Ёох амралт!

10:51 PM

Бүхэл зунжин амарч буй хүмүүсийг харж атаархаж явах нээрээ ёстой тамын ажил юмаа. Найз нөхөд хамт ажилладаг хүмүүс тийм ч аялал, рашаан сувилалд явж байна гээд хорхой хүргээд эсвэл ажил тараад зуны халуунд сажилж явтал зам зуурын пабуудын гадаа зассан талбайгаас сайхан хоол хүйтэн шар айраг “нааш ир нааш ир” гэж дуудаад маргааш ажилтайгаа бодоод нүдээ аниж шүлсээ залгин гүрийж өнгөрөх юу нь сайхан байхав дээ. Уг нь төлөвлөсөн ёсоороо 7 дугаар сард Наадам өнгөрөөд амрах бодолтой байсан ч ажил төрлийн боломж гарсангүй ингэс тэгэс хийсээр 8 сар яаж ийгээд л гарчихсан байх юм. Ер нь бодоод байсан чинь би гэдэг хүн хүн болж ажил хөдөлмөрийн захтай золгосноосоо хойш зуны ид сайхан цагаар 7 дугаар сард амарсан удаа ер байхгүй юм байна. Яагаад ч юм бусад хамт ажиллаж буй хүмүүсээс хамгийн сүүлд л зунжингаа тэдний амралтын хугацаанд хийлгүй дутуу үлдээсэн ажлыг амжуулж ар талыг “бат найдвартай” хамгаалж баатарлаг гавьяа байгуулсаар намар болохтой уралдан арай чүү гэж амардаг юм байна. Өөрийгөө уг нь овоо сэргэлэн овсгоотой гэж боддог байсан чинь шал худлаа юм байна гээч. Эсвэл худлаа хэнхэг юм байна л даа. Энэ байгууллага надгүйгээр “хэцүүднэ” гээд бүүр өөрөө өөртөө итгүүлчихсэн юм шиг байгаа юм. Яс юман дээрээ бол өвдөөд юмуу үхээд далд ороод өгөхөөр Эрхэмбаяр гэж хүн огт байгаагүй юм шиг л амьдрал үргэлжилнэ. Зарим нэг цөөхөн хэдэн хүн хөөрхий сайн хүн байсийн гэж ганц хоёр шивэр авир хийгээд л таг мартана шүү дээ намайг.
За юутай ч удаан хүсэн хүлээж мөрөөдсөн зуны амралт маань маргаашнаас эхэлнэ. Хэдэн junior–ууддаа ээж нь хүүхдүүддээ хэд хоног эзгүй байхдаа ингээрэй тэгээрэй гэж захьдаг шиг уртаас урт detailed follow up list гаргаж өгчихөөд одоо юу мартлаа гэж diary book, толгой хоёроо баахан нэгжээд овоо юм үлдээгүй шиг санагдсан тул PC-нийхээ гарыг тачигнуулаад онгодтой нь аргагүй type-лаж суугаа минь энэ.Сар орчмын хугацаанд баахан зүйл амжуулна гээд төлөвлөчихсөн бас болоогүй амжвал халуун орны далайн эрэг дээр ч тухлах бодол байгааг хэлэх үү... Сайхан сайхан ....амралт маргаашаас эхэлнэ.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

6 сэтгэгдэл