жил дээр гарсан гэдэг. Нэг жилтэй болоод ч тэрүү аав бид хоёр их олон зүйлээр өөр хоорондоо ижил төстэй. Хүнтэй нийтэч зан, зоримог өөртэй итгэлтэй байдал, хэн бүхэнтэй нээлттэй харьцдаг, жаахан түргэндүү ааш гээд би ааваас түүний зан чанарыг илүү дуурайсан юм шиг санагддаг. Тэр ч бүү хэл эмэгтэй хүүхэд байж аавынхаа явдлыг ч дуурайсан гэж ээж маань хэлдэг юм. Эцэг цаг наргүй ажилтай цэргийн хүн байлаа. Бага байхдаа айлын аавууд ажлын цаг дуусаад л гэртээ ирсэн байхыг хараад миний аав тэгдэг ч болоосой гэж их боддогсон. Цэргийн дүрэмт хувцасаа тун дэгжин цэвэрхэн өмсөнө. Толийтол нь индүүдсэн цамц, өмд, бараг нүүр харагдтал тосолсон савхин гутал тэргүүтэй цэргийн дүрэмт хувцас нь ч аавд минь тун сайхан зохино. Төрийн хувцасыг цэвэрхэн эдлэх ёстой гэж үзнэ. Хүн ядуу байж болно харин хиртэй, бохир явж хэзээ ч болохгүй гэж бидэнд сургана. Үеийнхэн нь найз нөхөд нь “Ганган Бааяа” гэдэг байсныг бодоход аав маань тухайн үедээ жинхэнэ жентельмэн залуу байсан байх. Өдий хүртэл аав шигээ цэвэр цэмцгэр, нямбай эр хүнийг хараагүй гэхэд болно. Бас эрэгтэй хүн гэхэд хар ажилд эвдрээгүй цэвэрхэн цав цагаан гартай хүн байсан.Аав тусгай албаны хүн байсан тул гэрт маань жижигхэн төмөр авдар байна. Түүндээ нууцлалтай зүйлүүдээ хадгална. Тавын дэвтэр гэж хэлж заншсан зузаан дэвтрүүдийн хуудсыг бүгдийг дугаарлан цоолж бүдүүн цагаан утсаар холбоод арын хуудас дээр нь “Бүгд хуудас тэд” гээд нууцлал хийн зангидна. Сэйф дотор нь тиймэрхүү дэвтрүүд олон байна. Аавын сэйфэнд ааваас өөр хүн хүрэхгүй. Тэр ч бүү хэл сэйфээ утас татаад лацдана. Нэг удаа цэцэрлэгээс ирэхэд аавын сэйфийг танихгүй ах онгойлгоод сууж байхыг хараад байж боломгүй зүйл хийж буй тэр ахад дөхөж очоод: “Та яагаад аавын юмаар оролдоод байна” гэж асууж билээ. Харин түүний хажууд байсан аав чангаар инээгээд энэ ах нь аавынх нь шавь байгаа юм бас аавтай нь хамт ажилладаг хүн гэж намайг тайвшруулж билээ. Аав маш их ой сайтай. Юмыг мартаж санана будилна гэж бараг үгүй. Тэмдэглэлийн дэвтэр энэ тэр хөтлөхийг угаасаа ажлын шаардлагаар зөвшөөрдөггүй тул бүгдийг толгойдоо тогтоодог гэж нэг удаа ярьж байсан. Бодвол аавын энэ ажигч гярхай зан түүний мэргэжилтэй холбоотой байсан ч байх. Аавд жинхэнэ макаров гар буу байна. Сониуч зандаа хөтлөгдөж сэйфнээс хааяа гаргаж ирэх буунд нь хүрч үзмээр санагдана. Нэг удаа тэсэлгүй би бууг чинь барьж үзье гэв. Аав над руу нэг том харж инээснээ миний охин хоёр гараараа барихгүй бол даахгүй гэж хэлэв. Жижигхэн тэр буу тийм хүнд байна гэж огт төсөөлөөгүй би бараг хоёр гараараа өргөөд ч алдах дөхөж билээ. Аав маш олон найзтай. Бидэнд захих дуртай үг нь “Миний хүүхдүүд олонтой түмэнтэй яв. Олон түмэнтэй хүн хэзээ ч ажрахгүй гэж захина” Энэ үг бол аавын минь амьдралын философи байсан. Тэгээд ч тэр үү манайд зочид тасардаггүй айл байлаа. Аав, ээжийн найзууд, гэр бүлийн найзууд, ах дүү хамаатан садан гээд манайхаар маш олон зочин ирнэ. Тэр дундаа аавын найз цэргийн гоё гоё ах нар их ирдэгсэн. Орой хичээл тараад ирэхэд аавын найзууд ирсэнийг тамхины үнэрээр бараг үүдэн дээрээс мэднэ. Аав тамхи огт татдаггүй тул тамхины үнэр их содон үнэртдэг байж билээ. Аавын найзууд гэрт ирвэл сайхан зүйл ярина. Би тэдний ярьж буй зүйлийг сонсох их дуртайсан. Одоо ой тойнд үлдсэн зүйлээс гэвэл Бал дарга тэгэхэд тэгсэн гэнэ лээ ингэхэд ингэсэн гэсэн гэх яриа бүүр түүр үлдэж. Аав Москвад цэргийн сургуульд сурч байхад нь Бал дарга очиж оюутнуудад яриа хийсэн тухай ярьдаг байв. Тэр яриа дээр Бал дарга гадаад эхнэр (гадаад эхнэр ч юу байх вэ дээ орос эхнэр) авсаны хэрэггүй гэж оюутнуудад аминчлан захьсан гэдэг. Би дотроо Бал дарга өөрөө орос эхнэртэй байж яагаад тэгсэн юм бол гэж бяцхан оюундаа бодож байсан ч удаатай.

Эх

Ээж маань тогтуун, дөлгөөн, даруухан бас ажилсаг эзэгтэй байсан. Маш их тэвчээртэй хүн шиг санагддаг байлаа. Алдаа эндэгдэл хийсэн хэнийг ч болов уучлах энэрэнгүй сэтгэлтэй. Ээж маань ёстой 7 хэмжиж нэг огтолдог хүн байсан. Эмэгтэй хүн гэхэд нэг их гангалж дэгжирхээд байдаггүй тул би хүүхэд байхдаа ээжийгээ бусад эмэгтэйчүүд шиг нүүрээ будаасай гэж боддог байж билээ. Харин их цэвэрч нямбай хүн байсан. Гаднаа гяланцаг дотроо паланцаг нүд хуурсан юманд их дургүй. Юмыг маш олон талаас нь харж дүгнэнэ тэр талаараа ааваас маань хамаагүй илүү байсан бололтой. Аав гэр бүл, бидний амьдралтай холбоотой чухал шийдвэр гаргахдаа ээжтэй байнга зөвлөдөг ээжийн амыг их хардаг хүн байсан шиг санагддаг. Санаачлагыг бол мэдээж аав гаргана. Гэхдээ ээжийг 100 хувь хүлээн зөвшөөрсөн үед л сая хэрэгжүүлдэг байсаныг бодоход ээж их ухаалаг эзэгтэй байсан болоод л тэгдэг байсан байх. Хүүхэд байхад ээж өглөө эрт босож цайгаа чанаад аавтай дүнгэр дангар хийж хөөрөлдөх нь шинэ өглөө эхэлсэнийг нойрон дунд зарладагсан. Арай томхон болсон байхдаа өглөөний энэ яриан дунд өөрийнхөө нэр гарвал чих тавин сэмхэн чагнана. Сайнаар хэлж байвал дотроо битүүхэн онгирно. Жаахан эвгүй зэмлэнгүй байдлаар хөөрөлдөж байвал тэсэхгүй биеэ өмөөрч сэм үг чагнасан гэж зэмлүүлнэ. Ээж нэг их сайхан зүйр үгнүүд оролцуулж ярьдаг хүн байсан. Өөрөө хэлэх нь өвөг ааваасаа сурсан гэх. Ээж айлын хамгийн том охин. Дүү нар нь ээжийг их хүндэлнэ. Өөрөө ч дүү нартаа халамжтай сайхан эгч нь байдаг байлаа. Ээжийгээ бусдын талаар нэг ч удаа муугаар ярьж байхыг, хүнтэй хэрэлдэж муудалцаж байхыг сонсоогүй. Энэ талаараа ээж эмэг эхтэй их төстэй. Заримдаа дэндүү тэвчээртэй хүлээцтэй байдал нь хэтэрхий номхон хүлцэнгүй юм шиг санагдаж жаахан том болсон байхдаа ээжтэйгээ үг зөрдөг удаа ч байдаг байсан. Тэр болгонд ээж эвээр ухааруулж сургана. Дараа бодоод байхад ээжийн хэлсэн яах аргагүй л үнэн байдаг. Гэхдээ ээж минь зөөлөн хирнээ бас их хатуу хүн байсан. Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо гэж ярьдаг даа. Хэн хүнд зөөлнөөр ухаалгаар тайлбарласаар байгаад л үгэндээ оруулж дөнгөдөг хүн байлаа. Бүсгүй хүн гэхэд аливаа юмны логик учир холбогдлыг ойлгохдоо гаргуун хүн байж билээ. Ээжийн минь эвсэг зөөлөн зан чанар миний бас хаа нэгтээ нуугдаж л байдаг юм шиг санагддаг. Ядарсан зүдэрсэн хүмүүст нинжин сэтгэлээр хандана. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусласан нь дээр гэж ээж минь дандаа хэлдэгсэн. Ээжээсээ би хүнийг хайрлах энэрэх өр нимгэн сэтгэлийг нь авсан гэж боддог. Миний ээж хар хорын сэтгэлгүй үр хүүхэд бид нартаа бол бодь сэтгэлтэй, бурхан шиг хүн байсан даа. Ээжийнхээ талаар бичих гэхээр сайхан үг ч хүртэл дутах юм даа тийм л сайхан эгэл жирийн эх хүн байсан.

Нагац ах

Нагац ах маань ээжийн маань хамгийн бага дүү. Өндөр туранхай гялалзсан сайхан ах байсан. Хааяа онгирохоороо би та нарын нар шиг ганц нагац шүү гэнэ. Нагац ахтай холбоотой дурсамж түүний цэнхэр ногоон өнгөөр туяараад байдаг цахилгаанд залгаж хэрэглэдэг тооны машиныг авах юмсан гэсэн хүслээс эхтэй. Нагац оюутан байхдаа манайд ирнэ. Тэр үед оросын билүү германы ч билүү цахилгаанд залгадаг тооны машин байдаг байсан. Нагац ах банк, санхүүгийн хүн болохоор тэр тооны машинаасаа салахгүй. Тэр тооны машин нь тэр үедээ бол бидэнд нөөтбүүк шиг эд байж. Нагацийг нэг удаа ирэхэд нь би тоогоогүй цай ч хийж өгөөгүй юм байх. Орой ээжийг иртэл цай ч үгүй царай ч үгүй л суугаад байж л дээ. Тэгсэн орой ээжийг ажлаас иртэл танай охиныг цай хийж өгсөн бол энэ тооны машинаа өгөх байсан тэгээгүй тул одоо яахав дээ гэж байна. Сургуульд ч ороогүй жаахан хүүхэд байсан болохоор тоглож байгааг нь мэдэхгүй нөгөө шохоорхоод байсан тооны машинаа авах боломжоо алдсандаа маш их харамсаж билээ.
Нагац маань миний амьдралд их нөлөөлсөн хүн. Би дунд сургуульд байхдаа эмч болно гэж боддог байсан юм. Аравдугаар ангиа бараг төгсөх хүртлээ эмч болно гэж мөрөөдсөн. Харин ээж маань миний охин их аймхай хүүхэд үхсэн хүн харж чадах болов уу даа гэж санаа нь зовдог байлаа. Намайг 10 дугаар ангид сурч байсан нэг орой нагац гэрт ирлээ. Ямар сургуульд шалгалт өгөх гэж байгааг сонирхож байна. Би ч эмч болно гэдгээ л хэлчихлээ. Харин нагац уг нь миний дүү банк санхүүгийн хүн болвол их зүгээр дээ гэж байна. Тэр цагаас хойш нээрээ эдийн засагч болвол гэх бодол толгойд орж ирэх болсон. Шалгалт өгөөд яг хуваарь авахын өмнөх орой нагац мөн л манайд ирлээ. Би элсэлтийн шалгалтын оноогоор 3 дугаарт жагсаж байсан санагдана. Тэгтэл нагац уг нь нэгдүгээр байранд орсон бол төлөвлөгөө эдийн засгийн анги их зүгээр дарга болдог юм гэж байна. Гэхдээ л банк санхүүгийн анги сайхан шүү дээ гэж байна. Бодвол надад өөрийнхөө мэргэжлийг эзэмшүүлэх бодол бас дотор нь байсан байх. Би ч маргааш нь хувиараа авах боллоо. Нэгдүгээрт орсон хүүхэд төлөвлөгөө эдийн засгийн ангийг нь авчихав. Харин би банк санхүүгийн ангиа авлаа. Ерөн оны хавар бид бараг л социализмээрээ байсан юм шүү дээ. Банк зөвхөн нэг шатлалт тогтолцоотой. Харин намайг оюутан болж нэг хоёрдугаар курст сурч байхад банк санхүү эдийн засгийн систем үндсээрээ өөрчлөгдөж эхэлсэн. Тэр үед нагац маань ч гэсэн тушаал дэвшиж Төв банкинд том албан тушаалд томилогдсон. Надад одоо юм их өөр болно. Миний дүү их азтай хүүхэд гэдэг байж билээ. Харамсалтай нь нагац маань нас богинотой хүн байж. Би дээд сургуулиа төгсөөд тэр үеийн томоохон арилжааны банкинд ажилд орлоо. Нэг системд ажилладаг болохоор хааяа нагацтайгаа уулзаж ярилцана. Монголд төгссөн нэг дээд сургууль юу ч биш. Дахиж сургуульд сур. Англи хэлээ сайжруул гэж нагац маань бараг уулзах болгондоо хэлнэ. Би хэдийн 20 гарсан ч амьдралын туршлагагүй байсан тул нагацын үгийг нэг их тоодоггүй байлаа. Нэг өдөр ах чинь эмнэлэгт тун муу байна гэх сургаар яаран очвол нагац маань даралт харваад ухаангүй эмнэлэгт очжээ. Ажил дээрээ бүр хурал дээр бие нь муудаад харвалт өгсөн дөө хөөрхий. Ёстой тэр үеийн ороо бусгаа нийгмийн банкны системийг хөл дээр нь босгоход өөрийн амь насаа зориулсан хүн гэхэд хилсдэхгүй. Түүнийг өнгөрсний дараа уйлж харамсахын хажуугаар миний дотор нэг бодол төрсөн юм. Юу вэ гэхээр ахынхаа захиж байснаар заавал гадагшаа явж боловсрол эзэмшиж жинхэнэ банкир болно гэж. Нас маань 20 гарсан байсан ч анх удаа миний дотор том хүн шиг зорилго төрсөн маань тэр. Нагац маань ийм л үлгэр дууриал авахаар нар шиг сайхан хүн байсан юм.




Багш

Намайг нэгдүгээр ангид байхад хичээлийн дундуур нэг жавхаалаг бүсгүй орж ирээд ангийн багштай шивнэлдэн ярьж байсанаа биднийг сургуулийн биеийн тамирын заал уруу жагсаалаар авч одлоо. Зааланд оруулаад дүрэмт хувцсыг минь тайлуулж жагсааж зогсоолоо. Жагсаал дундаас намайг бас манай ангийн нэг хүү нэг охиныг урагшаа гарч ирэхийг дуудав. Тэгтэл тэр залуухан эмэгтэй багш миний гарнаас дэмнээд шпакат суулгахаар сунгалтын дасгал хийлгэв. Би их уян хүүхэд байсан юм. Уран нугараач хараад түүн шиг эрүүн дээрээ тогтоно гээд хоёр хөлөө толгой дээрээ давуулаад толгойныхоо хажуу талд гараараа барьчихдаг байсан тул ядах юмгүй шпакат суучихлаа. Тэгсэн нөгөө эмэгтэй: -Энэ хараа их уян охин байна гэж хажуудаа байгаа нэлээн настайвтар эмэгтэйд хэллээ. Нөгөө настайвтар эмэгтэй нь миний хөл гуяны булчинг үл мэдэг чимхэж үзээд: -Бас их шөрмөслөг юм. Ийм хүүхэд хэзээ ч таргалдаггүй юм гэж байна. Тэгсэнээ ээж аав нь тарган уу туранхай юу гэж бас асуув. Би ч үгүй л гэлээ. Тэгсэн нөгөө гоё залуухан багш нь : -Чи спортын гимнастикаар хичээллэх үү гэж асуулаа. Би спортын гимнастик гэж юу байдгийг сайн мэдэхгүй тул юу гэж хариулахаа ч мэдэхгүй дуугүй л байлаа. Тэгтэл багш маргааш танай сургуулийн зааланд үзүүлэх тоглолт болно чи заавал ирж үзээрэй гэв. Орой хариад ээж аавд хэлээгүй санагдана. Гэхдээ хичээл эхлэхээс өмнө тоглолт нь болох байсан тул нөгөө гоё багшийг хармаар санагдаад явж очлоо. Харин багш надтай насаар арай эгчмэд хоёр охиныг танилцуулав. Тэр хоёр охин үзүүлэх тоглолт хийх юм гэнэ. Тэр үзүүлэх тоглолтыг үзээд би ёстой мэл гайхаж цэл хөхөрсөн. Ийм гоё бас хэцүү зүйлийг хүн яаж хийж сурдаг байнаа гэж гайхан бодож билээ. Тухайн үед тэр хоёр шиг ингэж сурах юмсан гэх хүсэл намайг эзэмдсэн. Багш чи спортын гимнастикаар хичээллэвэл энэ хоёр охин шиг ийм мундаг болно үүнийг хийж сурна гэж байна. Тэгээд аав ээжтэйгээ сайн зөвлөөрэй аав ээжийгээ багштайгаа уулзуулаарай гэв. Орой хариад аав ээж хоёртоо энэ талаар ярилаа. Ээж их дуртай байна. Тэг тэг спортын секценд явахад буруу юу байхав гэж байна. Харин аав жаахан дурамжхан байгаа шиг санагдсан. Гэхдээ тэр хоёр эцэст нь хоёулаа зөвшөөрч багштай уулзахаар болсон. Би багадаа их хоолондоо муу хүүхэд байж л дээ. Бүр том болсон хойноо ч ээжээр халбагадуулж шахуулж оройн хоолоо иддэг байлаа. Тэгээд ээж маань спортоор хичээллэвэл хөдөлгөөн ихдээд ядаж хоолондоо сайн болох байх гэж бодож л дээ. Тэгээд хожим сонсоход аавыг тэгж ятгасан байгаа юм. Аав маань бэртэж гэмтэх вий гэж болгоомжлоод дургүй байсан гэсэн. Ингээд би нэгдүгээр ангийнхаа хавраас эхэлж гимнастикийн дугуйланд явдаг болов. Багш маань их золбоолог сайхан эмэгтэй байсан. Одоо бодоход дөнгөж л багшийн дээд сургууль төгссөн гэр бүл үр хүүхэд ч үгүй цэл залуухан хүн гэхэд түүний сурган хүмүүжүүлэх авъяас чадвар гайхалтай хүн байсан санагддаг юм. Биднийг бүгдийг хүүхэд шигээ хайрлаж маш дотно харьцана. Дандаа л миний охин гэж дуудна. Үр хүүхэд гаргаагүй залуухан хүн өөр хүний хүүхдүүдийг миний хүүхдүүд, миний охин гээд халамжилна гэдэг тэр болгон хүнээс гарахгүй бизээ. Багш бэлтгэл сургуулилтын үеэр бол их хатуу. Чөлөөт цагаар бол биднийг их сайхан хүмүүжүүлнэ. Хүнтэй зөв мэндлэх, зөв харьцах, биеэ цэвэр цэмцгэр сайхан авч явах гээд зөвхөн спортын төдийгүй амьдралын сайн сайхан хэвшилд биднийг сургасан. Бас тэсвэр хатуужил зорьсондоо хүрдэг хүн болж төлөвшихөд минь спорт болон багшийн маань нөлөө их байлаа. Бид багаараа улсын аваргын тэмцээнд их амжилттай оролцдог байсан. Би хоёрдугаар ангид байхдаа анхны улсын аваргын тэмцээнд орж мөнгөн медаль, багийн маань хоёр гишүүн бас алт мөнгөн медаль авч багаараа мөнгөн медаль хүртсэн. Багшаасаа би хүнд сэтгэл бас зүтгэл байвал амжилтанд хүрдэг гэдгийг ухаарч ойлгосон.


Б.Эрхэмбаяр
Улаанбаатар хот

2009 оны 3 сарын 31

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

10 сэтгэгдэл