Дайны байдалд орсон эх орон минь

11:32 AM

Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулийн үр дүн ихэнх Монголчуудад тэр тусмаа Улаанбаатарчуудад таалагдсангүй. Яг үнэндээ бол би ч гэсэн эрх баригч намыг тийм өндөр хувьтайгаар сонгуульд ялна гэж зүүдлээ ч үгүй. Энэ байдлыг овжноор ашигласан зарим нэгэн улс төрийн хүчин тэр дундаа Ардчилсан намын дарга Элбэгдорж, Иргэний хөдөлгөөний Магнай, Батзандан түүнчлэн Бүгд найрамдах намын дарга Жаргалсайхан нар жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн. Харамсалтай нь энэхүү жагсаал цуглаан эцэстээ жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болон өрнөж эцсийн дүнд жагсагчид Хувьсгалт намын байрыг галдан шатааж, түүний ойролцоо оршдог Соёлын төв өргөөний өргөтгөлд байрлах Монгол улсын филармони, Монголын сонинуудын холбоо, Уран зургийн галарей, Морин хуурийн чуулга, Баян монгол, Соёл-Эрдэнэ зэрэг олон арван байгууллага тэр тусмаа урлаг соёлын байгууллагуудын эд хөрөнгө, урлагийн үнэт өв дурсгалыг эвдлэн сүйтгэх, галдан шатаах, тонон дээрэмдэх зэрлэг балмад ажиллагаа болон үргэлжиллээ. Эцэстээ Ерөнхийлөгчийн зарлигаар улс оронд онц байдал зарлаж сүүлдээ зэрлэг балмад тонуулчид болж хувирсан жагсагчидтай хүчний байгууллагаас явуулсан арга хэмжээний үр дүнд Монгол сайхан эх орны минь нийслэлийн төв хэсэгт шөнөжин буун дуу, түймэрийн утаа уугилсан бидний зөвхөн кинон дээрээс л мэдэх дайн байлдааны аймшигт дүр зураг харагдаж байлаа. Уг нь монголчууд бид Ардчилсан хувьсгалаа хүртэл нэг ч буун дуунгүйгээр хүч хэрэглэлгүйгээр хийсэн бахархамаар уужуу тайван сэтгэлтэй, өгөөмөр нинжин сэтгэлтэй улсууд биш бил үү. Хамгийн аймшигтай нь энэ үйл явдлаас болж хэдэн зуун хүн гэмтэж бэртэн одоогийн байдлаар 4-5 хүн нас барсан мэдээ байна.



Уг нь үзэл бодлоо илэрхийлэх жагсаал цуглаан хийх нь иргэний эрхийн асуудал боловч энэхүү явдлын гол шалтгаан нь авилгал, хээл хахууль, шударга бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн бухимдал, хорсол туйлдаа хүрсэний нэг илрэл гэж би хувьдаа үзэж байна. Үүгээрээ би жагсаал цуглаанаа хуулийн дагуу зохион байгуулж чадаагүй эдгээр улс төрийн хүчнүүд болон зэрлэг балмад авирлан гэмгүй ард иргэдийн эрх чөлөө, эд хөрөнгөнд халдсан хүмүүсийг зөвтгөх бодолгүй байна. Гэхдээ л эх орны минь нийслэлийн гол гудамжуудад автомат буу үүрсэн, хуягт танк агссан цэргүүд зогсож харагдах нь өөрийн эрхгүй би хаана явж байна вэ энэ чинь зүүдүү гэж асуумаар... Монгол эх орон минь, монголчууд минь ийм ч болох гэж дээ гэх харуусах сэтгэл төрсөөр... Уг нь жагсаал зохион байгуулсан сөрөг хүчнийхэн хуулийн дагуу зохион байгуулалттайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн бол олон ард түмний дэмжлэгийг авах байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Харамсалтай нь энэхүү чухал улс төрийн ажиллагаанд хүртэл нөгөө л монголчууд бидний ямар ч зүйл дээр дутагдаад байдаг зохион байгуулалт, эмх цэгц, ёс суртахуун үгүйлэгдэж Хувьсгалт намынханд энэ бол зүгээр л нэг зэрлэг балмад танхай явдал байсан гэж ард иргэдийнхээ тэмцэлийн энэ хэлбэрийг нухчин дарах сайхан өгөөш болгочихлоо.

Одоогийн байдлаар зөвхөн монгол телевизээр л хэтэрхий нэг талыг барьсан мэдээ мэдээллээр монголчууд бид хангагдаж байна. Бусад бүх чөлөөт телевизүүдийг Ерөнхийлөгчийн зарлигаар үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. Ганцхан телевизийн суваг, машин цөөтэй эл хуль гудамж өөрийн эрхгүй хуучин цагийг санагдуулж байна.

Энэхүү үйл явдал нэгэнт дэлхий нийтийн мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан нь тодорхой. Хамтарч ажилладаг хэд хэдэн гадны түншүүд маань өглөөнөөс хойш утасдаж Монголд болж буй энэхүү хурцадмал байдалд харамсаж байгаагаа илэрхийлэхийн хамт бизнесийн байгууллагын хэвийн ажиллагаанд энэхүү явдал ямар нөлөөтэй байгааг сонирхож байлаа. Уг нь монголчууд бид эв найртай, улс төрийн хувьд тогтвортой байх нь нийт монголчууд бидний эрх ашиг, улс орны маань хөгжил цэцэглэлтэд асар их хэрэгтэй билээ. Гадны хөрөнгө оруулагчид түншүүдийн хувьд улс төрийн тогтворгүй байдал гэдэг бол хамгийн их том эрсдэлүүдийн нэг бөгөөд энэхүү нам хүчнүүд, улс төрийнхөн, Монгол Улсыг олигтой удирдаж чадаагүй ард түмний бухимдлыг туйлд нь хүргэсэн эрх баригчдын золиос нь жирийн ард иргэд, хэвийн үйл ажиллагаагаа явуулж буй бизнесийн байгууллага, хувийн хэвшлийнхэн боллоо.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

9 сэтгэгдэл