Хэний мөнгөөр хэнийг.....

5:53 PM

Сонгууль тойрсон хэл ам дуулиан шуугиан ёстой дээд цэгтээ хүрч байна. Орой ганц нэг гайгүй кино эсвэл нэвтрүүлэг үзэх тухай бол бүр ярилтгүй боллоо. Бүх монгол сувгаар сонгуулийн тухай нэг нэгнээ гутаан доромжилсон захиалгат нэвтрүүлгүүд дүүрэн. Сонгуулийн солиорол амлалтууд, хахуулиуд бүр хэний санаанд оромгүй байдлаар хөгжиж МАХ нам Ардчилсан нам 2 сонгуульд ялвал 1000000-1500000 мянган төгрөг хүн бүрт өгөх юм гэнээ. Сонгуульд урьд нь ядарсан ард түмнээ гурил будаа тав арван төгрөгөөр хуурч хахуульдаж өрсөлддөг байсан энэ бүдүүлэг хэлбэр нь бүүр боловсронгуй болж намуудын мөрийн хөтөлбөр нэрийн дор ард түмнийхээ сонголтыг мөнгөөр худалдан авах гэсэн бузар бусармаг арга болтлоо нарийсан хөгжөөд байна. Бүүр сүүлдээ би анх мөнгө өгөхийг санаачилсан бидний санааг хулгайллаа гэж хоорондоо ичих ч үгүй зарга хийж шүүх цагдаа дээрээ ч тулах шиг. Come on ядаж өөрсдөө тэр мөнгийг халааснаасаа гаргаад ард түмэнд өгөх гэж байгаа шиг л аяглах юм. Ер нь хэний мөнгийг хэнд өгөх гээд байгаа юм бэ. Тэгээд ч энэ их мөнгийг Монголын хүн бүрийн тоогоор үржүүлбэл аймаар их бидний хэлж ч мэдэхгүй тоо гарна 2,600,000,000,000 -3,900,000,000,000 төгрөг. Яг үнэндээ бол Монгол улсын маань жилийн төсвийн орлого энэ өгөх гээд байгаа мөнгөнөөс чинь 2 дахин бага байдаг байхгүй юу даа. Дөрөвхөн жилийн дотор 7-8 стратегийн ордыг олборлож тэндээс энэ их мөнгийг хуримтлуулна гэж хэнэг ч үгүй гүрийнэ. За яахав тэдний хэлсэн ёсоор тэгээд эрдэс баялгаа ашиглаад эргэлтэд оруулаад мөнгө олъё гэж бодоход ямар ч эдийн засгийн боловсролгүй зүгээр нэг өрхийн тэргүүн эцэг хүн байлаа гэж бодоход зовж олсон, хуримтлуулсан мөнгөөрөө ядаж нурж унах шахсан байшингаа засаж сэлбэх эсвэл хүүхдүүддээ том LCD дэлгэцтэй TV , өөртөө хөл дүүжлэх эксел авахын оронд бүх хүүхдүүддээ май миний хүү гадуур зугаал яаж ч үрсэн болно гээд өгчихгүй биз дээ. Хүүхдүүд нь ч гэсэн арай ухаалаг бол ааваа бид энэ мөнгийг дэмий юманд үрмээргүй байна та үүний оронд бүгдийн мөнгийг нийлүүлж байгаад энэ муу яйжийж муудсан байшингаа арай дээр болгоход зарцуулбал дээр гэж хэлэх нь дамжиггүй. Харин ядуу монголчуудын дунд ингэж сэтгэх хүн хир олон байгаа бол. Бүгд тэд ч гэсэн идэж байгаа юм чинь бид ч гэсэн эх орны хишгээс хүртэх эрхтэй идэх эрхтэй тэд нар бидэнд мөнгө тараах ёстой гэж өндөр дуугаар ууртайгаар зарлаж байна. Хөөрхий ядуугийн зовлон их. Эдийн засаг санхүүгийн хамгийн энгийн логик бол хуримтлалыг бий болгох, болгосон хуримтлалыг хэрэгтэй зүйлд өөрөөр хэлбэл ирээдүйд ашиг орлогыг чинь нэмэгдүүлэх зүйлд зарцуулах явдал байдгаас биш зүгээр л хэрэгцээгүй зүйлд май май гээд зарлага болгоод шидээд үрээд байх явдал биш шүү дээ. Ингээд бодохоор улс эх орны эдийн засгийг удирдах гартаа авах сонирхол бүхий тэр хүмүүст эх орныг минь илүү их хөгжүүлэх сонирхол өөрөөр хэлбэл ямар ч эдийн засгийн мэдлэггүй нэг өрхийн тэргүүний зүгээр л рефлексээрээ өөртөө тавьчихсан энэ өрх гэрийг би өөд нь татах ёстой гэсэн тийм зорилго байна уу гэдэгт эргэлзмээр. Тэгэхээр хэргийн учир тэр цугларах мөнгөнд байгаа ч юм биш шиг хар төрөөд байгаа юм. Зүгээр л тэд ард түмнийг ядуугаар нь доромжилж цугларсан хөрөнгийг хүн бүрт тарааж буян үйлдэгчийн дүр эсгээд ядуу ард түмнийхээ сонголт хийх эрхийг сая төгрөгөөр худалдаж авах гээд байна. Тэдэнд ийм их мөнгө олох эсэх нь ердөө ч падлийгүй ард түмнийг ядуугаар нь далимдуулж зүгээр л сонгуулийн шоу хийж байгаа нь тэр. 

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

5 сэтгэгдэл