Сэтгүүлч Цэнддоод өгөх хариу

5:00 PM

Доорхи бяцхан нийтлэл ч гэмээр юм уу “юмыг” Сэтгүүлч Цэнддоо гуайн Оллоо дээр энэ оны 1 дүгээр сарын 17-ний өдөр оллоо дээр тавьсан фельетоныг уншаад дургүй хүрээд хариу бичээд оллоо руу е-мail-дсэн боловч Оллоо “хөгийн” зайгаа дүүргэж ядсан мэдээлэл зөндөө тавьдаг хирнээ mail-ийг минь авлаа ч гэж хариу бичээгүй бүдүүлэг загнасан юм.
Сэтгүүлч Цэнддоод өгөх хариу
Би уг нь Цэнддоо гуайг их хүндэлж явдаг байлаа. Харин өнөөдөр Оллоо дээр бичсэн “Монгол хүүхнүүд тендерээс жээндэр рүү /феминизмийг алгасч/” гэсэн фельетоныг уншаад Цэнддоо гуайг ямар өчүүхэн бодолтой орчин үеийн соёл иргэншлээс хол тасарсан хүн болохыг нь харж өрөвдөх сэтгэл төрлөө.
Тийм ээ эмэгтэйчүүд бид эрчүүд та нартай барилдаж, уралдаж дайтвал хүчээр дийлэхгүй гэдгээ мэднэ. Энэ бол бурханаас эр, эм хүйстнийг бие махбодийн хувьд ялгавартай төрүүлсний гай. Харин тоо бодож, эрдэм шинжилгээний ажил хийж, ном зохиол бичиж тэр ч бүү хэл сүүлийн үеийн хөгжингүй нийгмийн чиг хандлагаас үзвэл улс төр ярьж, төр түшилцэж уралдвал харин эмэгтэйчүүд эрчүүдээс боломж бололцоог нь олгоод өгчихвөл нэг их дутаад байхааргүй тархи толгойтой төрсөн гэдэг нь батлагдаж эхлээд байгааг олон хөгжилтэй орны жишээн дээрээс харж болно.
Би Швед улсад боловсрол эзэмшсэн эмэгтэй. Зөвхөн тэр улсын жишээнээс харахад парламентийн тал илүү хувийг эмэгтэйчүүд, Засгийн газрын бүрэлдэхүүний буюу сайдуудын бараг тал хувийг эмэгтэй сайдууд эзэлж байна. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхийн тулд эхний үед тэд ч гэсэн квотын системтэй байсан. Тэглээ гээд тэр орон өнөөгийн эрчүүд давамгайлсан Монголын нийгэм шиг авилгал хээл хахуульд идэгдэж хүн ард нь ядуурч сүйрсэн юм алга. Харин ч эсрэгээрээ нийгмийн халамжийн систем хүчтэй хөгжиж өнөөдөр Швед улс жил бүр НҮБ-аас гаргадаг хүний хөгжлийн үзүүлэлтээрээ буюу хүн ард нь амьдран суухад хамгийн таатай хүмүүнлэг нийгэм байгуулсан улс гэдгээрээ дэлхийн улс орнуудыг тэргүүлсээр явна. Энэ жишээг зөвхөн Швед ч биш Норвеги, Финлянд, Дани, Герман гээд олон орны жишээн дээрээс харж болно.
Дэлхий нийт өөрчлөгдөж байна. Хүн эрэгтэй эсвэл эмэгтэй болж төрснөөрөө нийгмээс ялгаварлагдан гадуурхагдах ёсгүй гэдгийг олон улс орон хуульчлаад хуулиа ягштал биелүүлсээр байна. Гэтэл манай улсад үндсэн хуульдаа хүмүүсийг нас хүйсээр нь ялгаварлахгүй гэж заачихсан хирнээ эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсаар, эрхийнхээ төлөө тэмцэж “Эрчүүдээ та нар бидэнд боломж олгооч” гэснийх нь төлөө элэг доог хийж байна. Монголд биеэ, гэрээ засчихсан одоо төр засалцахад бэлэн байгаа олон сайхан мундаг эмэгтэйчүүд бий. Гэтэл тэд нар өнөөдөр эмэгтэй хүнийг миний хоолыг хийгээд хувцасыг угаагаад гэрээ цэвэрлээд хүүхдээ асарч байвал барав гэсэн та нар шиг өчүүхэн бодолтой хоцрогдсон эрчүүд давамгайлсан нийгмийн золиос болж байгаа нь нууц биш юм. Эмэгтэйчүүд биднийг улс төрийн амьдралд хөл тавихад, та нар шиг бүрэн тэгш эрхээ эдлэхэд эхний үед төрөөс зайлшгүй дэмжлэг хэрэгтэй байна. Эцэст нь хэлэхэд эмэгтэйчүүд бид та нараас сэтгэлийн хаттай, шаргуу, шударга, нарийн мэдрэмжтэй, гэр бүл үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага өндөртэй гэх зэрэг байгалиас заяасан олон сайхан давуу талуудтай. Тийм дээ ч бид хүнд хэцүү цагт бэрхшээлтэй тулгармагц архинд орсон олон эрчүүдийн ачааг үр хүүхдүүдийнхээ төлөө үүрч биеэ болон гэрээ зассан. Одоо харин авилгал хээл хахуульд идэгдсэн Монголын нийгмийг цэвэрлэхэд хувь нэмрээ оруулмаар байна. Бидэнд харин хүрд эргүүлэх боломж олгооч!
Б.Эрхэмбаяр
2008 оны 1 дүгээр сарын 18
Улаанбаатар хот

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

9 сэтгэгдэл