Брюссельд

11:59 PM

Стокгольмоос Брюсcель рүү Арландагаас биш Bromma flygplats-aas / эндээс нисэхэд нислэг нь маш хямдхан юм билээ/ Брюссель рүү нислээ. Нөхрийн маань эгч, нөхрийнхөө хамт онгоцны буудалд гаргаж өглөө. Удаан уулзаагүй тэдэнтэй ердөө орой очиж хоноод л шөнө нэлээн орой болтол суусан боловч ярих зүйл тасрахгүй байсаар хоёр хоног бол үндсэндээ юу ч болсонгүй. Ядахад бүтэн нэг өдрийг ирсэн дээрээ гэсэн шиг дэлгүүр хэссээр байгаад өнгөрүүлснийг хэлэх үү. Урьд Стокгольмд амьдарч байхдаа Монголоос ирсэн хүмүүс өдөржин дэлгүүр хэсэхийг хараад жаахан гайхасхийдэг байсан бол одоо тэдний зовлонг их ойлгох төлөвтэй боллоо. Монголд барууны стандартын бараа сонголт байхгүй дээр нь үнэ хамаагүй ихтэй болохоор ер аялалын маань чухал төлөвлөгөөний нэг хэсэг нь яах аргагүй shopping хийх болчихдог байгаа.

Bromma-гаас жижгэвтэр онгоцноор ердөө 2 цаг гаруй нисээд л Брюссельд буучихлаа. Брюсселийн нисэх онгоцны буудалд ачаагаа аваад цаашлах тусам хамт ирсэн шведүүдийн шведээр ярилцах нь цөөрөн цөөрсөөр .... За дахин баяртай шведүүд, Швед орон минь.

Европийн нийслэл Брюссель

Брюссель бол аялалын маань үндсэн зорилго. Онгоцны буудлаас буудалдаа /Renaissance Brussels/ очиж захиалсан өрөөгөө авлаа. Барьцаа мөнгө гэж мөнгө нэхэхээр нь бэлэн байсан евро хүрдэггүй ам.доллар өгчихсөн чинь буцааж өгөхдөө доллараар биш еврогоор ёстой шулсан ханшаар өгч лав 30 ногоон зөрүүгээр нь шатаачихдаг байгаа. Хөөрхий ногоон мөнгө Европт үнэхээр гадуурхагдах юм даа.

Орой 6 цагт буудлын lobby-д танилцах уулзалттай байсан тул тэр болтол нойр авахаар жаахан хэвтсэн боловч ер нойр хүрсэнгүй Стокгольм, ах дүү нар, найз нөхөд, ялангуяа дүүгээ их санасан байсан тул бүлтийтэл нь орхиод ирсэн санагдаад дотор нэг л гунигтай. Дүү маань оюутан болж очоод нэг их удаагүй байсан тул намайг очсонд маш их баярлаж бараг оровч гаравч дагасаар байсан нь нүдэнд харагдаад л .....

ING банкны зохиож байгаа семинарт ёстой бүх төрлийн race-аас нийт 20 гаруй хүн иржээ. Миний төлөөлж буй ХХБ маань нэг хэсэг ING банкны техник туслалцаагаар тэдний менежерүүдээр удирдуулж байсан тул банкийг маань бүгд мэдэж байлаа. Азиас Солонгосын хөгжлийн банк, Шинхан банкнаас 2 солонгос, хятадаас хэдэн хужаа, нэг индонез залуу тэгээд би. Орос болон CIS-ийн улсуудаас нэлээд хэдэн орсоор ярьдаг хүмүүс ирсэн байлаа. Ер нь бол энэ грүпт би өөрийгөө хамгийн сонин ази ч биш европ ч биш шал эрлийз сэтгэлгээтэй хүн болохоо улам бүр мэдэрч явлаа. Яагаад гэхээр арьс царай зүсний хувьд ази боловч, европт байсных бас оросын нөлөөгөөр ази хүмүүсээс тэс өөр арай нээлттэй байж өөрийгөө арай чөлөөтэй илэрхийлээд байгаа нь зарим хүмүүсийн гайхширлыг төрүүлсэн бололтой. Ямар сайндаа ING банкны нэг эмэгтэй ”Би анх удаа монгол хүнтэй уулзаж байгаа юм. Чамайг хараад монголчуудын талаарх миний төсөөлөл их өөрчлөгдлөө” гэхэв дээ. Та монголчуудыг ямаршуу байдлаар төсөөлж байв гэж янзыг нь үзээд асуусан чинь өөрийн бодлоосоо санаа зовсон байдалтай мушилзаад нэг их тодорхой юм хэлсэнгүйгээр барахгүй зөвхөн нэг нэгнээ бараадаад салдаггүй хэдэн хужаа нар солонгосуудыг ч бас жоохон шоолсон аястай тэдний зүг нүдээрээ дохиод сэмхэнээр энд байгаа ази хүмүүсээс ч бас их өөр юм гэж билээ. Тэрний төсөөлж байсан монгол хүн гэдэг нь бодвол морь унасан улаан хацартай зэрлэгдүү талын монгол хүн байсан бололтой.

ING банк семинарыг их сайхан зохион байгуулж байлаа. Өдөр нь онол, практикийн голдуу trade finance, letter of credit-ийн талаар дэлгэрэнгүй үзээд практик асуудлуудаар маргаан өрнүүлнэ. Бас mature market дээр ажиллаж буй экспортын банкны emerging market дээрх зах зээлээ хэрхэн өргөжүүлэх вэ? гэсэн сэдвээр стратеги төлөвлөгөө боловсруулах асуудал байлаа. ING ийнхэн бас семинарын явцад биднээс хэрэгтэй санаа олж авах гэсэн бололтой учир нь семинарт оролцож буй хүмүүс ихэнх нь emerging market –ийн банкуудаас ирсэн хүмүүс байсан. Манай грүпт хэдэн оросууд нэг бразил, нэг африкийн франц хэлтэй хар залуу. Уг нь асуудал ойлгомжтой байсан боловч эхний хэдэн өдөр орсуудтайгаа хэл амаа ололцохгүй жаахан тиймэрхүү байлаа. Нөгөө муу орос ах нараа “барууныхны нүдээр, сэтгэлгээгээр” хараад сурчихсанаа ойлголоо. Агресив занг нь бүдүүлэг гэж бодоод найр тавиад байсан ажил явах шинжгүй тэгэхээр нь өөрсөд шиг нь агресив болоод үзсэн чинь харин амжилтанд хүрч байна. Бас мартагдах шахсан орос хэлээ жаахан сэргээж орсоор жаахан ярьж үзсэн чинь намайг их хүндлэх болж “Баяр” гээд сүйд болж эхэллээ. Хөөрхий орос занг мартах шахсан байснаа тэгэхэд л ойлголоо. Оросууд бол агресив, жаахан бүдүүлэг ч юм шиг гэсэн цаанаа цайлган ер дажгүй хүмүүс шүү. Харин барууныхан бол ялангуяа шведүүд төвөгтэй улсууд. Худал инээгээд л найр тавиад л дотроо бол чамайг бүдүүлгийг чинь гайхаад л сууж байна. Би эхний үед хэдэн оросуудтайгаа яг л ингэж харьцаад байснаа ойлгосон юм.
Орой болгон төрөл бүрийн soсial event болоод ер програм бүхэлдээ их таалагдаж байлаа.

Бельги шоколадгүйгээр Бельгийг, Брюсселийг төсөөлөх аргагүй. Бельги шоколад яаж хийдэг талаар нэг work shop зохиосон нь их таалагдлаа. Хүүхдүүдтэйгээ гэртээ хар цагаан жигнэж зардаг шоколад аваад амралтын өдрүүдээр хийж туршвал их зугаатай юм шиг санагдсан шүү. Ердөө шоколадаа хайлуулаад төрөл бүрийн хэлбэрт оруулаад жимс самар энэ тэрээр чимэглээд их сайхан. Бид өөрсдөө уран сэтгэмжээрээ төрөл бүрийн шоколад хийгээд тэрийг нь тарахад нь хайрцаглаж өгсөн юм. Харин би буудлын хөргөгчид шоколадаа мартчихсан нэг азгүй зүйл болсон. Ирсэн хойноо бодохоор хэдэн хоног л арааны шүлс асгараад байсан.

Зураг дээр бидний хийсэн шоколадууд. Амт нь ёстой гоё аманд ороод хайлаад л Mmmmmmm

Үргэлжлэл бий....................

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

15 сэтгэгдэл