Амьдралын амт

10:00 AM

Бээжин-Улаанбаатарын галт тэрэг хөдлөх дөхөөд галт тэрэгний буудал дээр хүн хөдөлгөөн ихтэй байлаа. Би ч арай гэж амжиж суугаад зайгүй шахам хонгилоор чихэлдэн урагшилсаар арай гэж нэг юм күпегээ олж суулаа. Аян замын хань болох нэг күпений 3 маань аль хэдийн байраа эзэлчихсэн сандарч гүйсэндээ амьсгаадсан намайг ихэд сониучирхан ширтэцгээнэ.

Ажаад байхад тэр гурав нэг айлын ээж, аав, хүү гурав бололтой. Аян замын хань болох хүмүүс маань эеэргүү царайтай хүмүүс таарсанд дотроо битүүхэн баяртай явлаа. Галт тэргээр урьд нь хол замд аялаж үзээгүй болоод ч тэрүү зарим нэг хүний аян замын паянгаас хагас хугас сонссон болоод ч тэрүү ганц бие эмэгтэй хүн бүтэх бүтэхгүй хүмүүстэй эсвэл 3 хар юмтай нэг күпенд орчихвол яанаа гэж битүүхэн түгшиж явсаныг ч хэлэх үү тэр гурвыг хараад миний санаа зовинол агшин зуур үгүй боллоо.

Өрөөний гурав маань нэг их нүүрэмгий улсууд биш бололтой “Сайн байна уу?” гэж мэндэлснээс цааш хэтэрсэнгүй. Бишүүрхэнгүйгээр зөвхөн намайг ажиглана. Би ч хүмүүс яриа өдөхгүй бол хэл амыг нь татаж чангаагаад байдаггүй зангаараа эхэлж яриа өдсөнгүй цүнхнээсээ замд уншина гэж авсан зузаанаас зузаан номоо гаргаж аваад ороо засан тухлаад номоо уншиж эхэллээ. Уг нь тасалбар дээр бичсэнээр миний суудал доор байсан ч эхнэр нөхөр хоёр доод суудлуудыг аль хэдийн эзэлсэн тул дээд ор луу авирч гарахдаа жаахан ундууцангуй байсан би эхний хэдэн цаг Чойр ортол мань гуравтай ам ангайсангүй. Тэгээд ч сонирхолтой номын амтанд ороод юун хүмүүстэй яриа дэлгэх манатай. Нөгөө гурав ч хаяахан үлдэж хоцорсон гэрийнхнийхээ тухай ярилцаж гүнгэр гангар хийхээс хэтэрсэнгүй.

Замд гараад нэлээн удсан тул бие засах хэрэгтэй болж би дээд талын орноосоо эв хавгүйхэн бууж жорлон орлоо. Эргээд иртэл күпе маань түгжээтэй байсанд жаахан гайхаж гэнэт “хулгайч” гэсэн муу бодол толгойд орж гэнэ алдаж хамаг байдаг хэдэн төгрөгөө цүнхэндээ хийгээд орхисноо саналаа. Күпений хаалгыг дуу шуутайхан тогшсонд “Одоохон” гэж дотроос уриалгахан дуугараад нөхөр нь төд удалгүй хаалга нээж өглөө. Би ч ихэд сэжиглэнгүйгээр мань гурвыг нэг ширвэж хараад хурдхан орон дээрээ гараад цүнхээ шүүрэн авсанаа намайг хулгайд сэрдэж байгааг минь мэдчих вий гэж жаахан санаа зовсондоо мөнгөө цүнхнээсээ гаргаж тоолохоос жаахан нэрэлхэж цүнхэн дотроо нэгд нэггүй тоолж үзээд бүгд тоо ёсоороо байсанд сая нэг санаа амарч урт амьсгаа авлаа. За дахиж л ингэж хүн хардаж толгойдоо лай хурааж байснаас жорлон орохдоо мөнгөө нөгөө ээжийн өгөөд байсан уутанд хийж хүзүүнээсээ зүүгээд гарч байя. Хэн хэндээ хал балгүй гэж дотроо шийдлээ. Тайвширсан хойноо өрөөнд жаахан эвгүй үнэр сүрчиг юмуу агааржуулагчийн үнэртэй холилдон нэг л сонин үнэртээд байгааг сая л анзаарлаа. Намайг ам хамраа шуухитнуулан юуны үнэр болохыг тааж ядан байгааг нөхөр нь ажигласан бололтой “Уучлаарай миний дүү, эхнэр маань суумгай юм л даа тэгээд танихгүй хүнээс зовоод чамайг гарсан хойно нь “хуурайлсан” юм” гэлээ. Өвчин шаналгааны ямар ч ул мөргүй тайван харин ч бүр хөнгөн инээмсэглэл нүүрэндээ тодруулсан эхнэрийг нь суумгай гэж би төсөөлөөгүйдээ балмагдаж бас түрүүний хулгайд хардсан муухай санаанаасаа ичиж хэсэг зуур эг маг хийгээд олигтой ч хариу хэлж чадсангүй бантав. Харин дотроо ээ хөөрхий дээ ийм залуугаараа яагаад суугаа болчихсон юм бол гэж халаглан бодлоо. Галт тэрэг хөдөлсөн цагаас хойш тэрээр хөдлөхгүй хана налан орон дээрээ хөлөө унжуулаад суугаад байсны учир ийм байжээ. Тэгтэл би миний доор суудлыг эзэлчихлээ гэж эгдүүцэж явдаг ч таарч дээ гэж бодоод өөрийнхөө амиа бодсон арчаагүй байдалдаа ихэд гэмшлээ. Яагаад ч юм миний сониуч зан хөдөлж төрөлхийн суугаа юм болов уу эсвэл золгүй тохиолдлоор өвчнөөс суугаа болсон юм болов уу гэсэн бодол толгойд эргэлдэж энэ тухай ямар шууд асуучихалтай биш эвгүй тул дэмий л номоо уншсан дүр худлаа эсгэж дороо хавчигнаж суулаа. Нөхөр нь харин миний бодлыг тааж мэдсэн юм шиг яриа эхэлж “За аян замын улсууд байна хоорондоо танилцаж нэр ус хэрэг зоригоо мэдэлцэнэ байгаа” гэж яриа өдлөө. Би ч дуртайяа өөрийгөө танилцууллаа. Тэр гурвын гол зорилго нь Бээжин хот орж эмчлүүлэх онош тавиулах болохыг мэдэж авлаа. Хөөрхий эмэгтэй төрөлхийн суумгай бишийг ч бас мэдэж авлаа. Нөхөр нь аажуухан яриагаа эхэлж эхнэр нь одоогоос 3 жил гаруйн өмнөөс гэнэтхэн татаж унадаг болж улмаар үе мөч хөл нь мэдээгүй болсон гунигт түүхийг ярьж өглөө. Хувийн бизнес эрхэлж ноос ноолуур цуглуулж боловсруулан зардаг авсаархан үйлдвэр байгуулж нэг хэсэг ашиг орлого ихтэй амьдрал цэгцэрч байснаа ч дурслаа. Харин сүүлийн 3 жилийг тэрээр зөвхөн эхнэрээ эдгээхэд зориулсан бололтой. Эхлээд үйлдвэрээ дараа нь орон сууцаа хүртэл зарж 3 жил эмчлүүлсэн гэнэ. Харамсалтай нь монголын бүх эмнэлэг дээр нь илээч бариач гэсэн болгоныг дуусгасан ч эхнэр нь эдгэсэнгүй. Мэдрэлийн эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор Монголд эмчлэх ямар ч боломжгүй гэсэн хариу авчээ. Тэгээд эцсийн горьдлого болгож урд хөршийн эмнэлэг оношлогоо, үйлчилгээ сайтай тул амьтан ах дүүгээс тав арван төгрөг олоод аян замд гарсан нь энэ.

Дөч дөнгөж гарч байгаа болов уу гэмээр ухаалаг тогтуун харцтай нөхөр нь өвчтэй эхнэрээ хайр гэрэлтсэн харцаар шагнан шагнан бөөцийлж халамжлах нь хажууд суугаа хүн өөрийн эрхгүй уярмаар. Өвчин зовлон энэ гэр бүлийг сөхрүүлж амьдралд итгэх итгэлийг нь тасар татан хаяагүй нь тэдний инээмсэглэл нэвт гэрэлтсэн нүүрнээс нь илт. Аав, ээж хүү гурвыг ажаад байхад эдэлж хэрэглэх, өмсөж зүүсэн нь эгэл даруу ч ажилч хичээнгүй, нягт нямбайг нь илтгэх шиг цэвэр цэмцгэр. Эднийх өнөр өтгөн гэр бүл бололтой. Гэртээ үлдсэн хоёр охиноо юу хийж байгааг төсөөлөн хөгжилтэй яриа дэлгэх нь энгүүн агаад аз жаргалтай. Нөхрийнх нь халамжинд уярсан би эхнэрт нь “Та ийм сайхан нөхөртэй, үр хүүхэдтэй хүн эдгэх байлгүй дээ” гэтэл тэрээр “Амьдрал хүний зовлон жаргалыг тэнцүүлдэг гэдэг. Хэрвээ энэ маань архи дарс ууж агсагнасан нэгэн байсан бол би лай ланчигаа эдлэх гээд эрүүл ч байх байсан юм бил үү” гэж бодлогоширонгуй өгүүллээ. Тэгж хэлэнгээ харц нь ялимгүй гунигаар дүүрсэн ч хормын дараа сайхан том алаг нүдээрээ инээвхийлэхэд нь сэтгэлийнх нь угт би эдгэрэх байхаа гэсэн найдлагаа огт алдаагүй болохыг нь би олж харах шиг болж аюулт өвчний өмнө өвдөг сөхрөөгүй түүгээр үнэхээр бахархаж билээ. Хүний амьдралын амт гэдэг энэ гэр бүл шиг нэг нэгнээ хайрласан шиг хайрлаж бурханаас заяасан нэг өдрийг ч сэтгэл тайван өнгөрөөж ямар ч бэрхшээлийн өмнө барьц алдахгүй байж сэтгэлээрээ баян байхыг л хэлдэг байхдаа гэж би бодож суулаа.

Бүтэн өдөр шөнө явсан ч би гэдэг хүн тэдний хөгжилтэй ярианд татагдан ер уйдсангүй явсаар зорьсон газраа ирлээ. Амтархан уншиж эхэлсэн номоо ч дахин ер сөхөж хараагүй. Аав, ээж, хүү гурвын нэг нэгнээ гэсэн халуун дулаан сэтгэл дөлгөөхөн аашинд уяран уяран байхдаа хүний амьдралын амт, аз жаргал гэж чухам юу болохыг бага сага ч гэсэн ойлгох шиг болж билээ.

Ямарваа юманд эцэс төгсгөл байдгийг сануулах шиг галт тэрэг Бээжин хотын буудал дээр дохиогоо хангинуулан, уухилан аахилан зогсоход сая л нэг аялал дууссаныг мэдэж яагаад ч юм тэр эерэг мэдрэмж, халуун дулаан сэтгэлийн галаар аян замын туршид намайг харамгүй шагнасан тэр сайхан хүмүүсээс салж явах болсондоо битүүхэн харамсаж билээ. Хөөрхий дөө эгч минь та эдгэнээ буцаад хөлтэй болноо. Бурхан таны зориг тэвчээрийг үнэлж та эдгэрнээ гэж дотроо ерөөсөөр өөрийн мөрийг хөөн одвоо би.

Б.Эрхэмбаяр

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

16 сэтгэгдэл