Сайн эхнэр болох 10 зарчим

12:48 PM

Доорхийг нэг газраас олж уншлаа. Сонирхолтой санагдлаа. Эрчүүдийн эгоизм дээр нь мэдрэмж муутай гэнэн байдлыг нь хөөрхөн ёжилсон санагдлаа.

Сайн эхнэр болох 10 зарчим

1. Нөхрөө тахин шүтэж амьдар. Нөхөр бол танай айл гэрийн ноён нуруу сүр сүлд, хийморь тул нөхрөө бурханчлан тахин шүтэж далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явбал танайд хэзээ ч хэл ам, хэрүүл тэмцэл ирэхгүй.
2. Нөхрөөсөө илүү цалинтай ажил бүү хий. Эрэгтэй хүн ямагт өөрийгөө эхнэрээсээ , эмэгтэй хүнээс илүү гэж үздэг тул чи нөхрөөсөө илүү гарч өндөр цалин авч эхэлбэл та хоёрын амьдрал дууслаа л гэж мэд. Чи илүү цалин авч түүний ачаанаас хөнгөлөх биш харин ч бүр эсрэгээрээ түүнийг доромжилсон хэрэгт орно. Чиний түүнээс илүү гэж харагдсан юм болгон эрчүүдийн үзэн ядалтыг бүр ихээр төрүүлдэг. Тэд биднийг арчаагүй сул дорой өөрөөсөө хараат байлгах асар их дуртай.
3. Өөрийгөө хэзээ ч бүү гаргуунд нь хая. Чи ухаантай эмэгтэй л бол ядаж өөрийнхөө олсон мөнгөний тэн хагасыг өөртөө зарцуулах хэрэгтэй. Хэзээ ч хөөрхий минь амьдрах гэж зүтгэж байхад нь гангалж мөнгө их зарж дарамт болоод яах вэ гэж бүү нөхрөө өрөвд. Чи яг л нөхөрт гарахаасаа өмнө зоригтойгоор үнэтэй хувцас, будаг шунх авч, гоо сайханд орж массаж хийлгэж өөрийгөө эрхлүүлдэг байсан тэрийгээ хадгалахыг хичээ. Ялангуяа үнэтэй дотуур хувцас авдагаа больж хэзээ ч болохгүй шүү. Өөрийн чинь цалин тэр бүх зардалд хүрэхгүй байсан ч бүү тоо. Нөхрөө хөөргөж байгаад мөнгийг нь чимээгүй сааж сур.
4. Түүнээс мундаг гэдгээ хэзээ ч бүү харуул. Шулуун шударга, мундаг эмэгтэйчүүдэд эрчүүд дургүй байдаг. Яагаад гэвэл тэдэнд арчаагүй сул дорой, хоёр нүүртэй хуурмаг, бүр болохгүй бол нулимсаараа бүхнийг дийлдэг бүсгүйчүүд шулуун шударга гүргэр эмэгтэйгээс илүү ихээр таалагддаг. Энэ бол бас л эр хүний өөрийгөө эмэгтэй хүнээс илүү гэж үздэг эмэгтэйчүүд бидний нөмөр дор амьдрах ёстой гэж үздэг төрөлхийн зөв совинтой нь холбоотой.
5. Нууц амрагтай бол. Нөхрөө араар нь тавьдаг бүсгүйчүүдийг тэр нь хэтрэхгүй л, баригдахгүй л бол нөхөр нь хэзээ ч хаядаггүй. Өөр нэг сайхан залуугаас авсан таашаал та хоёрын сексийн амьдралыг улам сайхан болгож чамайг улам өнгө оруулна. Тэгээд ч нөхөр чинь чамд үнэнч гэсэн үлгэрт хэзээ ч бүү итгэ. Эхнэртэй хүмүүсийн 85 хувь / гэтэл эмэгтэй хүмүүсийн дөнгөж 35 хувь нь / нь ядаж 1 удаа эхнэрээ араар нь тавьдаг гэсэн судалгаа байдаг. Ядаж хэзээ нэгэн цагт чи үхэн үхтэлээ үнэнч байсан байхад нөхөр чинь чамайг араар нь тавьсныг олж сонссоноос чи өөрөө бас хуурч байсан бол чамд ирэх дарамт нь арай хөнгөн байх болно. Бас “ажил ажил” гээд гэрийн бараа хардаггүй нөхрөө хүлээж гансарч, хөгширч сууснаас өөр хүнтэй болзоо хийвэл чи цагийг илүү сонирхолтой өнгөрөөх болно.
6. Гэрийн ажлаа 100 хувь зөвхөн өөрөө хий. Хэдийгээр чамд цаг зав хомс та хоёр өрхийн орлогоо эн тэнцүү бүрдүүлдэг байсан ч бүр чи илүү амжилттай карьер хийж байсан ч нөхрөө гэртээ байхдаа TV үзээд сонин уншаад диван дээр тэрийж хэвтэх цагийг нь хүүхдээ асрах, хоолоо хийх, дэлгүүр явах гэх мэтийн эмэгтэйчүүдийн хувьд чухал тэдний хувьд “хөгийн авгайчуулын” ажилд бүү татан оролцуул. Ямар ч шударга бас дээр нь хуучинсаг биш эрэгтэй хүн эхнэрээ албан ажил дээрээ нэмээд гэрийн ажлыг 100 хувь хийх ёстой л гэж үздэг. Хамтарч гэр орны ажлаа хийнэ гэж өөдрөгөөр бодож байвал тэрэн шиг бүтэхгүй мөрөөдөл хэзээ ч байхгүй. Их сайндаа л сууснаас хойш эхний 5 жил худлаа нэрээ хичээгээд шүд зууж хэсэг яваад л нөхрийн чинь тэвчээр нэг л өдөр “писхийгээд” хагарах болно. Чамайг нэг л өдөр ажилгүй, халамжгүйгээр чинь дуудах болно. Хэдийгээр чи түүнтэй шударгаар л гэр орны ажлаа хувааж хийх гэсэн зарчим хэрэгжүүлэх гэж зүтгэсэн ч бай энэ чинь амжилт яасан ч олохгүй.
7. Нөхрийнхөө ажлыг өөрийнхөөсөө дээгүүр тавь. Нөхрийн чинь ажил чамд уйтгартай, утгагүй цаг дэмий үрсэн, цалин муутай байсан ч чи түүний ажлыг өөрийнхөөсөө нэгдүгээрт тавьж сур. Хүүхэд чинь ханиад хүрсэн гэж үзье тэгвэл чи өнөөдөр ямар чухал уулзалттай байсан ч хамаагүй өөрөө л чөлөө авах тийм өгөөмөр сэтгэлтэй байх хэрэгтэй.
8. Хадмуудаа бас тахин шүт. Хадмууд чинь чамд мулгуу юм шиг санагдаж байсан ч чи нүүрэн дээр нь ухаантай сайхнаар нь шүдээ зуун магтаж сурах хэрэгтэй. Бас дээр нь тэднээс юугаа ч харамлаж болохгүй шүү. Бүүр чи хоолны мөнгөнөөс өөр мөнгө үлдээгүй байхад хэн нэгэн нь гуйвал үг дуугүй май гээд өгөх хэрэгтэй. Эс тэгвэл чи хөгийн харамч амиа бодсон хүн гэж хэлүүлэх болно.
9. Шөнө дунд орж ирсэн ч хаачаад ирэв гэж бүү уурла. Нөхрөө найз нөхөдтэйгээ ажлынхантайгаа гадуур явж байхад нь араас нь бүү утасд. Хэдийгээр чи их согтох вий, эсвэл байхгүйд нь ганцаардаад санаж байсан ч утас руу нь байн байн залгаж огт болохгүй. Гадуур наргиж зүгээр ч үгүй сайхан хүүхнүүд рүү харц чулуудаж суухад нь утасдаж бүү унтууцуул. Бас эрэгтэй хүн эхнэр нь байн байн утасдаад байвал авгайдаа баригдсан амьтан гэж хажууд суугаа хүмүүс нь хэлэх вий гэдгээс үхтэлээ айдаг. Иймд наргиж явахад нь бүү утасд, бүү сана, бүү санаа зов. Тэглээ гээд чи л өөрөө нойроо алдаж хохирохоос биш тэр чамайг санаа тавиад тэгж байна гэж хэзээ ч ойлгохгүй.
10. Нөхрийнхөө сонирхдог зүйл хоббиг бас сонирх. Нөхөр чинь чиний хувьд шал дэмий зүйлд цагаа зарцуулж байсан ч чи түүнийг нь тэвчих л хэрэгтэй. Өдөржин хөл бөмбөг үзэж эсвэл интернэтээр дэмий сэлгүүцэж байсан ч чи сурах хэрэгтэй. Чиний хувьд тэгж дэмий цаг үрж байснаас хүүхдийнхээ болон бас тэрний хувцасыг угаах, индүүдэх гээд өөр чухал ажлаа амжуулах цаг зав гарахгүй байсан ч чи түүнийг дэмий юм сонирхож байна гэж бүү зэмлэ. Харин хамаг ажлаа хаяад хамт хөл бөмбөг үз.

Эцэст нь хэлэхэд чи жендер, эмэгтэйчүүдийн тэгш эрх энэ тэр гэж бүү олон юм ярь зөвхөн нөхрөө шүтэж амьдар тэгвэл чи гэр бүлээ аварна эс тэгвэл чи нөхрөөсөө салах эсэх дээрээ тулаад гансарч суух болно. Эр муу ч эмийн дээр гэдэг үгийг ямагт санаж яв. Эмэгтэй хүн гэдэг эмэгтэй л хүн байдаг. Бие даасан үзэл бодолтой эрчүүдтэй эн тэнцүү байна гэж мөрөөдөх ч хэрэггүй тэгэх л юм бол чи нэг л өдөр харамсахад хүрнэ. Эмэгтэй хүн хүүхдээ нөхрөө аз жаргалтай байлгахын төлөө өөрийгөө золиослох л гэж төрсөн өөр юуны ч төлөө биш.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

12 сэтгэгдэл