Шведэд эргэн зочилсон минь

11:14 PM

Энэхүү аян замын тэмдэглэлээ аль хэдэн сарын өмнө Швед, Бельги, Амстердам зэрэг Европийн орнуудад хийсэн хувийн болоод албан аялалынхаа туршид төрсөн сэтгэгдэлүүдээ нэлээн “fresh” байхад бараг ирсэн дороо тэрлэсэн боловч азгүй тохиолдлоор notebook-ээ форматлуулчихсан болохоор блог дээрээ тавьж чадахгүй дахин бичнэ гэхээр “онгодтой” бичсэн хэсгүүдээ яг тэр байдлаар нь гаргах хэцүү санагдсаар хэзээ “muse” дахин орж ирэхийг хүлээсээр өдийг хүрсэн боловч ер нь бичихгүй бол дотор арзаганаад болж өгсөнгүй тул дахин сэргээн та бүхэндээ толилуулж байна.

Шведэд эргэн зочилсон минь

Шведийн Стокгольм хотод гэр бүлийн хамт 6 жил амьдарсны эцэст түүнийг орхин явсанаас хойш анх удаа эргэн зочилж байгаа маань энэ. Уг нь миний аялалын гол зорилго бол Бельги, Амсердамд зохиогдох семинарт оролцох байсан боловч дэлхийн олон орон руу шууд гарцгүй ядуу Монголын маань нөхцөл надад нэг ч удаа болсон ашигтайгаар эргэж хүрэх газраа хэд хоногийн өмнө очиж үнэтэй буудалд хэдэн өдрийн төлбөр хэрэггүй төлж байснаас Стокгольмоор дайрч яваад тэндээ найз нөхөд ах дүүтэйгээ уулзангаа бас буудлын мөнгөө ч хэмнээд зүгээр байсан тул Стокгольмд хоёр хонох завшаан тохиолдсон билээ. Онгоцны цонхоор Стокгольм хотын барааг анх удаа л харж байгаа хүн шиг хирэндээ л сэтгэл догдлон ширтэх миний нүдний өмнүүр тээр доор тарлан алагтсан олон тасархай арлууд дунд мэлтийх их ус, ойчин цойчин булан тохойнууд ихэд сүртэйгээр бараантан жирэлзэх аж. Арланда буюу Стокгольмийн төв нисэх буудалд хөл тавьсан надад хамгийн анх төрсөн таатай мэдрэмж бол сайн чанарын кофений анхилуун үнэр, эргэн тойронд чихэнд наалдацтай нь аргагүй сонсогдох швед хэлээр ярилцах хүмүүсийн яриа байлаа. Гаалийнхантай шведээр ярихад нэг их олон юм асууж шалгаасан ч үгүй ашгүй урьд нь хэдэн жил амьдарч байсан бэ гэсхийгээд нэвтрэх зөвшөөрлөө дараад өгчихлөө.
Хүлээлгийн танхимд миний найз Босни залуу намайг тосож авахаар хүлээж байлаа. Энэхүү цагаан цайлган, хүнд тусархаг босни залуутай Щведэд танилцаж зовлон жаргалаа хуваалцаж бараг ах дүүгээс илүү сайхан найзууд болсон юм. Манай хүн амьдралын хатууг туулсан, биднийг бодоход дайн байлдааны зах зухаас үзсэн гэхэд их зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг залуу. Хатуу амьдрал найзыг минь улам өгөөмөр уужим сэтгэлтэй болгосноос биш хатуу хэрцгий болгосонгүй. Ямар ч байсан тэнд очсон эхний хэдэн жил нүдэнд нь зөвхөн мөнгө л харагддаг зарим нэгэн цагаач Монголчуудтай харьцуулашгүй өөр сэтгэлтэй хүн санагддаг байсан тул гэр бүлээрээ сайхан найзууд болсон билээ. Найз маань нөгөө л сайхан цайлган нүдээрээ инээмсэглэсээр тосон угтлаа. Надаас бараг хагас метр шахам өндөр түүнтэй тэврэлдэх гэтэл их инээдтэй би бараг бүсэлхий хавьд нь л явж байх. Хажуудах хүмүүс харсан бол биднийг шоолж инээдээ барьж чадахгүй писхийтэл инээх байсан биз.
Буудлаас гартал сэнгэнэсэн цэвэр агаар намайг угтан Бээжингээс бараг 11 цаг ниссэн надад алжаалаа тайлахад юутай таатай. Хөдөө талын цэнгэг агаараараа алдартай Монгол хүн би харь газар очоод ингэж цээж тэнийн амьсгалж суухад сэтгэлийн үзүүрт нэг л гунигтай бодол зурсхийгээд өнгөрч билээ. Уг нь арваад жилийн өмнө бол бид Буянт-Ухаадаа буугаад л ингэж нэг цээж тэнийн амьсгалдаг байсансан.
Стокгольмд бүх юм яг л хоёр жилийн өмнө ямар байсан тэр чигээрээ нүдэнд дотно танил газрууд жирэлзэн өнгөрсөөр.... Бороо зөөлөн шиврээд л урьдах зам чийг даан толийж машинаар явахад нөгөө Улаанбаатарынхаа энхэл донхол замаар яваад сурчихсан надад нэг л чимээгүй сонин мэдрэмж төрөөд л .....
Биднийг байх үеийг бодвол цагаачлалын хууль нь арай зөөлөрч олон монголчуудад амьдрах эрх олгосон гээд нэлээд олон хүмүүс house-d амьдардаг болж ер нь хоёрхон жил гэхэд эндхийн монголчуудын ахуй амьдрал чамлахааргүй өөрчлөгдсөн байх юм. Нэг үеэ бодоход монголчууд маань зөвхөн хар ажил биш арай дээгүүр түвшний ажил хийж зарим нь бүр өөрийн бизнесээ эхлүүлж ресторан нээсэн байна. Швед хэлээ нэлээн мартсан биз дээ гэж бодож байсан харин санасныг бодоход гайгүй байна. Эхний хэдэн цаг жаахан гацаж түгдчиж байгаад их хурдан засрах төлөвтэй байлаа. Drottninggatan, Kungsgatan, Hotorget гээд Стокгольмийн төв гудамжаар зугаалж, охиноо тэргэн дээр түрээд, хүүгээ дагуулаад амралтын өдрүүдээр McDonalds, Mongolian Barbeque гэж Стокгольмийн төв гудамжинд байдаг хужаа ресторанд ордог байсан хуучны дурсамжуудаа сэргээж хэсэг алхлаа. Хэдэн жил сурахдаа төгссөн Стокгольмийн их сургууль дээрээ зургаа авахуулаагүй Монголд буцаж ирсэн байсандаа дотроо жаахан гэмших ч юм уу хаашаа юм нэг л сонин байдаг байсных харин одоо тэнд сурч буй дүүтэйгээ уулзах далимдаа “патиараа” татуулж баахан баяслаа.
Үргэлжлэл бий....

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

23 сэтгэгдэл