Цагаан сар ба “цагаан” нулимс

5:00 PM

Цагаан сар, шинийн нэгнээ хэдэнд хийх вэ гэсэн өөр өөрсдийн зохиосон гэх үнэндээ бол хуучны ном зурхайгаас дутуу хагас хуулсан цаг тооны бичгүүдээ зарах сонирхол бүхий зурхайчдын ширүүн маргаан намжиж Монголчууд бид цагаан сараа хотол олноороо хийж дууслаа. Миний хувьд Баабарын бичсэн нийтлэлийг уншаад ерөнхийдөө шинийн нэгнээ Монгол орныхоо цаг агаар байгалийн нөхцөл бүр цаашлаад улс үндэстнийхээ тусгаар тогтнолын билэгдлийг бодсон ч Тэрбишийн буюу Төгсбуянтын зурхайг дагах нь зөв юм гэдэг дээр нэгэнт эргэлзээ арилсан. Тэгээд ч ер нь муу өдөр сайн өдөр гэж юу байсан юм. Тухайн хүн л сайхан өдөр гээд бодчихвол барав.

Бүр жаахан хүүхэд байхад цагаан сар гэж огт мэддэггүй байлаа. Харин “ардчиллын” буянаар бид ёс заншлаа сэргээж дээл өмсөж, хөөрөг хөөрөглөж, ах дүүсээрээ цуглаж цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг болцгоосон.

Миний хувьд урьд цагаан сарыг бөөн гай төвөгт үздэг хүмүүсийн тоонд ордог байлаа. Харин яагаад ч юм энэ жил ах дүүсээрээ золгож айл хэсэж буузаа идэж явах аятайхан ч юм шиг санагдсан шүү. Ажилд дарагдаад уулзалдаж ч чаддаггүй ах дүүстэйгээ уулзаж, хөгшин настай буурлуудтайгаа золгож, үг сургаалийг нь сонсож суухад яагаад ч юм тэртээд хальж одсон эжий, аав, буурай маань санаанд орж үе үе самсай шархирч суулаа. Хацар дээр халамцуухан ахмад хүмүүс шүлсдэж үнсэхэд огтоос дургуй байдаг би гэдэг хүн харин энэ удаа тэгсэнгүй танихгүй шахам ч буурал толгойтой болгонд хацраа өгч явлаа. Нас буянтай буурал хүмүүсийг хараад уяраад л нэг л тийм уян зөөлөн хүн болчихсон байх юм. Хөгширч байгаа юм болов уу ... Бүү мэд юутай ч энэ жилийн цагаан сарыг гэр бүлээрээ ёстой хөдөө хотгүй нижгэр тэмдэглэлээ. Хөдөө Эрдэнэт орж 90 гарсан өвөө, эмээд золгоод хотын утаанаас салж нэг өдөр ч болов цэвэр агаараар амьсгалж тун сайхан байлаа. Хүн болсоор монгол гэрт анх хөл тавьж буй охиныхоо “Энэ айл яагаад ийм ганцхан жижиг дугуй өрөөтэй байгаа юм” гэсэн асуултанд монгол гэр гэж ийм юм байдаг юм гэж тайлбарлаж суухдаа Монгол ахуйгаасаа тэгтлээ тасарсан “үр хойч үеээ” харж анх удаа сэтгэл эмзэглэлээ. Магадгүй би ч гэсэн багадаа бас л ээж аав эмээгээсээ иймэрхүү юм асууж тэд нар минь “Ээ хөөрхий монгол ч хүн бол доо” гэж халагладаг л байсан байх даа. Тийм үе бас хүнд өөрт ирдэг л юм байна.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

7 сэтгэгдэл